БАРИЛГЫН КОМПАНИЙН ГОМДОЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ

БАРИЛГЫН КОМПАНИЙН ГОМДОЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн хорооны 2019 оны гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 20-ны өдөр болж нэг байгууллагаас хоёр телевизэд хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцжээ.

 

Гомдол ирүүлсэн байгууллага нь “Рапид Архитектур Констракшн” ХХК юм. Тус компани SBN болон ТВ9 телевизээр нэг өдөр цацагдсан нэг утга бүхий мэдээнд гомдол ирүүлжээ. Тухайлбал, 2019 оны зургадугаар сарын 11-ний өдөр SBN телевизээр “Хохирогчийн ар гэрийнхэн Рапид Архитектур Констракшнд гомдолтой байна”, ТВ9 телевизээр “Барилга дээрээс унаж гэмтсэн Хүрэлсүхийн биеийн байдал хүнд байна” гэсэн хоёр мэдээ нь Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмын 1.1 болон 1.8 дахь заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг тус компани хүсчээ.

 

Энэ хоёр мэдээлэл нь тухайн өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурлаас бэлтгэсэн мэдээ. “Рапид Архитектур Констракшн” компанийн барьж байсан барилга дээр ажиллаж байсан ажилчин осолдсон бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн юм.

 

Хороо хэлэлцээд SBN болон ТВ9 телевиз уг мэдээллийг бэлтгэхдээ ёс зүйн зарчмаа баримталж ажилласан гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

Уг барилгын компани нь хохирогчийн ар гэрийнхний мэдээллийг нийтэлсэн, түгээсэн бараг бүх редакцийн эсрэг гомдол гаргасан. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн хорооны ээлжит хурал 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр болсон бөгөөд уг хурлаар тус компаниас 14 редакцид ирүүлсэн гомдлыг мөн хэлэлцэн “Рапид Архитектур Констракшн” компанийн гомдол үндэслэлгүй гэж үзсэн билээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.