URUG.MN БОЛОН ZARIG.MN САЙТУУД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ

URUG.MN БОЛОН ZARIG.MN САЙТУУД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын хурал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр боллоо. Коронавирусийн халдвараас сэргийлэн тогтоосон хөл хорионы дэглэмээс шалтгаалан хурлыг онлайнаар зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралд нийт найман гомдлыг авч хэлэлцсэнээс зургаад нь дүгнэлт гаргаж хоёр гомдлыг Гомдол хүлээж авах, барагдуулах журмын (ГХАБЖ) дагуу хамтарсан хороогоор шийдвэрлүүлэх, Итгэлийн хороо байгуулан хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Энэ хоёр заалтыг аль алийг нь анх удаа хэрэглэсэн тохиолдол боллоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Радио, телевизийн болон ССС-ийн Ёс зүйн хоёр хороотой. Хэрвээ гомдол гаргагч Ёс зүйн хорооны шийдвэрийг дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргавал уг гомдлыг ГХАБЖ-ын 7.2-ийн дагуу хоёр хорооны хамтарсан хурлаар шийдэх журамтай.

Харин ГХАБЖ-ын 5.7-д “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-д заасан мэргэжлийн үүргийг баталгаажуулах зорилгоор ХМЗ итгэлийн хороотой байна. Гомдол гаргагч, хариуцагч талуудаас ирүүлсэн хамгаалагдах ёстой эх сурвалжийн тухай мэдээллийг тус хороо хүлээн аваад энэ тухай мэдээллийг эх сурвалжийн найдвартай байдлыг алдагдуулахгүйгээр ёс зүйн хороонд дамжуулна. Итгэлийн хороонд Ёс зүйн хороон дарга нар, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал орно. Сонирхлын зөрчил гарах тохиолдолд итгэлийн хорооны гишүүнийг нэмэлт төлөөлөгчөөр орлуулна. Холбогдогч талууд энэ талаар хүсэлтээ гаргахад хороо тухайн гомдлыг хэлэлцэж эхлэхээсээ өмнө хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийднэ” гэж зааснаар нэг гомдлыг барагдуулахаар боллоо.

Итгэлийн хороо байгуулах зохицуулалт өнгөрсөн 2019 онд журманд оруулсан шинэ зохицуулалт юм.

 

Urug.mn сайтын “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх мэдээлэл ёс зүй зөрчөөгүй

Мэдээллийн urug.mn сайтад 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” гарчигтай эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэн. Энэ нийтлэлдээ “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан түлш шатахуун нийлүүлэх тендерт оролцон ялсан “Сод Монгол” групп “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай хавсран ажиллаж энэ тендерт ялсан тухай өгүүлсэн.

Харин “Сод Монгол” групп уг нийтлэлд дурдагдсан баримтуудаа urug.mn нягтлаагүй, байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулж гүтгэн доромжилсон, мэргэжлийн давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасан гэж үзэн ХМЗ-д гомдол ирүүлжээ.

Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд сайтын редакц зарчмын дагуу ажилласан гэсэн дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, нэгд, сэтгүүлч “Шилэн данс дээрх бодит гүйлгээ”, “Бараа материал худалдан авах тухай санал, үндэслэл” зэрэг бичгийн эх сурвалжуудыг баримт болгон ашигласан, түүнийгээ ч тодорхой дурдсан, хоёрт, энэ нийтлэлд хэт дэврүүлсэн, хөөргөсөн зүйл байхгүй, сэтгүүлч баримтын дагуу дүгнэлт хийсэн, гуравт, сэтгүүлч мэдээллийг цуглуулж, олсон мэдээлэлдээ тулгуурлан ажилласан байх тул “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй хэмээн үзлээ.

 

Zarig.mn алдаа гаргаагүй

Zarig.mn сайтад 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр нийтлэгдсэн “Орхон аймгийн иргэн Г нь бусдад хутгалуулж хүнд гэмтжээ, гэтэл гэмт этгээд “хонгил” ярьж хариуцлагаас бултаж байна” гарчигтай нийтлэлд иргэн Э.Б-гээс гомдол ирсэн байна.

Гомдол гаргагч тус редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн нууцыг нийтэд задалж, хувь хүний нэр хүндийг улс төрийн зорилгоор санаатайгаар гутаасан, тухайн өдрөөс хойш тус сайтын сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан гэмт этгээд хэмээн гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна гэжээ. Харин редакц үүнтэй холбогдуулж хариу тайлбар ирүүлээгүй.

