ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ АНХНЫ ГОМДЛОО ХЭЛЭЛЦЛЭЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ АНХНЫ ГОМДЛОО ХЭЛЭЛЦЛЭЭ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн иргэний гомдлыг хэлэлцлээ. Тэрээр 14 хоног тутмын нэгэн сонины 2015 оны №05 дугаарт нийтлэгдсэн “Монголын трансжендерүүд өөрсдийгөө гадаадын гаж донтнуудад хямдхан борлуулж эхэллээ” гарчигтай нийтлэл нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 3.2 дахь заалт болох “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзээд Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргасан юм.

Энэ гомдолд тайлбар өгөх боломжийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тухайн сонинд олгосон боловч татгалзсан байна. Гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин сэтгүүл сайтын ёс зүйн хорооны 2015 оны 7 дугаарын сарын 8-ны хуралдаанаар авч хэлэлцээд уг сонин “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 3.2 дахь заалт болох “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ”, 4 дэх заалт болох “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг тухайн сонинд мэдэгдэж, гаргасан алдаагаа засах зөвлөмжийг хүргүүлэх, уг сонины нэрийг дурдалгүйгээр олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.


СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.