Гомдол хүлээн авах, барагдуулах журам

ХМЗ НҮТББ-ын Удирдах Зөвлөлийн хурлын 2015 оны

                                  хоёрдугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ, БАРАГДУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээл “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээд Хэвлэл мэдээллийн зөвлөлд \цаашид зөвлөл гэнэ\ гомдол \цаашид гомдол гэнэ\ гаргаж болно.

1.2 Зөвлөл нь зөвхөн хэвлэмэл болон онлайн хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчийн бэлтгэж түгээсэн аливаа сэтгүүл зүйн бүтээл болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны сошиал хуудсаар түгээгдсэн аливаа сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг авч хэлэлцэнэ.

1.3 Зөвлөлд ирүүлсэн нийт гомдол, Ёс зүйн хороодын /цаашид хороо гэх/ хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргасан гомдлын статистик мэдээллийг улирал тутам олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

Хоёр. Гомдол хүлээж авах

2.1 Гомдол ирүүлсэн өдрөөс өмнөх 90-ээс дээшгүй хоногт нийтлэгдэж, нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг өргөдөл, бичгийн хэлбэрээр хүлээж авна.

2.2 Гомдлын өргөдөлд дараах материалыг заавал хавсаргасан байна. Үүнд: 

 2.2.1 Огноо, цаг хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

 2.2.2 Гомдол гаргаж байгаа үндэслэл, шалтгаан, тайлбар

 2.2.3 Зөрчсөн гэж үзсэн ёс зүйн зарчмын заалт

 2.2.4 Хэвлэмэл хэвлэлийн хувьд тухайн материал нийтлэгдсэн огноо, цаг хугацаа харагдахуйц эх хувь

 2.2.5 Сайтын хувьд тухайн мэдээлэл гарсан хуудас \screenshot\, линкийг хавсаргах

 2.2.6 Радио, телевизийн хувьд тухайн радио, телевизийн нэр, лого, нэвтрүүлгийн нэр, эфирт цацагдсан цаг хугацаа, видео болон аудио хуулбар

2.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, зар сурталчилгаатай холбоотой, түүнчлэн сэтгүүлчийн мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал зэрэг хувь хүний шинжтэй, ерөнхий агуулгатай, тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй.

2.4 Хэвлэл мэдээллийн зөвлөл нэрээ нууцалсан гомдлыг хүлээн авахгүй.

2.5 Гомдол гаргагч нэрээ нууцлахыг хүссэн тохиолдолд гомдлыг хэлэлцэх үйл явцад хүсэлтийг харгалзаж үзнэ.

Гурав. Гомдлыг хянаж үзэх

3.1 Гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба \цаашид ажлын алба гэнэ\ хүлээн авч бүртгэнэ.

3.2 Энэ журмын 2.3 дахь заалтад заасан ёс зүйн асуудалд үл хамаарах гомдлын хариу тайлбарыг Ажлын албанаас бичгээр хүргүүлнэ. 

3.3 Энэ журмын 3.2 дахь заалтад заасан тохиолдолд тайлбарыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор дахин гомдол гаргах эрхтэй.

3.4 Гомдол гаргагч Зөвлөлд хандан гомдол гаргахдаа эсхүл гаргасныхаа дараа хорооны хуралдаанаас өмнө тухайн асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдолд гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж болно. Ингэж хойшлуулсан тохиолдолд анхан шатны шүүх хурлын эсхүл цагдаагийн байгууллагаас зөрчлийг хянан шийдвэрлэсний дараа гомдлыг хэлэлцэнэ.

3.5 ХМЗ нь гомдол хаяглагдсан этгээдэд гомдол ирсэн талаарх мэдээллийг хүргэнэ. ХМБ-ууд нь энэ тухайд бичгээр хариу тайлбар өгнө. Мэдээлэл хүргүүлснээс хойш хариу тайлбар өгөх хугацаа Улаанбаатарт ажлын 10 хоног, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд ажлын 15 хоног байна. 

Дөрөв. Хороодын хуралдаанд бэлтгэх

4.1 Ажлын алба нь Зөвлөл (хороо) шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг бэлтгэнэ. 

4.2 Хэрэв гомдол гаргагч өргөдлөө эргүүлэн татсан бол гомдлыг барагдуулсанд тооцно.

