2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн
Удирдах зөвлөлийн хурлаар шинэчилсэн
найруулгыг батлав.
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ”
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хамтын удирдлагын зарчмаар сайн дурын үндсэн дээр үүсгэн байгууллагдсан “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” төрийн бус байгууллага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл зүйн салбарын хэм хэмжээ, ёс зүйн харилцааны үндсэн зарчмыг хүндэтгэн энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
1.2. Үүсгэн байгуулагчид “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” төрийн бус байгууллага байгуулах шийдвэр гаргаж, дүрмээ баталснаар тус хуулийн этгээдийг байгуулагдсанд тооцно.
1.3. “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” НЬ НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА /цаашид “НҮТББ” гэж товчлох/, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бөгөөд улс төрөөс хараат бус, байнгын ажиллагаатай хамтын удирдлагын байгууллага байна.
1.4. “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” НҮТББ нь өөрийн тэмдэг, лого, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
Хоёр. Төрийн бус байгууллагын хууль ёсны оноосон нэр
2.1. ТББ-ын албан ёсны оноосон нэр нь: “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” НҮТББ, товчилсон нэр нь “Хэвлэлийн Зөвлөл” гэнэ.
ТББ-ын оноосон англи нэр: MEDIA COUNCIL OF MONGOLIA
Гурав. Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил, хаяг
3.1. НҮТББ-ын албан ёсны хаяг нь:
Аймаг, хот: Улаанбаатар
Сум, дүүрэг: Баянзүрх дүүрэг
Баг, хороо: 43-р хороо
Гудамж талбай, байр: Манлай Баатар Дамдинсүрэнгийн гудамж, Юу Би тауэр оффис, 10 давхар, 1004 тоот
Харилцах утас: 7000 0160
Вебсайт: www.mediacouncil.mn
3.2. НҮТББ-ын үйл ажиллагааны жил нь хуанлийн жилээр байна.
Дөрөв. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он сар өдөр
4.1. “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ” НҮТББ-ыг 2015 оны 01-р сарын 28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо байгуулсан болно.
Тав. Төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
5.1. НҮТББ нь дараахь үндсэн зорилготой хамтын удирдлагын байгууллага болно.
5.1.1 Хэвлэлийн эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэх
5.1.2 Сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх
5.1.3 Сэтгүүлчийн хараат бус байх эрхийг хамгаалах
5.1.4 Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын
тогтолцоог бүрдүүлэх
5.2. Үйл ажиллагааны үндсэн чиглэл
5.2.1 Иргэд, байгууллагаас гомдол хүлээн авч, ёс зүйн зарчмын хүрээнд хэлэлцэн мэргэжлийн дүгнэлт гаргах
5.2.2 Хамтын шийдвэр гаргаж, шийдвэрийг нээлттэй мэдээлэх
5.2.3 Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
5.2.4 Зорилго, үндсэн чиглэлд нийцсэн бусад үйл ажиллагааг явуулах
Зургаа. Бүтэц, хяналт, зохион байгуулалт
6.1. НҮТББ нь Удирдах зөвлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, хороод, гүйцэтгэх захирал, ажлын алба гэсэн бүтэцтэй байна.
6.2.НҮТББ-ын эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.
6.3. НҮТББ-ын Удирдах зөвлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, хороодын төлөөллийг дараах бүлэг тус бүрийн хурлаас, тэнцүү тоо /квот/-оор сонгоно. Цаашид энэхүү квот нь тогтвортой хадгалагдана. Үүнд:
6.3.1. санаачлагчдын буюу олон нийтийн бүлэг;
6.3.2. радио, телевизийн бүлэг;
6.3.3. сонин, сэтгүүлийн бүлэг;
6.3.4. сайтын бүлэг;
6.3.5. орон нутгийн бүлэг.
6.4. Санаачлагчдын буюу олон нийтийн бүлгээс бусад бүлэг бүр нь эзэд, түүний төлөөлөл болон сэтгүүлчдийн төлөөллөөс бүрдэх бөгөөд бүлгийн төлөөллийн бүтэц/квот/ нь энэхүү дүрмийн Хавсралтад тодорхойлсноор байна.
6.5. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Удирдах зөвлөл, Сэтгүүл, сонин, сайтын ёс зүйн хороо /“цаашид “CCС-ийн ёс зүйн хороо” гэх/ болон Радио, телевиз, сайтын хороо ёс зүйн хороо/“ цаашид “РТС-ын ёс зүйн хороо” гэх/, Ажлын албанаас бүрдэнэ.
