ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хэвлэл Мэдээллийн Зөвлөл НҮТББ-ын дүрмийн 6.1-д зааснаар Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь /цаашид “Зөвлөл” гэнэ/ Удирдах зөвлөл, Ёс зүйн хороод, Ажлын алба гэсэн бүтэцтэйгээр ажиллана.
1.2. Мөн дүрмийн 6.7-д зааснаар Удирдах зөвлөл, Ёс зүйн хороод, Ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондын харилцаа болон хяналтын тогтолцоог энэхүү журмаар зохицуулна.
1.3. Энэхүү журманд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Удирдах Зөвлөлийн болон Хорооны гишүүд, Ажлын албанаас санал гаргах эрхтэй. Хорооны гишүүний саналыг уг гишүүн харъяалагдах Ёс зүйн хороо хэлэлцэж, нэгдсэн саналаа Удирдах Зөвлөлд өргөн барина.
Хоёр. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа
2.1. Удирдах зөвлөл нь ХМЗ-ийн дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу үйл ажиллагаагаа явуулна.
2.2. Удирдах зөвлөл нь дарга, дэд даргатай байх бөгөөд даргын эзгүйд дэд дарга үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
2.3. Удирдах зөвлөл нь жилд 3-аас доошгүй удаа хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ХМЗ-ийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана.
2.4. Удирдах зөвлөл нь ХМЗ-ийг хараат бус тогтвортой санхүүжилтээр хангах, үүнтэй холбоотой бодлого, дүрэм журмыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
2.5. ХМЗ нь олон нийтэд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллагын хувьд үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа жил бүр олон нийтэд нээлттэй танилцуулна.
2.6. Удирдах зөвлөлөөс 3 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй хяналтын түр хороо байгуулж, ХМЗ-ийн удирдах зөвлөл, ёс зүйн хороод, ажлын албаны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийнэ. Хяналтын түр хороо нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр бүрэлдэхүүнтэй байна.
2.7. Удирдах зөвлөл ХМЗ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, 2 жил тутам аудит хийлгэнэ.
Гурав. Ёс зүйн хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл
3.1. Хэвлэл Мэдээллийн Зөвлөл НҮТББ-ын дүрмийн 5.1-д заасан зорилгыг хангах үүднээс Хороод нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, сэтгүүлчийн мэргэжлийн хэм хэмжээг сахиулах замаар сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй.
3.2. Чиг үүргийн хүрээнд дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.1. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг батлах, сайжруулж, боловсронгуй болгох
3.2.2. "Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ыг мөрдөж ажиллах
3.3. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг /цаашид “өргөдөл” гэх/ хурлаараа хэлэлцэж дүгнэлт гаргах
Дөрөв. Ёс зүйн хороодын бүтэц, бүрэлдэхүүн
4.1. Ёс зүйн хороо нь хорооны бүтэц, бүрэлдэхүүн, сонгуульт хугацаа, томилгоо, төлөөллийн квот, гишүүдийг томилох, чөлөөлөх үндэслэл зэргийг ХМЗ-ийн дүрмийн 9 дүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.
4.2. Ёс зүйн хороод нь 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээр нь хэвлэл мэдээлийн эзэд-ажил олгогчдын бүлгийн 12, сэтгүүлчдийн бүлгийн 12, олон нийтийн бүлгийн 6 гишүүнээс бүрдэнэ.
4.3. Ёс зүйн хороод нь үйл ажиллагааны онцлогийг харгалзан сонин сэтгүүл, цахим сайт, радио телевиз, орон нутгийн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн бүлгийн төлөөллөөс бүрдэнэ. Олон нийтийн бүлгийн салбараас бусад салбар бүрт хэвлэл мэдээлийн эзэн-ажил олгогч, сэтгүүлчдийн төлөөлөл тус бүр 3 байна.
4.4. Хороон дарга нар ХМЗ-ийн Удирдах Зөвлөлд хорооны үйл ажиллагаа, гомдол хүлээн авах, барагдуулах журмын хэрэгжилтийн талаар жилд нэг удаа мэдээлэл хийнэ.
4.5. Хороон дарга ёс зүйн хорооны шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгнө.
Тав. Ёс зүйн хороодын үйл ажиллагаа
5.1. Ёс зүйн хорооны дарга нь гүйцэтгэх удирдлагатай зөвшилцсөний дагуу хуралдааныг зарлах, хуралдуулах/онцгой тохиолдолд онлайнаар хуралдуулах/, удирдах, гишүүдийн саналыг хураах, шийдвэрийг мэдээлэх үүрэгтэй. Мөн хороон дарга хуралдааны үеэр бусдад үг хэлэх зөвшөөрлийг олгоно.
5.2. Ёс зүйн хороодын гишүүд өөрийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрмийг мөрдөх үүрэгтэй.
5.3. Ёс зүйн хороо нь сэтгүүл зүйн редакц бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл (өргөн нэвтрүүлэг, хэвлэмэл болон цахим)-ээр нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдлыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” -ын хүрээнд хэлэлцэж, зөрчсөн, эс зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана.
5.4. Тухайн гомдлыг хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын зөрчлийг тогтоолгохоор гаргасан өргөдөл хэмээн үзнэ.
5.5. Ёс зүйн хорооны шийдвэр нь бичгээр үйлдэгдэж, хороон даргын гарын үсэг зурснаар баталгаажна.
5.6. Ёс зүйн хорооны хуралд ХМЗ-ийн гишүүд (УЗ-ийн гишүүд, нөгөө хорооны гишүүд, Ажлын албаны ажилтнууд) ажиглагчаар оролцож болно. Харин ХМЗ-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн ёс зүйн хорооны хуралд суух үүрэгтэй.
