Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй

Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Хүнсчдийн холбооны гомдлыг хоёр дахь удаагаа хэлэлцэв

МҮОНТ-ээр 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Нээлттэй хором” хэлэлцүүлгээрээ сүүний үйлдвэрлэлийн асуудлыг хөндөн гаргажээ. Энэ хэлэлцүүлэг нь студиэс шууд цацагддаг форматтай нэвтрүүлэг юм.

Энэхүү хэлэлцүүлгийг бэлтгэхдээ МҮОНТ нь мэдээллээ үнэнд нийцсэн эсэхийг нягтлаагүй, хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалжийн төлөөлөл нь олон талын байр суурийг илэрхийлэх боломжтой эсэхийг нягтлаагүй, нэвтрүүлэгтээ зөвхөн Монголын Сүүний нэгдсэн холбоо болон уг байгууллагатай хамаарал бүхий фермерүүдийг сонгож оруулсан нь үзэгчдэд хэтэрхий өрөөсгөл, буруу ойлголт төрүүлэх мэдээлэл өгсөн хэмээн үзэж байгаа Монголын Хүнсчдийн холбоо илэрхийлэн ХМЗ-д гомдол ирүүлсэн.

Радио, телевизийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцэн Монголын Хүнсчдийн холбооны гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн юм. Гэвч гомдол гаргагч хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд ахин гомдол гаргасан тул Хороо гомдлыг дахин хэлэлцээд редакц ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэлээ. Учир нь уг хэлэлцүүлгийг шууд дамжуулсан тул оролцогчийн ярьсан зүйлсийг тэр дор нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулах боломжгүй, урьдчилан эвлүүлэг хийж агуулгад нөлөөлөх, гуйвуулах аливаа үйлдэл хийгээгүй, хөтлөгч нэвтрүүлгийн оролцогчдыг холбоодын болон ХХААХҮ-ийн яамны төлөөлөл, сүүний фермерүүд гэдгийг ил тод танилцуулсан бөгөөд оролцогчид ч мөн өөрсдийн хэн болохыг танилцуулж, давхар титрээр гарсан байна. Мөн редакцын зүгээс Монголын Хүнсчдийн холбоог ч мөн хэлэлцүүлэгтээ оролцохыг урьсан болохыг гомдол гаргагч гомдолдоо дурьдсан байсан.

 

Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй

Хөдөлмөрийн Үндэсний намаас /ХҮН/ Tovch.mn сайтад хаяглан гомдол ирүүлснийг энэ өдөр хэлэлцлээ. Тус сайтын пэйж хуудсаар 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр шууд дамжуулсан “Т.Доржхандыг “ХҮН”-ыг ганц хүний нам буюу компанийн нам болгох гэж байна” хэмээн намын гишүүд нь үзэж байна. Иймд "Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг дүрмийн бусаар сонгосон гэж үзэж тус намын Нийслэлийн бүх гишүүд хуралдаж байна” гэх агуулга бүхий мэдээллийг бэлтгэхдээ тус намд 2018 он хүртэл гишүүн байсан, одоо гишүүнчлэлгүй, холбоо хамааралгүй бүлэг этгээд намын нэр, таних тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийг нягтлалгүй олон нийтэд нэг талын баримттай, ор үндэслэлгүй, буруу ташаа, хуурамч мэдээллийг шууд дамжуулсан нь Ёс зүйн зарчмаа зөрчсөн эсэхийг тодруулж өгөхийг ХҮН хүссэн.

Сайтын зүгээс ХМЗ-д хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа тухайн өдөр болж байсан үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулсан, уг арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс гишүүнчлэлгүй болсон, намын нэр, таних тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан эсэхтэй холбоотой гомдол нь манай сайтад хамааралгүй гэж үзэж байна гэжээ. Мөн ийм үйл явдал болж байна гэдгийг л шууд дамжуулсан, ямар нэг эвлүүлэг, урьдчилж бэлдсэн зүйл байхгүй, уг арга хэмжээг зохион байгуулахад сайтын зүгээс ямар ч оролцоо байхгүй, зөвхөн мэдээлэл дамжуулах ажлаа хийсэн тул ёс зүйн зарчим зөрчөөгүй гэдгээ илэрхийлжээ. Түүнчлэн тухайн арга хэмжээнд олонд танигдсан ХҮН-ын үүсгэн байгуулагчид байсан, бусад ирсэн гишүүдийг Нийслэлийн намын хорооны гишүүн эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоох эрх болон тийм боломж сэтгүүлчид байхгүй гэсэн байна.

Радио, телевизийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг хэлэлцээд шууд дамжуулалтын үеэр оролцогчийн яриаг үнэнд нийцсэн эсэхийг нягталж шалгах боломжгүй, болж буй үйл явдлыг шууд дамжуулсан, редакцын зүгээс ямар нэг нэмэлт үйл ажиллагаа явуулаагүй, редакц уг үйл явдалтай ямар ч хамааралгүй гэж үзлээ. Түүнчлэн редакц олон нийтэд мэдээлэл дамжуулах үүргийнхээ хүрээнд үйл явдлыг дамжуулсан гэдгээ илэрхийлсэн, мөн уг мэдээллийг төлбөртэйгээр цацсан гэх нотолгоо байхгүй, болж буй үйл явдлын талаар шууд дамжуулж байгааг далд сурталчилгаа явуулсан гэж батлах боломжгүй тул tovch.mn сайт нь ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэлээ.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.