СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТЫН ЁС ЗҮЙН ХОРОО -"ӨДРИЙН СОНИН"-ТОЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГЭЖ ШИЙДЛЭЭ

СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТЫН ЁС ЗҮЙН ХОРОО -

 Улаанбаатар хот                                                                                                       2018.09.20

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын /ССС/ Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр болж, таван гомдол хэлэлцлээ. Үүний хоёр нь нэг өдөр тутмын сонины редакцийн нийтлэлтэй холбоотой байсан бол үлдсэн гурав нь 10 гаруй сайтын нийтлэлтэй холбоотой байлаа.

-Иргэн Н.Золжаргалаас “Өдрийн сонин”-ы 2017 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 257 (5824) дугаарт нийтлэгдсэн “Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Э.Батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлыг шалгаж эхэллээ” болон 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 018 (5861) дугаарт нийтлэгдсэн “Монгол банкны Н.Золжаргал болсон үйл явдлыг мэдээлсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгчээ” нийтлэлтэй холбоотой ирүүлсэн гомдлыг хоёр ч удаа өмнө нь хэлэлцэхийг хойшлуулж байсан юм. Иргэн Н.Золжаргал нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хэт нэг талыг барьсан, тэнцвэргүй, шалгаж нягтлаагүй, илт худал мэдээллийг улс орон даяар цацсан гэж гомдол гаргажээ.

Эхний буюу “Н.Золжаргалыг баривчилж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Э.Батшугар болон Монголын томоохон хоёр банкны захирлыг шалгаж эхэллээ” нийтлэлийг “Өдрийн сонин” бэлтгэхдээ мэдээллийг нягтлан шалгаж, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, таамаглаж байна гэдгээ дурдаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2-ыг зөрчсөн гэж үзлээ.

Харин хоёр дахь буюу “Монгол банкны Н.Золжаргал болсон үйл явдлыг мэдээлсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгчээ” нийтлэл нь өмнөх нийтлэлийнхээ мэдээллийг тайлбарлаж, болсон байдлыг мэдээлснээс өөр нэмэлт мэдээлэл байхгүй байна гэж үзэж “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

-Дараагийн гомдол мөн “Өдрийн сонин”-д хаяглагдсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гомдол ирүүлжээ. “Өдрийн сонин”-ы 2018 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 107 (5950) дугаарын 7-р нүүрт нийтлэгдсэн “Төсвийн мөнгөөр эко самбар авч агаарын бохирдлыг арилгана гэв үү?” гарчигтай нийтлэлд “Агаарын бохирдлыг бууруулах “Эко самбар, эко зогсоол” төслийг хэрэгжүүлэхэд лобби хийж яваа “Хөх Монгол Констракшн” компанийн ард Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр бий, энэ компанийн төслийг зүтгүүлж буй...ийм аргаар мөнгө иддэг”...гэх мэтээр ор үндэсгүй гүтгэж, гүжирдсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж гомдол гаргагч үзжээ.

Харин Ёс зүйн хороо энэ гомдлыг “Өдрийн сонин”-ы редакциас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч үзэж хэлэлцээд энэ нийтлэл нь “Эко самбар, эко зогсоол” төслийн талаар сонордуулсан, сэрэмжилсэн, таамаг дэвшүүлсэн мэдээллийг агуулсан, редакцийн өөрийнх нь бэлтгэсэн мэдээ бус төлбөртэй нийтлэл байсан тул “төлбөртэй” гэдгийг уншигчдад ойлгогдохоор харуулаагүй алдаа гаргасан байна гэж үзэж “Өдрийн сонин”-ыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 9-ийг зөрчсөн байна гэж үзлээ.

-Хурлаар хэлэлцсэн гурав дахь гомдлыг Монгол Улсад амьдардаг Япон улсын иргэн Кикүчи Эрикагаас ирүүлсэн.

Мэдээллийн miss.mn мэдээллийн сайтын “Монгол нөхөртэй Япон бүсгүй Кикүчи Эрика: Жаахан царай, амт муутай болохоос биш бууз, цуйван хийчихнэ ээ” гэсэн нийтлэлд өмнө нь “Зууны мэдээ” сонинд өгч байсан түүний ярилцлагын зураг, агуулгыг өөрчлөн, үнэнд үл нийцэх худал мэдээллийг олон нийтэд түгээж, өөрийнх нь талаар олон нийтэд буруу ойлголт өгч Монгол хүмүүсийн дургүйцлийг хүргэх, Монголд ажиллаж, амьдрах боломжийг нь алдагдуулахад хүргэсэн” гэсэн гомдлыг гаргасан юм.

