Редакцыг олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэн гэж үзэв

Редакцыг олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэн гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2024 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 27-ны өдөр болж, нэг гомдол хэлэлцлээ. 

Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2023 оны аравдугаар сард “Найман ишигний хэрэг”-ийн шүүх хурал явагдаж байна гэх агуулга бүхий хэд хэдэн шууд дамжуулалт хийсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн. Ингэхдээ хуулийн байгууллагад давхар гомдол гаргасан, хэрэг үүсгэн шалгагдаж байсан тул Ёс зүйн хорооны зүгээс ХМЗ-ийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 3.4-т заасны дагуу уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл энэ удаагийн хурлаар тус гомдлыг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд нягтлан хэлэлцээд дээрх шууд дамжуулалтуудын үеэр тухайн цаг үед болж буй үйл явдлыг дамжуулсан, баталгаагүй мэдээлэл, ам дамжсан яриа, таамаг биш болж буй үйл явдлын явцыг мэдээлсэн гэж үзсэн тул 1.1, 1.5, 1.6 дахь зарчмуудыг зөрчөөгүй гэж үзлээ.

Харин редакц мэдээллээ дамжуулахдаа шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийж, үзэл бодлоо оруулан, тус хэргийн шалгагдаж буй гэмт хэргийн зүйлчлэлийн талаар дутуу мэдээлэл түгээж, зөвхөн нэг талын эх сурвалжийн мэдээллээр шүүх зөвхөн найман ишиг хулгайлсан асуудлыг шийдвэрлэх гэж байгаа мэтээр мэдээлж олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэн, тус сайт асуудлыг сурвалжилж үнэн зөвийг нь олж өгснөөр шүүгдэгч нарыг шүүх суллаж, тохирсон ял шийтгэл оноон, ар гэр, үр хүүхэдтэй нь уулзуулсан мэтээр буруу ойлголт өгсөн гэж үзсэн тул 1.3 дахь зарчмын “...мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэв.

Жич: Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 3.4-т “Гомдол гаргагч Зөвлөлд хандан гомдол гаргахдаа эсхүл гаргасныхаа дараа хорооны хуралдаанаас өмнө тухайн асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдолд гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж болно. Ингэж хойшлуулсан тохиолдолд анхан шатны шүүх хурлын эсхүл цагдаагийн байгууллагаас зөрчлийг хянан шийдвэрлэсний дараа гомдлыг хэлэлцэнэ.” гэсэн байдаг.

 

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

1.6 - Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.




 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

ЗОЧИН (139.5.216.41) 2024-10-03 17:03:10
ЗАЙЛУУЛ НЭГ МӨРӨӨРӨӨ ШУДАРГА НАСТАЙ ЭМЭГТЭЙ ЗҮРХЭЭР ЯВСАНДАА !!! КАРМА БАЙДГИЙГ ЖАНГАА ХҮРТДГИЙГ ХАРУУЛСАН ! ГЭХДЭЭ Л ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮНЭЛЖ БАРШГҮЙ