Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй

Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны III улирлын ээлжит хурал аравдугаар сарын 8-ны өдөр болж дөрвөн редакцад холбогдох ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх гомдлыг хэлэлцлээ.

 

Eagle.mn болон eguur.mn ёс зүйн зөрчил гаргаагүй

 

Eagle.mn сайтад 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах уу” гэх гарчигтай мэдээлэлд ЛГБТ төв гомдол ирүүлжээ. Тус редакц дээрх мэдээг бэлтгэхдээ нийгэмд оршиж буй хэвшмэл, буруу ойлголтыг улам дэвэргэж, худал мэдээлэл тараасанд гомдолтой байна гэжээ. Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд Eagle.mn ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэлээ. Уг нийтлэлд ямар нэг байдлаар арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан агуулга байхгүй гэж үзлээ. Редакц гомдлын талаар хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Eguur.mn сайтын гомдлын тухайд тус сайтад 2021 оны зургадугаар сарын 26-ны өдөр “УБТЗ ХНН-ийг өөртөө хадгалахаа болино уу, Л.Халтар сайд аа” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэхүү нийтлэлтэй холбогдуулан УБТЗ-ын Хууль зүйн алба гомдол ирүүлж, тус редакц энэхүү мэдээгээрээ ташаа мэдээлэл түгээсэн, байгууллагын болон удирдлагуудын нэр төрд ноцтой халдаж, мэдээллээ үнэнд нийцсэн эсэхийг нягтлалгүйгээр олон нийтэд түгээсэн гэжээ.

 

Редакцын зүгээс гомдолд хариу тайлбар ирүүлсэн байна. Хариу тайлбартаа ёс зүйн ноцтой алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж, “хэн нэгнийг илтэд гүтгэж, нэр хүндэд нь халдсан зүйл огт байхгүй бөгөөд сүүлийн үед вагоны осол олон гарч байхад энэ байгууллага одоог хүртэл дарга, удирдлагагүй байгааг нь шүүмжилж бичсэн” гэжээ.

 

Хороо энэхүү гомдлыг хэлэлцээд eguur.mn сайтын мэдээлэл ёс зүйн зөрчилгүй гэж үзлээ. УБТЗ-тай холбоотой өмнө нь болж байсан үйл явдлууд болон одоогийн байдал, мөн өмнө гарч байсан ослын талаар бичсэн нь ташаа мэдээлэл биш юм. УБТЗ-ын үйл ажиллагааны аливаа доголдол дутагдлыг төрийн дээд шатны байгууллагатай холбон үзэх нь буруу зүйл биш бөгөөд Зам тээврийн сайд Л.Халтарын гэрэл зургийг, мөн өмнө гарч байсан ослын зургийг ашигласан нь Ёс зүйн зарчмын 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй гэж үзлээ.

 

Eguur.mn сайтын энэхүү мэдээллийг нэр бүхий өөр нэг сайт нийтэлсэн бөгөөд УБТЗ уг сайтад бас гомдол гаргасан юм. Уг сайт eguur.mn сайтын мэдээллийг хуулбарлан тавьсандаа уучлал гуйж, уг мэдээлэлдээ залруулга гаргасан юм.

 

Эмэгтэй хүнийг ялгаварласан хандлага гаргахгүй байхыг зөвлөлөө

 

Ёс зүйн хорооны хуралдаанаар нэгэн сайтын фэйсбүүк хуудсаар түгээгдсэн нэгэн мэдээлэлд холбогдох гомдлыг хэлэлцлээ. Энэ оны эхээр тус сайт сошиал хуудсаараа “Эмэгтэйчүүдийг үхтэл нь бамбирдаад хүүхэд гаргуулах хэрэгтэй” гэсэн гарчигтай ярилцлагын промо цацсан нь хүйсээр ялгаварлан гадуурхсан, эмэгтэйчүүдийг дорд үзсэн, доромжилсон үг хэллэг ихээр хэлж буйг олон нийтэд дамжуулснаар эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлагыг улам дэвэргэсэн гэж үзэн иргэн Б.А гомдол ирүүлсэн.

 

Энэхүү сайтын редакц нь ёс зүйн ноцтой алдаа гаргасан боловч алдаагаа тэр дор нь ойлгон, залруулсан тул Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 6.3.2 болон 6.3.4-т заасны дагуу редакцын нэрийг дурдахгүйгээр олон нийтэд зөрчлийг мэдээлж, редакцад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Редакц ирүүлсэн хариу тайлбартаа алдаагаа ухамрсарлаж, тэр даруй залруулсанаа мэдэгдсэн байна. Тус нэвтрүүлгийн сурталчилгааг цацахдаа редакцын сэтгүүлч нь санамсаргүй алдаа гаргаж, УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний нэр хүндэд халдах агуулгыг багтаасанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Мөн уг сурталчилгааны бичлэгийг телевиз болон сайтаараа огт нэвтрүүлээгүй бөгөөд бичлэгийн агуулга тус гишүүний нэр хүндэд халдсан болохыг мэдсэн даруйдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.9-т заасан үүргээ биелүүлж, бичлэг цацагдсанаас 29 минутын дараа фэйсбүүк хуудаснаасаа устгасан гэсэн байна. Редакцын зүгээс уг бичлэгийг татан авч, түгээсэн хувь хүн болон цахим хуудас хөгжүүлэгчидтэй холбогдож устгуулах арга хэмжээг зохион байгуулсаар байгаа гэжээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.