Энэ нийтлэл нь бусад хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийг авч зохиомжлон бичихдээ гомдол гаргагчаас зөвшөөрөл аваагүй, ярилцлага хийгээгүй байж түүнийг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц байдлаар илэрхийлсэн, гомдол гаргагчид хүнлэг хандаагүй, мэдээллийг шударга аргаар олж аваагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, miss.mn сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1, 2-ыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. Хэдийгээр тус сайтын редакциас “уг мэдээллийг цахим сүлжээнээс эх сурвалж болгон нийтлэхдээ үнэн зөвийг шалгалгүй нийтэлж иргэн Кикүчи Эрикагийн нэр хүндэд сэв суулгасандаа албан ёсны залруулга гаргаж, хүлцэл өчиж байна” гэсэн хариу ирүүлсэн боловч залруулгаа гаргаагүй юм.

-Дөрөв дэх гомдлыг “Оюуны Ундраа групп” ХХК хэд хэдэн хэвлэлийн газарт хаяглан ирүүлжээ. Тухайлбал, “Өдрийн сонин”, tatarnews.mn, shuud.mn мэдээллийн сайтуудад хаяглан ирүүлсэн гомдолдоо “нийгмийн уур амьсгалыг тус компанийн эсрэг зориуд, санаатайгаар хандуулах гэж өдөөн турхирсан, бусдын захиалгаар бичсэн, тус компанийн эрх ашиг, үүсгэн байгуулагч С.Амарсайхан нарын нэр төр, алдар хүндэд халдан гүтгэсэн” гэсэн байна. Ёс зүйн хороо энэ гомдлыг редакциудаас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч хэлэлцэж, гомдол гаргагчийн гаргасан үндэслэлийн дагуу нягталж үзээд нийтлэл бүрээр дүгнэлт гаргалаа.

“Өдрийн сонин”-ы 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 073 (5916) дугаарын 3-р нүүрт болон 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр dnn.mn сайтад нийтлэгдсэн “Зайсангийн зүүн сугыг гижигдэх нь гэмт хэрэг мөн” гарчигтай нийтлэл нь тодорхой баримтад тулгуурлан “хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой” гэсэн үзэл бодлыг илэрхийлсэн, “баримт, үзэл бодол” гэдгээ тодруулсан, гүтгэлэг, доромжлолын шинжтэй болон хувийн нууцад халдсан үг хэллэг агуулаагүй байна гэж дүгнэж, “Өдрийн сонин”-ы редакцийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзлээ.

Харин tatarnews.mn сайт нь 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн “Хотыг холгогч С.Амарсайханы шуналын золиосонд Зайсан толгой, Хатан Туул өртсөөр” гарчигтай нийтлэлээ бичихдээ баримтжуулж болох мэдээллийг нягтлаагүй, эх сурвалжаар баталгаажуулаагүй байсан бөгөөд харин гүтгэлэг, доромжлолын шинжтэй болон хувийн нууцад халдсан үг хэллэг агуулаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, tatarnews.mn сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2-ыг зөрчсөн байна гэж үзлээ.          

Түүнчлэн shuud.mn сайт нь 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн “Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар суух уу” гарчигтай нийтлэлээ бичихдээ бусад хэвлэлээс эшлэл болгон авсан баримтжуулж болох мэдээллийг нягтлаагүй, бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, өөрийн эх сурвалж байхгүй, “Ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж.” гэх доромж үг хэрэглэсэн, гэхдээ хувийн нууцад халдсан үг хэллэг агуулаагүй байна гэж Ёс зүйн хороо дүгнэж, shuud.mn сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2, 5-р заалтуудыг зөрчсөн гэж үзлээ.

Тайлбар:                 

-Иргэн С.Амарсайханы 2017 оны есдүгээр сард НИТХ-ын даргаар сонгогдсон. Даргаар сонгогдохоос өмнө болон дараа нь хэвлэл мэдээллээр түүний талаар олон мэдээлэл гарсаар байгаа. ХМЗ-д ирүүлсэн иргэн С.Амарсайханы гомдол гаргасан гурван нийтлэл нь түүнийг нийслэл Улаанбаатар хотын Зайсангийн аманд хууль бусаар газар авсан тухай өгүүлсэн. “Өдрийн сонин”-ы нийтлэл нь 2018 оны дөрөвдүгээр 6-ны өдөр, харин tatarnews.mn, shuud.mn сайтад гарсан нийтлэлүүд нэг өдөр буюу 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр зэрэг гарсан. Хэдийгээр эдгээр нийтлэл С.Амарсайхан болон түүний ах дүү нарын бизнес хууль зөрчсөн байх магадлалтай гэсэн нотлогдоогүй мэдээллийг өгсөн боловч эдгээр нийтлэл нь түүний хашиж буй улс төрийн албан тушаалын өрсөлдөөнтэй холбоотой гэж хардаж болохоор байгаа юм.

