LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан

LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны II улирлын ээлжит хурал 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж хоёр гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхнийх нь ТВ9 телевизээр 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн “Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангийн 40 сая доллар хаачив” мэдээ, мөн LiveTV телевизээр 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нэвтрүүлсэн “МХБХ дахь бэлгийн хүчирхийлэл 2” гэсэн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг байлаа.

 

ТВ9 телевиз мэдээллээ эх сурвалжаар баталгаажуулаагүй

ТВ9 телевизийн “Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангийн 40 сая доллар хаачив” мэдээ нь “огт холбогдолгүй хэрэгт буруутган удаа дараа нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан” гэж үзэн нэгэн иргэнээс ХМЗ-д гомдол ирүүлсэн.

Энэхүү мэдээнд зургаан жилийн өмнө болсон хэрэг явдлыг өгүүлж байгаа бөгөөд ингэхдээ ийм үйл явдал болсон гэдгийг нотолсон, гэрчилсэн бичгийн болон аман эх сурвалжгүй, мэдээнд өгүүлсэн зүйлээ баримтаар нотлоогүй, гомдол гаргагчийн гарын үсэг байсан эсэхийг баталгаажуулаагүй байгааг хорооны гишүүд онцоллоо. Тиймээс Ёс зүйн зарчмын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг мөн 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг тус тус ТВ9 телевиз зөрчсөн гэж дүгнэлээ.

Харин гомдолд дурдсанчлан хэт дэвэргэсэн эсвэл зохисгүй хэлбэрээр, дуулиантайгаар түгээсэн агуулга байхгүй тул Ёс зүйн зарчмын 4 буюу “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг, мөн гомдол гаргагчийг буруутгасан, гэмт хэрэгтэн мэтээр мэдээлсэн үг хэллэг мэдээнд дурдагдаагүй тул 4.2-т заасан “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэснийг, гомдол гаргагч нь эрхэлж байсан ажил үүрэг, албан тушаалын хувьд олны сонирхлын эх сурвалж мөн бөгөөд нэр, зураг зэрэг нь олон нийтэд нээлттэй учир 6-д заасан “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана” гэснийг зөрчөөгүй, бас уг мэдээний агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадаадын банкнаас зээлсэн Ш.Батхүүгийн өрийг тус үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлсөн, түүнийг нь иргэн Ш.Батхүүгээр буцаан төлүүлэхээр болсон ч одоо болтол бүрэн шийдэгдээгүй байгаа асуудлыг хөндсөн нь олон нийтийн сонирхлын асуудал мөн гэж үзсэн учраас 6.2-т заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно” гэснийг зөрчөөгүй гэж үзлээ.

 

LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан

LiveTV телевизийн “МХБХ дахь бэлгийн хүчирхийлэл 2” мэдээ нь Монголын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагч нь тамирчдад бэлгийн дарамт үзүүлж байсныг эрэн сурвалжлан гаргасан. Энэ сурвалжлагаа цувралаар гаргасан бөгөөд хоёр дахь цувралд сэтгүүлчийн ёс зүй зөрчигдсөн эсэхэд Хороо дүгнэлт гаргажээ. 

Энэ нэвтрүүлэгт гомдол гаргасан иргэн нь тус редакцийг дээрх мэдээг бэлтгэхдээ огт холбогдолгүй хэрэгт буруутган, удаа дараа нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан хэмээн буруутгасан.

LiveTV телевиз гомдлын хариу болгон редакцын тайлбарыг ХМЗ-д 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд ирүүлсэн. Уг тайлбарт “тус телевизийн Factcheck эрэн сурвалжлах нэвтрүүлгийн уран бүтээлчид гурван сарын турш баримт материалыг цуглуулж, нягтлан шалгасны үндсэн дээр эхний дугаарыг олон нийтэд хүргэсэн. Нэвтрүүлэг олон нийтэд цацагдсаны дараа Монголын Хөлбөмбөгийн холбоонд олон жил бугшиж хуримтлагдсаар, нуун дарагдсаар ирсэн хэргүүд илчлэгдэж, уг гэмт хэргийн хохирогч, золиос болсон охид, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид манай редакцтай холбогдож эхэлсэн учраас “Нэвтрүүлэг гарсаны дараа” гэх тусгай дугаарыг буюу “МХБХ дахь бэлгийн хүчирхийлэл 2” нэвтрүүлгийг цацсан. Эдгээр нэвтрүүлэгтэй холбоотойгоор МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, менежер Б.Учралсайхан нар тус нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч С.Будрагчаад хаягласан гомдлыг Зөрчлийн хуулийн 6.21-ээр зөрчил үүсгэн шалгуулахад уг нэвтрүүлэг нь үнэн бодит, баримттай нэвтрүүлэг байна гээд хэрэгсэхгүй болгон хаасан. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Учралсайханд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэжээ.

LiveTV телевиз нь мөн нэвтрүүлэгтээ охидын жинхэнэ нэрийг ашиглаагүй гээд тэмцээнд оролцсон охидын нэрсийн жагсаалтыг ирүүлээд Хороог тулгаж нягталж үзэхийг мэдэгджээ. Эдгээр нөхцөл байдлыг Хороо авч үзээд гомдол гаргагчийн долоон зүйлийн гомдлын зургааг зөрчөөгүй, харин нэг зүйлийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Тухайлбал, LiveTV телевиз нь уг нэвтрүүлэгт бодит байдлыг харуулах хангалттай эх сурвалж ашигласан, баримт олж баталгаажуулсан, эх сурвалжаа хамгаалах зорилгоор дүрд тоглуулах, дуу хоолойг өөрчлөх, нүүр царайг танигдахааргүй болгон өөрчлөх зэрэг аргыг хэрэглэсэн, нийгэмд далд бугшсан хөндүүр сэдвийг баримттайгаар гаргасан учраас хоосон дуулиан болгож дэвэргээгүй, энэ нэвтрүүлэгт дурдагдсан ажилтандаа Монголын Хөл бөмбөгийн холбоо хариуцлага тооцсон, мөн уг хэрэгт цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа тул хангалттай гэм буруутайг нотолсон учраас Ёс зүйн зарчмуудыг сахисан гэж үзлээ. Харин нэвтрүүлэгт шигшээ багийн гишүүдийн багаараа авахуулсан зургийг харуулсан нь хохирогчид олонд танигдах магадлалтай тул Ёс зүйн зарчмын 2.3-т заасан “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна” гэснийг зөрчсөн байна хэмээн дүгнэлээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.