Өргөн нэвтрүүлгийн долоон телевизийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ

Өргөн нэвтрүүлгийн долоон телевизийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ес зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал зургадугаар сарын 21-нд болж нэг гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэхүү гомдол нь өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр нэвтрүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөртэй холбоотой байлаа. Тухайлбал, Eagle, C1, ETV, NTV, SBN, UBS, Монгол HD телевизээр тавдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр коронавирусын халдвараар нас барсан иргэдийг халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж, сүүлчийн замд нь үддэг тухай сурвалжилга гарсан. Энэхүү сурвалжилгаар халдварт өвчний учраас нас барсан талийгаачийн дүрсийг үр хүүхэд, гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан нь талийгаач болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандаагүй, түүнчлэн хайрт аав, өвөөгөө алдаад уй гашуу, зовлон шаналалд байгаа гэр бүлийнхнээс ярилцлага авахаар шамдуулж, улмаар яриа өгөх, дүрс авахыг зөвшөөрөөгүй байхад нууцаар дагаж дүрс авсан зэрэг нь салах ёс хийж буй ар гэрийнхэнд нь хүндэтгэлгүй хандаж, оршуулах ёслолд саад болж эрээ цээргүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гэж иргэн М.Т үзэн Хэвлэлийн зөвлөлд гомдол ирүүлжээ.

 

Хороо дээр дурдсан мэдээллийг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд энэхүү сурвалжилгыг нэвтрүүлсэн долоон телевиз бүгд ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлээ. Хэдийгээр зарим телевизийн редакцын зүгээс энэхүү сурвалжилга нь өөрсдийн редакцын бэлдсэн контент биш гэсэн тайлбар ирүүлсэн ч эдгээр долоон телевиз нь Монгол орон даяар нэвтрүүлгээ цацах тусгай зөвшөөрөл бүхий өргөн нэвтрүүлгийн телевизийн хувьд өөрийн эфирээр түгээсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгийн агуулгыг хуулийн дагуу хариуцах учиртай. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанар нь ч тухайн хэвлэл мэдээллийн редакц нь сэтгүүлчийнхээ бэлтгэсэн төдийгүй өөрийн эфирээр олон нийтэд түгээсэн нийтлэл, нэвтрүүлэг нь мэргэжлийн сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйн зарчмын хүрээнд байгаа эсэхэд хяналт тавьж, хариуцлага хүлээх ёстой гэж үздэг.

 

Уг сурвалжилгад гарч байгаа нас барсан иргэний ар гэрийнхэн бичлэг хийлгэхгүй, мэдээ бэлтгэхийг зөвшөөрөхгүй гэсээр байтал мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэснээр осол, гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн бөгөөд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 6.8-д заасан “Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол, гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй” гэснийг зөрчсөн, мөн уг мэдээг бэлтгэх явцад нас барсан иргэний ар гэрийнхэн зөвшөөрөхгүй байхад бичлэг хийсэн, мөн хойноос нь дагаж бичлэг хийсэн, тэднээс яриа өгөхийг хүссэн нь ёс зүйн зарчмын 7-д заасан “Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана” гэснийг зөрчсөн хэмээн үзсэн байна.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.