“Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” редакторуудын зөвлөлдөх уулзалт боллоо

“Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” редакторуудын зөвлөлдөх уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр зохион байгууллаа.

 

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр болсон зөвлөлдөх уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, редакторуудаас гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Нээлттэй нийгэм форум, СУИС-ийн РТМУС-ийн төлөөлөл оролцсон юм. 

 

 

Энэ үеэр криминологич, доктор, дэд профессор Б.Батзориг “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэргэжлийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулж,  хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой олон улсын пактууд, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхүүд, тэдгээрийг хязгаарлаж болох уу, Эрүүгийн хуулийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зохицуулалт, хуулийн заалтууд, тэдгээрийн хэрэгжилт, хэвлэн нийтлэх эрх ба эрүүгийн процессын талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, Эрүүгийн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халтай 13.5, 13.8, 13.14, 14.3, 14.8, 16.9, 17.6, 18.2, 18.11, 21.2, 21.6, 23.7, хэвлэн нийтлэх эрхэд халтай 14.1, 14.4, 14.5, 14.9, 21.2, 24.1, 24.4 зэрэг хэд хэдэн хуулийн хязгаарлалтууд байгаа ч мэргэжлийн ёс зүйгээ баримталж чадвал тэдгээрээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг онцоллоо. 

 

 

Мөн analytic.mn сайтын эрхлэгч, ХМЗ-ийн Хараат бус зөвлөл Д.Нарантуяа “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа: Ёс зүй ба санхүүжилт” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Илтгэлдээ сэтгүүл зүйн хөгжлийн үе шат, сэтгүүл зүйд тулгарч буй сорилтууд, сэтгүүлч гэж хэн бэ, салбараа хэрхэн цэгцлэх, яагаад мэргэжлийн бус байгаа талаар үзэл бодлоо хуваалцлаа. Түүнчлэн мэдээний үнэ цэн буурч, олон нийтийн итгэл буурч байгаа, салбартаа нөлөөлөх, манлайлал үзүүлэх том редакцын тоо цөөрсөн, чанаргүй, жижиг редакцын тоо нэмэгдсэн, контентын чанаргүй байдал, зар сурталчилгаа сошиал платформруу шилжсэн, санхүүжилт зэрэг асуудлууд байгааг дурдсан юм. Мөн мэргэжлийн байх, баримттай мэдээлэх, бодитой байх, эх сурвалжид суурилах, хүнлэг байх, хүндэтгэлтэй байх, нягт нямбай байх, нэг талыг барихгүй байх зэрэг ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллах нь хэвлэл мэдээллийн салбарын нэр хүнд, олон нийтийн итгэлийг олоход тусална гэв.

 

 

Уулзалтын төгсгөлд оролцогчид үндсэн сэдэв болох “Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хуулиар хориглож болох уу” гэсэн агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцож, мэргэжлийн ёс зүйгээ дагаж мөрдөхөөс гадна хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг илүү бэхжүүлэх, тогтвортой байлгах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

                               

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.