Zarig.mn сайтын энэ материалд хуулийн холбогдох байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт хохирогч болон хэргийг хянаж байгаа прокурорыг эх сурвалж болгож, хэрэг шийдэгдэхгүй сунжирч байгааг мэдээлжээ.

Хохирогч иргэний яриа, прокурорын тодруулгатай, ямар нэгэн байдлаар нөлөөллийн шинж агуулаагүй тул иргэн Э.Б-гийн гомдол үндэслэлгүй юм.

 

Сайтууд ташаа мэдээлэл түгээжээ

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр ulsturch.mn сайт болон бас нэгэн сайтад “Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг чөлөөлөх шуурхай хурал Москвад болж байна” ижил гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Энэ мэдээлэл нь бодитой биш ташаа мэдээлэл гэсэн гомдлыг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албанаас ирүүлсэн юм.

Хоёр сайтын редакц мэдээллээ өөр бусад мэдээллийн сайтуудаас авахдаа мэдээллээ баталгаатай эсэхийг нягтлаагүй гэсэн тайлбарыг ирүүлжээ. Тиймээс энэ хоёр сайт нь Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж Хороо дүгнэлээ. Ингэхдээ нөгөө сайт нь хариу тайлбартаа уучлалт гуйж, залруулга гаргахаа мэдэгдсэн тул сайтын нэрийг олон нийтэд зарлахгүйгээр зөрчлийг мэдээлэх шийдвэр гаргасан юм.

 

Дундговь аймгийн прокурорын талаарх мэдээлэл хэд хэдэн зарчмыг зөрчжээ

“Үндэсний шуудан” сонины 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн №18/3483/ дугаарт нийтлэгдсэн “Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, прокурорын дарга С.Гансэлэм нарыг шалгаж байна” гарчигтай мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас гомдол ирүүлжээ.

Гомдол гаргагч ирүүлсэн гомдолдоо энэхүү нийтлэлд дурдагдсан прокурор С.Гансэлэмийн талаарх мэдээллүүд нь “огт үндэслэлгүй, худал мэдээлэл түгээсэнд, прокурорын байгууллага болон прокурорын нэр төр, алдар хүндэд халдсан, хараат бус байдалд нөлөөлсөн агуулга бүхий ташаа мэдээлэл” гэжээ. “Үндэсний шуудан” сонины редакц ирүүлсэн хариу тайлбартаа “баттай эх сурвалжаас авсан мэдээлэл” учраас нийтлэлээ ташаа гэж үзэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Гэсэн ч Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжоор аливаа мөрдөн шалгасан гэмт хэргийг Прокурорын байгууллага хянан үзэж шүүхийн шат руу шилжүүлэх эсэхийг шийддэг. Ийм эрх бүхий байгууллага “Үндэсний шуудан” сонины мэдээллийг няцааж буй тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн, мөн нийтлэлд тодорхой эх сурвалжийг дурдаагүй тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн, мэдээлэлд дурдсан хууль зөрчсөн үйлдлүүдийг баталгаажуулаагүй, эх сурвалжаар нотлоогүй учир 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг зөрчсөн, буруутгагдаж буй төрийн албан хаагч эсвэл эрх бүхий байгууллагаас уг асуудалтай холбоотой тайлбар аваагүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, тодруулаагүй учир 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

Ёс зүйн зарчмын 3 дахь мөрдлөгийг зөрчжээ

“UB Post” сонинд 2019 оны зургадугаар сарын 27-ны дугаарт “The threat of radicalism under our nose” /Хамар доорх радикалист үзлийн аюул/ гарчигтай нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд Сири улсын иргэн Зеад Камал гомдол ирүүлсэн. Уг гомдолтой холбоотойгоор редакц хариу тайлбартаа энэ асуудлаар гомдол гаргагч хууль хяналтын байгууллагад мөн гомдол гаргасан байгааг харгалзан үзэж гомдлыг түдгэлзүүлэх эсвэл хойшлуулж өгөхийг хүссэн. Хороо редакцийн хариу тайлбарыг харгалзан үзэж хоёр удаагийн хурлаар хойшлуулаад байсан юм. Тус гомдолтой холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул хороо энэ удаагийн хурлаар гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гомдол гаргагч редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 2.3, 3, 4, 4.2, 6 гэсэн долоон зарчим зөрчсөн гэж үзсэнийг хороо хэлэлцээд зөвхөн 3-т заасан “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” гэснийг зөрчсөн, харин бусад заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.