ТВ4 ТЕЛЕВИЗ ЭРЭН СУРВАЛЖИЛСАН НЬ САЙН Ч БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ

ТВ4 ТЕЛЕВИЗ ЭРЭН СУРВАЛЖИЛСАН НЬ САЙН Ч БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2019 оны IV улирлын ээлжит хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар нийт таван гомдол хэлэлцсэн бөгөөд үүний гурав нь нэг телевиз буюу ТВ4 телевизийн редакцид иржээ. Нөгөө хоёр нь 25 дугаар суваг болон МҮОНТВ-ийн бүтээлд холбогдуулан ирүүлсэн байна.

ТВ4 телевизээр 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр нэвтрүүлсэн “Хятад улсаас 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна гэх гомдол мэдээллийн мөрөөр сурвалжлав”, 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Ш.Ганбат: Алдаж онож явсан ч ханийгаа би хүүхдүүдээ санаад ч гэсэн ирэх байх гэж хүлээдэг”, 2019 оны есдүгээр сарын 17-ны өдөр нэвтрүүлсэн “Хятад цагаачид Хан-Уул дүүрэгт 25 га газар бэлэглэсэн түүх сөхвөл” гурван мэдээлэл сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн уг мэдээлэлд нэр нь дурдагдсан иргэн, мөн аж ахуйн нэгж ХМЗ-д гомдол ирүүлсэн юм.

ТВ4 телевизийн гурван нэвтрүүлэг нь сэтгүүлчийн эрэн сурвалжлах арга зүйн элементийг багтаасан нэвтрүүлэг байлаа. Гэвч нэвтрүүлэгт дурдагдаж байгаа зарим мэдээллийг эх сурвалжаар баталгаажуулаагүй, хууран мэхлэх замаар мэдээлэл олж авсан, эх сурвалжийн өгсөн мэдээллийг бодит агуулгаас гажуудуулсан хэсгийг авч ашигласан зэрэг зөрчил гаргасан болохыг хорооны гишүүд хэлэлцлээ.

Тухайлбал, “Хятад улсаас 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна гэх гомдол мэдээллийн мөрөөр сурвалжлав” гэсэн агуулгатай мэдээлэлд “Аполлохеалт” компанийн борлуулж байгаа 19 төрлийн биобэлдмэлийн 17 нь зохих зөвшөөрөл аваагүй учраас хүний эрүүл мэндэд баталгаагүй гэсэн гол агуулгыг гаргасан. Гэсэн ч тус компанийн борлуулж буй бүтээгдэхүүн баталгаагүй гэдгээ нотлоогүй, сэтгүүлч тус байгууллагын бичиг хэргийн ажилтан эмэгтэйгээс “Бичлэг хийхгүй. Та ганц хоёр асуултанд хариулж болох уу?” гэж асуучихаад нууцаар бичлэг хийн түүнийгээ телевизээрээ цацсан нь Ёс зүйн зарчмыг зөрчжээ.

“Ш.Ганбат: Алдаж онож явсан ч ханийгаа би хүүхдүүдээ санаад ч гэсэн ирэх байх гэж хүлээдэг” гэсэн мэдээнд уг мэдээлэлд яриа өгч буй эх сурвалж гомдол гаргасан иргэнийг ноцтой асуудалд буруутгаж ярьсан байхад редакц энэ нь үнэн худал эсэхийг нягтлаагүй нь Ёс зүйн зарчмын 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн заалтыг зөрчжээ.

“Хятад цагаачид Хан-Уул дүүрэгт 25 га газар бэлэглэсэн түүх сөхвөл” гэх агуулгатай мэдээ нь хэд хэдэн зөрчилтэй гэж үзлээ. Үүнд, иргэнд их хэмжээний газар эзэмшүүлсэн асуудалд хариуцлага хүлээх ёстой этгээд нь иргэн биш төрийн байгууллага байхад иргэнийг буруутай гэсэн мэдээлэл өгсөн нь “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, мэдээнд гарч буй эх сурвалжууд сэтгүүлчийн хөндсөн асуудлыг баталгаажуулах түвшний эх сурвалжууд биш байсан нь “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, гомдол гаргасан иргэний ажлын өрөөнд бичсэн бичлэгийг техникийн аргаар гуйвуулсан тул “Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй” гэснийг, уг мэдээ нь бүхэлдээ үзэл бодол агуулсан учир “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг, мэдээлэл олж авахдаа нууцаар бичлэг хийсэн нь “Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна” гэснийг зөрчсөн, “Хууль, дүрэм журмыг уландаа гишгэлсэн энэ мэт Хятад үүсэлтэй иргэдэд эх орныхоо байтугай, төв нийслэлээсээ газар таслаж өгсөөр байгаа” гэх зэргээр хятадуудад хууль бусаар газар олгодог гэх хэвшмэл ойлголтыг дэвэргэх өнгө аястай мэдээлсэн учир “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” гэснийг, гомдол гаргагчийг илт гэм буруутан мэтээр мэдээлсэн нь “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг тус тус зөрчжээ.

