Түгээмэл асуулт хариулт

ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЯАГААД ЯРИГДАХ ВЭ?

Мэдээллийн технологи, интернэтийн хөгжлөөс шалтгаалан дэлхий даяар хүмүүс асар их мэдээллийн давалгаанд өртөж байна. Гэвч бүх мэдээлэл дандаа байдаггүй. Буруу ташаа, гуйвуулсан, хуурамч төдийгүй бусдын эрх ашигт халдсан мэдээллүүд байж болзошгүй. Ийм мэдээ, мэдээлэл нь хүмүүсийг төөрөгдүүлж, нийгэмд ихээхэн хохирол учруулдаг. Ийм тохиолдолд сэтгүүлчид хүний эрхийг хүндэтгэж, нэр хүнд хувийн нууцыг хамгаалах талаар онцгой анхаарч, мэргэжлийн түвшинд ёс зүйтэй ажиллах нь чухал юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ ЮУГ АГУУЛДАГ ВЭ?

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь нэн тэргүүнд “Үнэнийг эрэлхийлж, түүнийг баталгаажуулах” буюу эх сурвалжаа нягтлах, мушгин гуйвуулахгүй байх, бүхий л үзэл бодол, дуу хоолойд тэгш хандах, баримтад түшиглэхийг заадаг.

Нийтэлж, нэвтрүүлж буй мэдээлэл нь хувь хүн бүрийн нууц, оршин байхуйг хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхалтаас ангид, “гэм хорыг багасгасан” агуулгатай байна.

Түүнчлэн дуулиан шуугианд хөтлөгдөхгүй, “элдэв доромжлол, гүтгэлгээс ангид”, мэргэжлийн давуу байдлаа урвуулалгүй, алдаа гаргасан тохиолдолд засаж залруулан “хариуцлагатай байх”-ыг тусгасан байдаг.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь иргэд, байгууллагаас сонин, сэтгүүл, сайт, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын түгээсэн сэтгүүл зүйн бүтээл Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэхтэй холбоотой гомдлыг хүлээж авдаг.

Гомдлыг ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо болон Радио, телевиз, сайтын Ёс зүйн хороо нь улирал тутамд хуралдан шийдвэрлэх бөгөөд Гомдол хүлээн авах, барагдуулах журмыг баримтлан ажилладаг.

Түүнчлэн хараат бус, хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор иргэд, төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтнүүдэд хандсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажилладаг.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД ХЭРХЭН ГОМДОЛ ГАРГАХ ВЭ?

Сонин, сэтгүүл, цахим сайт, телевиз, радио зэрэг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагаас олон нийтэд зориулан түгээсэн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ зэрэг нь ёс зүйгүй байна гэж Иргэн үзвэл Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан гомдол гаргах боломжтой. Ингэхдээ дараах зааврын дагуу гомдлоо гаргана.

2015 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-д тусгасан алдаа зөрчлийг тухайн хэвлэл мэдээллээр түгээсэн мэдээ, мэдээлэлд байна гэж үзвэл гомдлыг үндэслэлтэй гэнэ. /Дээрх зарчимд агуулагдаагүй асуудлаар гаргасан гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөл хэлэлцдэггүй/

Гомдол гаргахдаа https://www.mediacouncil.mn/complain/new холбоосоор хандан цахимаар гомдлоо гаргах боломжтой. Мөн Ажлын албаны 7000-0160 утсанд хандах болон биеэр ирж гомдол гаргаж болно.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭДЭГ ВЭ?

Гомдол нь ХМЗ-ийн гомдол барагдуулах журмаар тодорхойлсон эрх хэмжээний асуудал мөн эсэхийг Ажлын алба нягтлан шалгана.

Гомдлыг хэлэлцэхээс өмнө тухайн гомдолд хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэж, хариу тайлбар хийх боломж олгоно. Хэрэв тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс гомдлыг сайн дураар шийдвэрлэх санал гаргасан, алдаагаа ойлгоод уучлал хүссэн, түүнийг нь гомдол гаргагч хангалттай гэж үзвэл гомдлыг хааж, алдаагаа залруулсан гэдгийг олон нийтэд мэдэгддэг.

Ёс зүйн хороод хаалттай хуралдаж, иргэнээс ирүүлсэн гомдлыг хэлэлцээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн эсвэл зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргаж олон нийтэд мэдээлдэг.

ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭСНИЙ ДАРАА ЮУ БОЛДОГ ВЭ?

Ёс зүйн хорооноос гарсан дүгнэлтийг ХМЗ-ийн веб сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлана. Мөн гомдол гаргагч болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад шийдвэр, дүгнэлтээ ажлын 5 хоногт багтаан хүргүүлдэг.

Ёс зүйн хороо нь хэвлэл мэдээллийн байгууллагад хууль ёсны ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд мөн гомдол гаргагчид ч онцгой эрх олгодоггүй. Харин алдаа, зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад алдаагаа залруулах боломжийг олон нийтэд ил тод хандах замаар олгодог.