6.6. Удирдах зөвлөл, Ёс зүйн хорооны гишүүд нь орон тооны бус, Гүйцэтгэх захирал, Ажлын алба нь орон тооны байна.
6.7. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, хяналтын тогтолцоог журмаар зохицуулна. Журмыг Удирдах зөвлөл батална.
Долоо. Удирдах зөвлөл
7.1. Удирдах Зөвлөл нь санаачлагын бүлгээс гурав, салбар /сонин сэтгүүл, сайт,радио телевиз, орон нутаг/ тус бүрээс гурав гурван төлөөлөл, нийт арван таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
7.2 Удирдах зөвлөлийн бүлгийн квот нь нэр дэвшигчээс үл хамааран тухайн бүлэгт тогтвортой хадгалагдана.
7.3. Удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ноогдох гурван квотоос нэг квотын төлөөллийг Удирдах зөвлөлөөс, үлдсэн хоёр квотын төлөөллийг тухайн сонгогдсон салбараас шинэ гишүүнд нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.4. Шинэ нэр дэвшигчийг Удирдах зөвлөл дэмжээгүй бол дараагийн гишүүнийг нэр дэвшүүлнэ.
7.5. Бүлгийн квот алдагдах тохиолдолд Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн хамгийн багадаа 9 хүнтэй ажиллаж болно.
7.6. Удирдах Зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана.
7.7. Удирдах Зөвлөлийн гишүүдийн 2/3-ийн саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
7.8. Гүйцэтгэх Захирлын саналаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
7.9. Хуралдаан нь 50-иас дээш хувийн ирцтэй нөхцөлд хүчин төгөлдөр байна. Гишүүн бүр нэг саналын эрхтэй байна.
7.10. Хурлаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
7.11. Удирдах Зөвлөлийн гишүүдийн анх томилогдох бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Удирдах зөвлөлөөс гишүүдийг нэг удаа улируулан томилж болно. Улиран ажиллах хугацаа 3 жил байна.
7.12. Гишүүд тухайн жилийн хурал, сургалт зэрэг оролцох ёстой арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 удаа оролцоогүй тохиолдолд Удирдах зөвлөлөөс уг гишүүнд сануулга өгнө. Сануулга авсан ч үргэлжлүүлэн оролцоогүй тохиолдолд гишүүнээс чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
7.13. Тухайн жилд орон гарч байгаа гишүүдийн тооноос хамааруулан гишүүнийг нөхөн сонгох хурлыг жилд нэг удаа дараа жилийнх нь эхэнд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулна.
7.14.Зөвлөлийн үндсэн зарчим болох улс төрөөс хараат бус байх зарчмыг гишүүд хангаж ажиллана.
7.15. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчмыг боловсруулж, хэлэлцүүлэн батлуулж мөрдөнө.
7.16. Удирдах Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.Үүнд:
7.16.1. НҮТББ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
7.16.2. Хэвлэл мэдээллийн зөвлөл, хороодын үйл ажиллагааны журмыг батлах, мөрдүүлэх
7.16.3. Хэвлэл мэдээллийн зөвлөл, хороодын удирдлага, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах
7.16.4. НҮТББ-ыг өөрчлөн байгуулах, татан буулгах,
7.16.5. Удирдах зөвлөлийн даргыг сонгох, Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, эрх хэмжээг тогтоох
7.16.6. Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах, санхүүжилтийн эх үүсвэрийг төвлөрүүлэх, санхүүгийн тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах
7.16.7. Хууль болон дүрэмд заасан бусад бүрэн эрх
Найм. Удирдах зөвлөлийн дарга
8.1. Удирдах зөвлөлийн хуралдаанаас Удирдах зөвлөлийн даргыг 6 жилийн хугацаатай сонгоно. Удирдах Зөвлөлийн даргыг улируулан томилох эсэх асуудлыг Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ.
8.2. Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг:
8.2.1. НҮТББ-ыг гадаад, дотоодод төлөөлөх
8.2.2. Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах
8.2.3. Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах
8.3.4. Удирдах зөвлөлийн өмнөөс холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх
8.3.5. Бусад
Ес. Ёс зүйн хороо
9.1. Хороо тус бүр нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны гишүүдийн анхны томилгооны бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Удирдах зөвлөлөөс хорооны гишүүдийг нэг удаа улируулан томилж болно. Улиран ажиллах хугацаа 3 жил байна.