ХМЗ-ийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын дагуу хэвлэл мэдээллийн редакциуд ирсэн гомдолд хариу тайлбар ирүүлж байр сууриа хамгаалах, зөрчил гаргаагүйгээ нотлох боломжийг олгодог. Редакциуд ч энэ боломжийг ашиглаж, ХМЗ-тэй хамтран ажилладаг сайхан жишиг хэвшиж байгаа. Харин ТВ4 телевиз гурван гомдлын алинд ч редакцийн тайлбарыг ирүүлээгүй юм.

 

“Улаанбаатар смарт карт” компанийн талаарх мэдээ нь бодит байдалд нийцсэнгүй

25 дугаар суваг телевизээр 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр нэвтрүүлсэн “Нийтийн тээврийн салбарт хяналт сул байснаас дампуурлын ирмэгт тулж иржээ” гэсэн агуулга бүхий мэдээнд “Улаанбаатар смарт карт” ХХК гомдол ирүүлж, энэ мэдээлэл нь Ёс зүйн зарчмын 1 дэх ерөнхий заалтыг бүхэлд нь зөрчсөн гэж үзсэн юм.

Энэ мэдээлэл үнэнд нийцээгүй, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлаагүй, зөвхөн нэг талын баримт нотолгоогүй ярилцлагад үндэслэн хөтлөгч, нэвтрүүлэгч нь алдаатай мэдээ тарааж компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлүүдийг гомдолдоо “Улаанбаатар смарт карт” компани дурджээ.

“Улаанбаатар смарт карт” нь 2016 оны арваннэгдүгээр сараас үүрэн телефоны “Юнител” компанитай хамтран ухаалаг сим карт, ХААН банкны картаар автобусанд зорчих боломжтой Сити пасс карт, мөн үүрэн телефоны “Мобиком” компанитай хамтран NFC сим карт болон хэд хэдэн үйлчилгээг холбосон U-money картыг гарган Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн. Мөн карт цэнэглэх цэгүүдээс гадна Скайтел, И-март, Номингийн салбаруудаар карт цэнэглэх үйлчилгээ үзүүлж байгаа.

Байдал ийм байхад 25 дугаар суваг телевизийн уг мэдээнд “карт унших машин тавьж, иргэдэд карт тарааснаас өөрөөр хөгжүүлэлт хийгээгүй” хэмээн дүгнэсэн нь мэдээллийг бүрэн гүйцэд нягталж шалгаагүй явдал боллоо. Тиймээс уг мэдээ нь Ёс зүйн зарчмын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Монголын Хүнсчдийн холбооны гомдол үндэслэлгүй байлаа

МҮОНТелевизээр 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Нээлттэй хором: Монгол улсын сүүний зах зээл” нээлттэй хэлэлцүүлэг хийжээ. Энэ хэлэлцүүлэгтэй холбогдуулан Монголын хүнсчдийн холбооноос ирүүлсэн ХМЗ-д хандан гомдол ирүүлсэн байна.

Монголын хүнсчдийн холбоо уг хэлэлцүүлэгт нэг талын байр суурийг илэрхийлэх, тэнцвэртэй бус мэдээлэл өгөх эх сурвалжийг сонгосон, тухайлбал, Монголын Сүүний нэгдсэн холбоо болон уг байгууллагатай хамаарал бүхий фермерүүдийг сонгож оролцуулсан нь үзэгчдэд хэтэрхий өрөөсгөл, буруу ойлголт төрүүлэх мэдээлэл өгсөн гэжээ.

Гомдолд дурдагдаж буй “Нээлттэй хором” нь сэтгүүл зүйн жанрын хувьд мэдээ, нэвтрүүлэг биш хэлэлцүүлэг байсан. Нээлттэй хэлэлцүүлэг нь тухайн редакцийн эсвэл сэтгүүлчийн үзэл бодол, байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд сэтгүүл зүйн бүтээл биш тул энэ гомдлыг ХМЗ хэлэлцэх үндэслэлгүй хэмээн үзэв.

Бэлтгэсэн: Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.