5.7. Ёс зүйн хорооны хуралдаанд оролцогчид хурлын нууцыг сахих үүрэгтэй.
Зургаа. Хорооны хурлын санал хураах
6.1. Хороон дарга “тухайн гомдол үндэслэлтэй эсэх”-ийг шийдвэрлэх санал хураалтыг явуулах хүсэлт гаргана.
6.2. Хэрэв “тийм” гэсэн санал өгөгчдийн тоо “үгүй” гэсэн санал өгөгчдийн тооноос илүү гарсан тохиолдолд тухайн өргөдлийг үндэслэлтэй гэж үзнэ.
6.3. Түтгэлзэхийг “үгүй” гэсэнтэй адилаар тооцно.
6.4. Хорооны гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд олонхийн санал аваагүй гэж үзнэ.
6.5. Өргөдлийг хэлэлцэх явцад хороон дарга гишүүн бүрийн оролцоог хангаж, ёс зүйн тухайн заалтыг яагаад зөрчсөн, эс зөрчсөн гэж үзэж буй тайлбарыг тэмдэглүүлнэ.
6.6. Хорооны дүгнэлт, шийдвэрийг гаргахдаа өргөдөл тус бүрээр хэлэлцүүлж, санал хурааж баримтжуулна.
6.7. Тухайн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхоор хорооны хурлын шийдвэр гарна.
Долоо. Ажлын албаны үйл ажиллагаа
7.1. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын алба хариуцан явуулах ба Гүйцэтгэх захирал, ёс зүй хариуцсан мэргэжилтэн, олон нийттэй харилцах мэргэжилтэн, нарийн бичиг, нягтлан бодогч гэсэн орон тоотой байна. Хуульч, нягтлан бодогч орон тооны бус, гэрээт байж болно.
7.2. Ажлын алба нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөл НҮТББ-ын дүрмийн 5.2-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
7.3. Гүйцэтгэх захирал нь Хэвлэл Мэдээллийн Зөвлөл НҮТББ-ын дүрмийн 10.1, 10.2-д заасан чиг үүргийг гүйцэтгэж, мөн дүрмийн 10.3-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
7.4. Гүйцэтгэх захирал нь хороон даргын зөвшөөрсөнөөр талуудад хүргэх хорооны шийдвэрт гарын үсэг зурна.
7.5. Гүйцэтгэх захирал нь ХМЗ-ийн үйл ажиллагааны журам, Гомдол хүлээж авах, барагдуулах журмын хэрэгжилтийг хангуулж, гомдол хүлээн авахаас барагдуулах, олон нийтэд шийдвэрийг мэдээлэх хүртэлх үйл явцыг удирдан хэрэгжүүлнэ. ХМЗ-ийн үйл ажиллагаа, өргөдөл шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар хэвлэлд мэдээ, ярилцлага өгөх үүрэг хүлээнэ.
7.6. Ёс зүй хариуцсан мэргэжилтэн нь зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, актын дугаар өгөх, хариуцагч талд албан бичиг илгээх, редакциас хариу тайлбар авах, өргөдлийн танилцуулга болон холбогдох материалыг боловсруулах, ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, үүний дагуу холбогдох материалуудыг гишүүдэд урьдчилан илгээх, хороодын хуралдааныг зохион байгуулах бэлтгэлийг хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, баталгаажуулах, хороодын гишүүдийг мэдээллээр хангах, хорооны хурлын албан бичгийг хөтлөх, архивлах, ажлын төлөвлөгөө, тайлан, өргөдөл гомдлын статистик гаргах үүрэг хүлээнэ.
7.7. Олон нийттэй харилцах мэргэжилтэн нь хорооны хурлын тогтоол, шийдвэрийн төслийг боловсруулах, хорооны шийдвэрийн талаар хэвлэлийн мэдээ бэлтгэх, цаг үеийн шаардлагаар олон нийтэд хандсан уриалга, мэдэгдэл, шаардлага зэргийг бэлтгэх, ХМЗ-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах цахим сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргах, бусад танилцуулга, брошур, гарын авлага зэргийг редакторлах, ХМЗ-ийн вэб сайт, сошиал пэйж хуудсын агуулгыг сайжруулах, хөгжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.
7.8. Ажлын албаны нарийн бичиг нь хорооны хурлын бэлтгэл хангах, хурлын явцад бүхий л талын техник туслалцааг үзүүлэх бөгөөд өрөө тасалгаа, техник тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг хангах, ажлын албаны бичиг хэрэг хөтлөлт, бүртгэл, архивлах, зар түгээх, оролцоо хангах, ирц бүртгэх, цаг үеийн үйл явдлын мэдээ гаргах, үйл явдлын зураг авах, баримтжуулах ажлыг бүрэн хариуцна.
7.9. Нягтлан бодогч нь Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, гэрээнд заасан чиг үүргийг гүйцэтгэнэ.
7.10. Хуульч нь Удирдах зөвлөл, Ёс зүйн хороод, Ажлын албаныханд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөл, Хорооны дарга, Гүйцэтгэх захирлын итгэмжлэлээр гуравдагч этгээдийн өмнө зөвлөлийг төлөөлж болно.
7.11. Ажлын алба нь улирал тутам үйл ажиллагааныхаа тайланг Удирдах Зөвлөлд тайлагнах үүрэгтэй. Мөн хороодын үйл ажиллагааны талаархи статистик мэдээллийг олон нийтэд мэдээлнэ.
7.12. Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн санхүүгийн тайланг жил бүр аудитаар баталгаажуулж, зөвлөлийн вэб сайтад байршуулна.