4.3 Хорооны гишүүдтэй ярилцсаны үндсэн дээр тухайн жилийн хуралдааны товыг жилийн эхэнд товлоно. Шаардлагатай тохиолдолд төлөвлөсөн хуралдааны товыг өөрчилж болно.

4.4 Ээлжит бус хуралдаан хийх эсэхийг Ёс зүйн хорооны дарга Ажлын албатай зөвшилцөж шийднэ.

4.5 Ажлын алба нь хороодын хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцаж,  хангана. Үүнд:

 4.5.1 Ажлын алба нь гомдол, гомдол гаргасан материал, хариу тайлбар, бусад баримт мэдээллүүдийг хурал болохоос ажлын гурав хоногийн өмнө хорооны гишүүдэд хүргэх үүрэгтэй.

 4.5.2 Хуралдааны байр, шаардлагатай техник хэрэгсэл, баримт бичгийг урьдчилан бэлтгэнэ.

4.6 Гишүүд хуралдаанд өөрийн биеэр оролцох үүрэгтэй. Зөвхөн орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд хүндэтгэх шалтгаанаар хуралдаан болохоос өмнө бичгээр эсвэл хуралдаан болж байх үед утсаар санал өгөх нь зөвшөөрөгдөнө.

4.7 Гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад харъяалагдах гишүүн өөрийнх нь байгууллагатай холбоотой гомдлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.

4.8 Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гишүүнийг хуралдаанд оролцуулахаас татгалзах хүсэлтийг бусад гишүүд тавьж болно. Энэ тохиолдолд тухайн гишүүний хуралд оролцуулах эсэх асуудлыг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9 Ямар ч тохиолдолд хорооны хуралдааныг зөвхөн хаалттай хийнэ.

Тав. Хорооны хуралдаан

5.1 Хорооны хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй үед хийнэ.

​​​​​​​5.2 Хуралдааныг хорооны дарга, түүний эзгүйд хорооны даргын орлогч удирдана. Харин хорооны дарга, орлогч даргын аль аль нь эзгүйд хуралдаан даргалагчаар хорооны дарга аль нэгэн гишүүнийг санал болгож, хуралдаанд ирсэн гишүүдийн олонхийн шийдвэрээр батална.

​​​​​​​5.3 Хурлаар тухайн гомдлыг нягталж, хэлэлцэх эсэхийг шийднэ.

​​​​​​​5.4 Хорооны гишүүд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хүрээнд гомдол, түүнийг дагалдах баримт бичгийг нэг бүрчлэн нягтлан хэлэлцэж, дүгнэлт гаргана. Дүгнэлт гаргахдаа редакцаас уг гомдлын талаар ирүүлсэн хариу тайлбарыг харгалзан үзнэ.​​​​​​​

5.5 Тухайн гомдол үндэслэлтэй эсэх, сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх, дүгнэлтийнхээ үндэслэлийн талаарх санал бодлоо гишүүд нэг удаадаа дөрвөн минутаас хэтрэхгүй хугацаанд товч, тодорхой илэрхийлнэ.

​​​​​​​5.6 Хуралдаанд хөндлөнгийн, хараат бус судлаач, мэргэжилтнийг урьж, гишүүд хэвлэл мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн асуудлаар зөвлөгөө авч, саналыг нь сонсож болно.

​​​​​​​5.7 Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-д заасан мэргэжлийн үүргийг баталгаажуулах зорилгоор ХМЗ итгэлийн хороотой байна. Гомдол гаргагч, хариуцагч талуудаас ирүүлсэн хамгаалагдах ёстой эх сурвалжийн тухай мэдээллийг тус хороо хүлээн аваад энэ тухай мэдээллийг эх сурвалжийн найдвартай байдлыг алдагдуулахгүйгээр ёс зүйн хороонд дамжуулна.

Итгэлийн хороонд ёс зүйн хороон дарга нар, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал орно. Сонирхлын зөрчил гарах тохиолдолд итгэлийн хорооны гишүүнийг нэмэлт төлөөлөгчөөр орлуулна. Холбогдогч талууд энэ талаар хүсэлтээ гаргахад хороо тухайн гомдлыг хэлэлцэж эхлэхээсээ өмнө хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийднэ.

