“МОБИКОМ” КОРПОРАЦИЙН ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭВ

“МОБИКОМ” КОРПОРАЦИЙН ГОМДЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭВ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Сонин, сэтгүүл,сайт /ССС/-ын Ёс зүйн хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдаж цахим мэдээллийн зургаан редакцид хаягласан гурван байгууллагын гомдлыг хэлэлцлээ. Энэ хурал нь 2019 оны IV улирлын ээлжит хурал юм. ХМЗ нь Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо, Радио, телевизийн Ёс зүйн хороо гэсэн хоёр хороотой бөгөөд улиралд нэг удаа хуралдан сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдлыг хэлэлцдэг.

“Мобиком” корпорацийн гомдлыг үндэслэлгүй гэв

24tsag.mn сайтад 2019 оны долдугаар сарын 21-ний өдөр “Мобиком Корпораци хэвлэлийн салбарыг боомилж эхэлжээ” гэх мэдээ гарчээ. Энэхүү нийтлэлд Мобиком Корпорацийн хэрэглэгчидтэй байгуулж байгаа гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан, үйлчилгээний багцдаа өөрчлөлт оруулсан талаар хангалттай мэдээллийг хэрэглэгчдэд хүргээгүй зэрэг шалтгаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар дурдаад үүнээс хэдхэн сарын өмнө Мобиком Корпораци түрээсийн гэрээтэй холбоотой дуулианд нэр дурдагдаж байсныг сануулсан байна. Түрээсийн гэрээний талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад Мобиком Корпораци шаардлага хүргүүлж, түрээсийн гэрээтэй холбоотой мэдээллийг үнэн зөвөөр хүргээгүй учраас мэдээллээ залруулахыг шаардсан ажээ. Энэ шаардлагын эх хувийг 24tsag.mn сайт нийтэлжээ.

Мобиком Корпорацийн зүгээс 24tsag.mn сайтын уг нийтлэлд гомдол ирүүлсэн. Гомдолдоо “Тус сайтын редакцид хандаагүй албан бичгийг хаягласан этгээдийн нэрийг дарж нийтэлсэн нь хуулинд заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлөх эрх олгогдоогүй, хоорондоо хамааралгүй үйл явдлыг холбож олон нийтийг төөрөгдүүлсэн, компанийн нэр хүндийг унагаасан” гэсэн гомдлыг Мобиком Корпораци гаргажээ.

Хороо энэ гомдлыг хэлэлцээд Мобиком Корпорацийн гомдол үндэслэлгүй, 24tsag.mn сайтын редакц Ёс зүйн зарчмуудыг зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ.

24tsag.mn сайт мэдээллээ бэлтгэхдээ Мобиком Корпорацийн толгой бүхий албан бичгийг ашигласан бөгөөд энэ албан бичиг нь өөр хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан ч гэлээ сэтгүүлч энэ албан бичгийг эх сурвалж болгон ашиглахад буруудахгүй гэлээ. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 20 сая төгрөгөөр торгосон талаараа олон нийтэд мэдэгдсэн учраас энэ мэдээллийг эх сурвалжаар нотлох шаардлагагүй гэж үзсэн. 20 сая төгрөгийн торгууль хүлээсэн, түрээсийн гэрээтэй холбоотой дэгдсэн асуудал аль аль нь уг компанийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой учраас хэрэглэгч эдгээр мэдээллийг мэдэх нь зөв учраас хоорондоо уялдаа холбоотой хэмээн үзсэн юм.

 

Сайтын нийтлэл эх сурвалжаар нотлогдсонгүй

Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн багш нарын талаарх мэдээлэл tonshuul.mn, tovch.mn, shuurhai.mn, polit.mn сайтуудад 2019 оны ес болон аравдугаар сард гарчээ.

Эдгээр нийтлэл нь бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан байна гэсэн гомдлыг тус сургуулийн хоёр багш ХМЗ-д ирүүлжээ.

Энэ дөрвөн редакцийн бэлтгэн түгээсэн мэдээлэл нь ерөнхийдөө агуулга төстэй. Тус сургуулийн багш нарын зохисгүй үйлдлийн талаарх мэдээлэл юм.

Shuurhai.mn, polit.mn, tovch.mn сайтуудад 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр “Үйлдвэрлэл Урлалын политехникийн коллежийг ямар хүмүүс үймүүлээд байна вэ”, tonshuul.mn сайтад 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Өс өвөртөлсөн багш нарын санаанд багтамгүй үйлдэл 1” гарчигтайгаар тус тус нийт дөрвөн нийтлэл гарсан байна.

Нийтлэлд нэр дурдагдсан багш нар өөрсдийн гэм буруугүйг нотлох хангалттай баримт бичгүүдийг гомдолдоо хавсарган ирүүлсэн. ХМЗ-ийн гомдол хэлэлцэх журмаар гомдол гаргагч болон мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж буруутгагдаж байгаа хэвлэлийн редакц буруугүй гэдгээ нотлох баримтуудыг ХМЗ-д гаргаж өгч болдог. Эдгээр баримтыг харин гадагш задлах учиргүй юм.

