Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая! сэтгүүлчдэд илгээх захиа

Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая! сэтгүүлчдэд илгээх захиа

Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе!

 

Энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид маш чухал үйл явдлын өмнө тэмдэглэж буйгаараа онцлогтой. Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх ээлжит сонгууль тохиож буй энэ цаг үед хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байж, уншигч, сонсогч, үзэгчдэдээ бодитой, найдвартай, олон ургальч, тэгш оролцоог хангасан, тэнцвэртэй мэдээллийг хүргэх нь сэтгүүлч бидний мэргэжлийн ёс зүйн үндсэн шаардлага билээ.

 

Нөгөө талаар сэтгүүлчдэд учирч буй төрөл бүрийн аюул заналын тохиолдол нэмэгдэж, сэтгүүл зүйн үйл ажиллагааг зүй бусаар хязгаарлах хууль, эрх зүйн зохицуулалт хүрээгээ тэлэн, мэдээллийн ил тод бус байдал бодитой оршсоор буйг дуугүй өнгөрч болохгүй. Иймд бид сэтгүүл зүйн эгэх хариуцлагаа илүү бодитоор хэрэгжүүлж, ёс зүйн мөрдлөгөө мэргэжлийн ур чадвартай хослуулснаар олон нийтийн итгэлийг олж авах, улмаар тэдний дэмжлэг, оролцоо бүхий сэтгүүл зүйг эрхлэх боломж бүрдэх юм. Ийнхүү ажилласнаар мэргэжлийн нэр хүнд, итгэл үнэмшлээ хамгаалан, тогтвортой хөгжлийг бататгана.

 

Сэтгүүл зүйн бүтээлдээ бодитой байх, баримттай мэдээлэх, хүнлэг байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй, жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй байх гэсэн ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ чанд мөрдөж хэвших нь нэн тэргүүний алхам билээ.

 

Иймд хэвлэл мэдээллийн салбар дахь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны үнэт зүйл, ёс зүйн мөрдлөг, зарчимдаа үнэнч байж, үлгэрлэн манлайлахын төлөө “Ёс зүйг хамтдаа амлая!” уриалгад ТАНЫГ нэгдэхийг уриалж байна.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

 2024 оны 5 дугаар сарын 02 

Улаанбаатар хот

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.