​​​​​​​5.8 Гомдлыг хэлэлцэж дуусах үед Хорооны дарга хэлэлцсэн асуудлаар нээлттэй санал хураалтаар гишүүдийн олонхийн саналаар дүгнэлтийг батлана.

5.9 Гишүүд гомдлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэсэн, гишүүдийн хэлсэн үг, гаргасан санал, шийдвэр гаргах явц зэрэг хуралдааны талаарх бүхий л мэдээллийн нууцлалыг чандлан сахих үүрэгтэй.

​​​​​​​5.10 Хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны мэргэжилтэн хөтөлж баримтжуулна. Хуралдааны тэмдэглэлийг онлайн хэлбэрээр ажлын тав хоногт багтаан баталгаажуулж болно. Энэ хугацаанд хариу өгөөгүйг тэмдэглэлийг зөвшөөрсөнд тооцно.

​​​​​​​5.11 Хуралдаанаар хэлэлцүүлсэн гомдол, түүнийг дагалдах баримт бичиг, хурлын протокол, шийдвэр зэргийг хавтас хэрэгт баримтжуулна.

Зургаа. Хуралдааны тогтоол гаргах

​​​​​​​6.1 Хурлаар хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын аль заалтыг зөрчсөнийг тогтоож дүгнэлт гаргана.

​​​​​​​6.2 Хэрвээ гомдол хаяглагдсан Хэвлэл мэдээллийн байгууллага Ёс зүйн хороо хуралдахаас өмнө залруулга хийсэн эсвэл уучлал гуйсан тохиолдолд үүнийг Хороо шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ.

​​​​​​​6.3 Дүгнэлтийг үндэслэн хорооноос дараах хэлбэрийн шийдвэр дагалдан гаргана. Үүнд:

 6.3.1 Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зарчим зөрчөөгүйг мэдэгдэнэ.

 6.3.2 Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага гаргасан алдаагаа өөрөө залруулсан эсвэл уучлал гуйсныг мэдэгдэнэ.

 6.3.3 Тухайн хэвлэл мэдээллийн редакц ёс зүйн зарчим зөрчсөнийг мэдэгдээд шаардлагатай тохиолдолд Хорооны зөвлөмжийг зарлана.

 6.3.4 Дараах тохиолдлуудад /6.3.1 болон 6.3.3/ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг олон нийтэд зарлана. 6.3.2 тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг зарлахгүй. Гомдол  гаргагчийн нэрийг нийтэд зарлахгүй.

​​​​​​​6.4 Хуралдааны шийдвэр хорооны тогтоол хэлбэрээр гарах ба тогтоолд хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

​​​​​​​6.5 Гомдол гаргагч болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдсэний дараа шийдвэрийг олон нийтэд хүргэнэ. 

​​​​​​​6.6 Хорооноос гаргасан шийдвэрийн талаар хорооны дарга эсхүл Ажлын албанаас  ажлын 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.

​​​​​​​​​​​​​​6.7 Хорооны хурлын шийдвэрийг гомдол хаяглагдсан болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага нийтэлнэ.

Долоо. Хорооны шийдвэрийг дахин авч хэлэлцэх

7.1  Хорооны шийдвэрийг хүлээн авсны дараа шинэ нөхцөл үүссэн тохиолдолд гомдол гаргагч ажлын 10 хоногийн дотор Зөвлөлд хандах эрхтэй.

7.2 Энэ нөхцөлд тухайн гомдлыг Ёс зүйн хороодын хамтарсан хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэрлэнэ.

7.3 Хамтарсан хуралдааны ирц Ёс зүйн хорооны гишүүдийн 50-аас дээш хувьтай байх тохиолдолд гомдлыг хэлэлцэнэ.

7.4 Хамтарсан хуралдааныг тухайн гомдлыг хэлэлцээгүй Ёс зүйн хорооны дарга, түүнийг эзгүйд орлогч дарга нь удирдана.

7.5 Хамтарсан хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байна.

Найм. Сонгууль

8.1 Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой гомдлыг шуурхай хэлэлцэж болно. Энэ зохицуулалттай холбоотой нэмэлт журмыг тусгайлан гаргана.​​​​​​​

 

​​​​​​​