9.2. Гишүүд дотроосоо даргыг 6 жилийн хугацаагаар сонгох бөгөөд Хорооны даргыг нэг удаа улирлуулан ажиллуулж болно. Удирдах зөвлөлөөс Ёс зүйн хороодын дарга нарыг 3 жилийн хугацаанд сэлгүүлэн томилж болно.
9.3. Ёс зүйн хорооны гишүүдийн квот нь нэр дэвшигчээс үл хамааран тухайн бүлэгт тогтвортой хадгалагдана.
9.4. Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ноогдох квотоос нэг квотын төлөөллийг Удирдах зөвлөлөөс, үлдсэн хоёр квотын төлөөллийг тухайн сонгогдсон салбараас шинэ гишүүнд нэр дэвшүүлж, Удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
9.5. Шинэ нэр дэвшигчийг Удирдах зөвлөл дэмжээгүй бол дараагийн гишүүнийг нэр дэвшүүлнэ.
9.6. Гишүүд тухайн жилийн хурал, сургалт зэрэг оролцох ёстой арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 удаа оролцоогүй тохиолдолд Удирдах зөвлөлөөс уг гишүүнд сануулга өгнө. Сануулга авсан ч үргэлжлүүлэн оролцоогүй тохиолдолд гишүүнээс чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
9.7. Тухай жилд орон гарч байгаа гишүүдийн тооноос хамааруулан гишүүнийг нөхөн сонгох хурлыг жилд нэг удаа дараа жилийнх нь эхэнд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулна.
9.8. Зөвлөлийн үндсэн зарчим болох улс төрөөс хараат бус байх зарчмыг гишүүд хангаж ажиллана.
9.9. Ёс зүйн хороод нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхийг эдэлнэ.
9.10. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хэвлэмэл болон онлайн хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчээс түгээсэн аливаа сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг Ёс зүйн хороод нь авч хэлэлцэн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх тухай шийдвэр гаргана.
Арав. Гүйцэтгэх Захирал
10.1. Удирдах зөвлөлийн хуралдаанаас НҮТББ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах үүрэг бүхий Гүйцэтгэх захирлыг томилно.
10.2. Ажлын алба нь гомдлыг хүлээн авах, нягтлах, хороодод хуваарилах, хурлын бэлтгэлийг хангах, хурлын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах, Удирдах Зөвлөлийн баталсан төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийг хангах, Удирдах зөвлөл болон Ёс зүйн хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
10.3. Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
10.3.1. Ажлын албыг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудыг томилох, чөлөөлөх
10.3.2. Удирдах зөвлөлд улиралд нэг удаа тайлагнах
10.3.3. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд НҮТББ-ыг гадаад, дотоодод төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
10.3.4. НҮТББ-ын нэгдүгээр гарын үсгийг гүйцэтгэх захирал зурна.
10.3.5. Хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх
Арван нэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
11.1. НҮТББ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
11.2. Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр дүрмийг шинэчилж батласнаар хүчин төгөлдөр болно.
Арван хоёр. НҮТББ-ын санхүүжилт
12.1. НҮТББ-ын орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно.
12.1.1.Төрийн байгууллагын зарим чиг үүргийг Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлснээр улсын төсвөөс олгосон хөрөнгө
12.1.2. Салбарын болон дэмжигч байгууллагуудын хандив, тусламж
12.1.3. Гадаад дотоодын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж
12.1.4. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанаас олсон орлого
12.1.5. Бусад
12.2. Байгууллагын санхүүгийн жил 1-р сарын 1-ээс эхэлж 12-р сарын 31-нд дуусгавар болно.
12.3. Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хууль, журмын дагуу гаргаж дараа оны 2-р сарын 15-ны дотор Татварын албанд тайлагнана.
12.4. Жил бүр үйл ажиллагааны тайланг ил тод тайлагнана.
Арван гурав. НҮТББ-ыг өөрчлөн байгуулах, татан буулгах
13.1. НҮТББ-ыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.
13.2. Төрийн бус байгууллагыг дараах үндэслэлээр татан буулгана.
13.2.1. Удирдах зөвлөлийн шийдвэрээр
13.2.2. Хууль тогтоомж ноцтой эсвэл удаа дараа зөрчвөл шүүхийн шийдвэрээр албадан татан буулгах шийдвэр гарсан
13.2.3. хуульд заасан бусад
ооОоо