Гомдол гаргагчид дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

- Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын шаардлага, МБСШУ-ны

ҮЭХ-ны хяналтын зөвлөлийн дүгнэлт,

- ХНХЯ-ны шалгалтын дүн,

- Ажлаас халагдсан багш нарыг ажилд эргүүлэн томилсон тушаал,

- Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн ҮЭХ-ны үйл ажиллагааны нотлох баримтууд, хурлын протокол зэргийг ирүүлсэн.

Гомдол гаргагч tovch.mn, shuurhai.mn, polit.mn сайтын нийтлэлийг ёс зүйн зарчмын нийт 6 заалт зөрчсөн гэснийг Хороо хэлэлцээд эдгээрээс нэгийг нь буюу 1.6-д заасан баталгаагүй мэдээллийг таамаг хэмээн тодорхой дурдана гэснээс бусад заалтыг зөрчөөгүй гэж үзлээ. Харин tonshuul.mn сайтын редакц нь баталгаатай эх сурвалжийг тодорхой дурдаагүй, гомдол гаргагчдын ирүүлсэн баримтуудыг өөрсдийн эх сурвалжаар нотлоогүй, баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдаагүй, хэт дөвийлгөсөн, мэдээллээ бодит эсэхийг нягтлаагүй алдаанууд байгаа учраас ёс зүйн алдаа гаргасан гэж үзлээ.

Bataar.mn сайтын нийтлэл хэрэглэгчдийг хамгаалсан гэлээ

2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр bataar.mn сайтад “Япон ерөнхийлөгчтэй монгол операторууд УИХ, Засгийн газрыг увайгүй бойкотлож эхэллээ” гарчигтай хэвлэгдсэн нийтлэлд Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци гомдол ирүүлжээ.

УИХ энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Шинэчилсэн хуулиар “... харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгө нь татварын дараах цэвэр ашгийн 3%-тай тэнцүү хэмжээтэй байх...” гэсэн нь харилцаа холбооны чиглэлийн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд халдсан гэж үзэн үүрэн телефоны операторуудыг нэгтгэдэг Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци мэдэгдэл гаргасан юм.

Уг мэдэгдэлд “Компанийн цэвэр ашиг бол үйл ажиллагаанаас олсон орлогоос зардлаа хасч, хуулийн дагуу холбогдох татвараа төлсний дараа хувьцаа эзэмшигчид оногдох хууль ёсны өмч мөн бөгөөд ямар нэгэн санд иргэн, аж ахуйн нэгжийг хууль ёсны өмч болох “цэвэр ашгаасаа” хөрөнгө төвлөрүүлэхийг үүрэгжүүлсэн хууль батлах нь хувийн өмч хөрөнгөд шууд халдсан үйлдэл болсон” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Харин bataar.mn сайт нийтлэлдээ үүрэн телефоны операторууд нь улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал нь хөндөгдөхөд ганц нь ч үг дуугараагүй атлаа мөнгөний эрх ашиг нь хөндөгдөхөд нэгдэж нийлэн “ийнхүү ичгүүргүй, увайгүй мэдэгдэл” гаргасан гэж бичжээ. Энэ оны аравдугаар сарын эхээр Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 800 хятад иргэнийг цагдаа, тагнуулынхан илрүүлж албадан гаргасан бөгөөд тэдгээр хятад иргэд Монголын үүрэн телефоны операторуудын 10000 гаруй СИМ картыг ашиглаж байсан нь ил тод болсон. Энэ үед дуугараагүй мөртлөө мөнгөний эрх ашиг нь хөндөгдөхөд дуугарлаа гэсэн агуулгыг bataar.mn сайт нийтлэлдээ гаргажээ.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци ирүүлсэн гомдолдоо хамааралтай бус асуудлаар үүрэн телефоны оператор компаниудыг буруутгасан, мэдээллийг мушгин гуйвуулсан, эх сурвалжаа дурдаагүй, нийтлэл нь бүхэлдээ үзэл бодлоо тулгасан өнгө аястай байсан, хоорондоо ямар ч хамааралгүй хоёр асуудлыг хольсон, гадаадын хөрөнгө оруулагчийг яс үндэс, гарал үүслээр ялгаварлан гадуурхсан учраас сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзсэн.

Хороо энэ гомдлыг хэлэлцээд “хэвлэл мэдээлэл ийм асуудал дээр дуугарах ёстой, хэдийгээр үзэл бодол орсон ч гэсэн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж дуугарсан нь зөв, санамсаргүй алдаа байхгүй, тодорхой эх сурвалжтай, үүрэн телефоны операторууд дуугарах юман дээрээ дуугараагүй мөртлөө өөрсдийн эрх ашиг хөндөгдөнгүүт дуугарсан, хүнийг гарал үүслээр нь ялгаварласан зүйл байхгүй, мушгин гуйвуулаагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тиймээс bataar.mn сайт нь ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэлээ.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.