Хэвлэл мэдээллээр цацагдсан болгон баталгаатай эх сурвалж болохгүй

Хэвлэл мэдээллээр цацагдсан болгон баталгаатай эх сурвалж болохгүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 14-ний өдөр болж хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ. 

 

Нэг. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг түгээхдээ нягталж үзэх нь зүйтэй

Энэ оны нэгдүгээр сарын 11-13-нд Засгийн газрыг огцрохыг шаардсан жагсаал Улаанбаатар хотын төв талбайд болсон билээ.  

Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн уг жагсаалыг хэн зохион байгуулав, хаанаас санхүүжүүлсэн байж болох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээ, нийтлэл гарч эхэлсэн. Ингэхдээ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн зургийг “Айсмаркийнхан бүгд очино, манай хүмүүс бэлэн үү, амралтын өдөр учраас цалинтай” гэх агуулгатай мессежний зургийн хамтаар нийтэлж, “АН-ын О.Цогтгэрэлийн “Тэсо”, “Айс марк”-ын ажилчид цалинтай оролцохоор болжээ. Санхүүжилттэй, зохион байгуулалттайгаар иргэдийг турхирхаар төлөвлөж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байв.

Дээрх мэдээлэлд нэр нь дурдагдсан байгууллага болох ТЭСО группын зүгээс энэ мэдээлэл нь ташаа бөгөөд zindaa.mn, arslan.mn, zuv.mn, hurts.mn, rec.mn гэсэн хэвлэл мэдээллийн сайтуудыг илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж иргэдийг төөрөгдүүлсэн, эзэн нь үл мэдэгдэх мессежний зургийг оруулж худал мэдээлэл тараасан, байгууллага болон хувьцаа эзэмшигч, ажилтнуудын нэр хүндэд халдсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн. 

Эдгээрээс zindaa.mn болон hurts.mn сайтууд хариу тайлбар ирүүлсэн. Редакцууд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг нийтэлсэн болохоо илэрхийлсэн бөгөөд zindaa.mn сайтын хувьд тухайн үед нь редакцын зөвшөөрөлгүй уг мэдээллийг түгээсэн тул дотооддоо хариуцлага тооцсон тухайгаа дурджээ. 

Ёс зүйн хороо гомдлыг нягтлан хэлэлцээд мэдээллээ бодит байдалд нийцсэн эсэхийг нягтлалгүйгээр шууд дамжуулсан, бусад мэдээллийн сувгийг эх сурвалж болгохдоо мэдээллийг нягтлан шалгаагүй, үйл явдлыг хөдөлшгүй баримтуудаар баталгаажуулаагүй, утасны мессеж бүхий зураг нь бодит эсэх, нэр, зураг нь дурдагдсан О.Цогтгэрэл гэх хүний бичсэн мессеж мөн эсэх нь тодорхойгүй, буруутгагдаж буй талаас тайлбар, тодруулга авалгүй нэг талын байр суурийг илэрхийлсэн зэргийг үндэслэн нэр дурдагдсан редакцуудыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэсэн. Мөн ТЭСО группын зүгээс ташаа мэдээлэл нийтлэгдэж байгаа талаар мэдэгдэл хийсэн хэдий ч тус жагсаалыг санхүүжүүлээгүй, ажилчид нь оролцоогүй гэдгийг эрх бүхий байгууллага шалган тогтоогдоогүй учир дээрх мэдээллийг ташаа болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй тул 1.9 дэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэв.

Zuv.mn сайтаас бусад нь тухайн мэдээллийг нотлогдоогүй, таамаг гэдгийг тодотгох үг хэллэг ашиглаагүй тул ёс зүйн зарчмын 1.6-г зөрчсөн гэж үзэв. 

 

Хоёр. Шүүгчийн нэр хүндэд халдаж, хувийн мэдээллийг задруулсан гэх гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав

Neguun.mn сайтын 2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр олон нийтэд хүргэсэн “Шидэт гал ХХК иргэдийн захиалгын байрыг давхардуулан худалджээ” гэх гарчигтай шууд дамжуулалт нь ёс зүйн зарчим зөрчсөн гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ХМЗ-д ирүүлсэн. Ингэхдээ редакцыг Шүүхийн тухай хууль болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчин шүүгчийн хувийн мэдээллийг задруулж, нэр хүндэд нь халдсан мэдээлэл түгээсэн тул хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримтлаагүй гэж үзжээ. 

Харин Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд Шүүхийн ерөнхий зөвлөл нь редакцыг мэдээллээ үнэн зөв эсэхийг нягтлаагүй, ташаа мэдээлэл түгээсэн, олон нийтэд шүүгчийн талаар буруу ойлголт өгсөн гэх асуудлаар хуулийн байгууллагад давхар хандсан байгаа тул ГХАБЖ-ын 3.4-г үндэслэн түр хойшлуулах шийдвэр гаргалаа.

 

Хавсралт

Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”

1.9 - “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна”

 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал /ХМЗ-ийн мэргэжилтэн/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.