Албан тушаал, улс төрийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнд улстөрчид хэвлэл мэдээллийг ашиглах тохиолдол гардаг. Сэтгүүлчид үүнд санамсаргүйгээр татагдан орохгүйн тулд мэргэжлийн түвшинд ажиллаж, ёс зүйн зарчмаа баримтлах нь нэр төрөө цэвэр байлгах ганц боломж юм.

-Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн dorgio.mn, tac.mn, bolod.mn сайтуудад 2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Ерөнхий Сайд аа Стандарт хэмжилзүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц” нийтлэлд хаяглан ирүүлсэн гомдлыг мөн хэлэлцлээ. Дээрх нэр бүхий сайтыг баримт нотолгоогүй, гүжирдсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд тарааж, тус газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж гомдол гаргагч үзсэн байна.

Ёс зүйн хороо энэ гомдлыг редакциудаас ирүүлсэн хариу тайлбарын хамт авч хэлэлцэж, гомдол гаргагчийн гаргасан үндэслэлийн дагуу нягталж үзээд dorgio.mn сайт нь мэдээллээ баримтаар болон олон эх сурвалжаар баталгаажуулсан, буруутгагдсан Стандарт, хэмжил зүйн газарт тайлбар өгөх боломж олгосон, харин tac.mn, bolod.mn сайт нь эх сурвалжаа тодорхой дурдаж, мэдээллийг баталгаажуулсан байна гэж дүгнэж, эдгээр сайт Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Тайлбар:

-Төрийн байгууллагын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна уу, төсвийн хөрөнгө зохих зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдгийг сурвалжлан олон нийтэд мэдээлэх нь сэтгүүлчийн ажил. Энэ дагуу Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны талаар сэтгүүлч сурвалжилжээ. Сурвалжлахад тус газрын дарга Г.Гантөмөр хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн байсныг баримтаар гарган тавьсан. Тухайлбал, албан хэрэгцээнд унах ёстой машинаа хувийн зорилгод ашигласан, Монгол улсад мөрдөгдөж буй стандартуудын эмхэтгэсэн номыг төсвийн мөнгөөр хэвлэсэн ч ном борлуулсан орлого нь Стандарт, хэмжил зүйн газрын данс руу ороогүйг сэтгүүлч өөрөө ном худалдан авч нотолсон байсан.

Энэ сурвалжлагыг dorgio.mn сайтын сэтгүүлч бэлтгэсэн боловч уг сурвалжлагыг tac.mn, bolod.mn сайтууд эх сурвалжийг тавин давхар нийтэлсэн.

Гомдол хэлэлцэхэд түгээмэл тохиолдож байгаа асуудлуудыг анхааруулах нь зүйтэй хэмээн ССС-ийн Ёс зүйн хороо үзлээ

Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороонд ирсэн гомдлыг хэлэлцэх явцад түгээмэл тохиолдож байгаа зарим буруу ойлголтын талаар нийт хэвлэлийнхэнд анхааруулах нь зүйтэй гэж есдүгээр сарын 12-ны хурлаараа шийдлээ. Тухайлбал,

-Бусад редакцийн бэлтгэсэн мэдээллийг эх сурвалжийг нь дурдан шууд хуулбарладаг, нийтлэлдээ бусад хэвлэлээс эшлэл авснаа эх сурвалж болгон дурддаггүй нь түгээмэл байгаа нь баталгаатай эх сурвалжтай байх гэсэн мэргэжлийн үндсэн шаардлагыг хангахгүй байгааг Ёс зүйн хороо онцлон тэмдэглэж байна.

-Түүнчлэн зарим редакциас хариу тайлбартаа “гомдол гаргагчаас хүлцэл өчиж байна, залруулга гаргана” гэдэг ч түүнийгээ хэвлэн нийтлэхгүй байх явдал нэлээдгүй гарч байна. Залруулга гаргана гэсэн амлалтыг зөвхөн Ёс зүйн хороонд ирүүлснээр тухайн редакц алдаагаа ойлгож, засч байна гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.9-д “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна” гэснийг баримталж уншигч, олон нийтэд харагдахуйцаар залруулгыг нийтлэх ёстой гэдгийг Ёс зүйн хорооноос анхаарууллаа.

Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.