Хоёр талын эх сурвалжаар мэдээгээ баталгаажуулсан NTV зөвдөв

Хоёр талын эх сурвалжаар мэдээгээ баталгаажуулсан NTV зөвдөв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2021 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болж хоёр телевизэд хаягласан гомдлыг хэлэлцлээ.

 

Энэ хоёр гомдол нэг агуулгатай мэдээнд ирсэн гомдол байлаа. Тухайлбал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд коронавирусийн халдвар авсан тухай нэг ижил агуулгатай. 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр NTV телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 99 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ”, мөн өөр нэг телевизээр “Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 100 гаруй ажилчин халдвар авч нөхцөл байдал хүндэрчээ” гэсэн мэдээлэл цацагдсан байна.

 

Эдгээр редакц нь уг мэдээллээрээ ташаа мэдээлэл түгээсэн, хамааралгүй асуудалд холбогдуулан нэр төрд халдсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан, гүтгэсэн хэмээн гомдолд дурджээ. NTV телевизийн зүгээс гомдолд хариу тайлбар ирүүлсэн бол нөгөө телевизийн редакц хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

NTV телевизийн редакц ирүүлсэн тайлбартаа Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зургаан голомт үүссэнийг дурдаад эмнэлгийн зүгээс Улаанбаатар хотоос ирсэн сахиураас халдвар тарсан гэж мэдээлсэн бол иргэдийн зүгээс нэгдсэн эмнэлгийн дарга гавьяат цол хүртсэн, түүнийг эмнэлгийнхэн угтахдаа халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, одонгийн найр хийсэн гэсэн хоёр талын байр суурийг хүргэснээ онцолсон. Тиймээс NTV телевизийн редакц уг мэдээллээ бэлтгэхдээ өөрийн байр суурьнаас ямар нэг дүгнэлт хийгээгүй бөгөөд хоёр талын эх сурвалжийн тайлбарыг оруулсан учир 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй. Мөн тухайн мэдээлэлд эх сурвалжууд бүгд тодорхой, ямар нэг байдлаар мэргэжлийн давуу байдлаа ашигласан, авлига авсан, гүтгэн доромжилсон агуулга байхгүй гэж үзсэн тул 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй хэмээн үзлээ.

 

Харин нөгөө телевизийн мэдээнд “эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлгийн зүгээс ийм тайлбар өгч байгаа юм” гэж дурдагдаж байгаа боловч бодит эх сурвалжийн яриа, тайлбараар баталгаажуулаагүй тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж үзлээ. Гэхдээ энэ нь санамсаргүй алдаа учраас Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 6.3.2 болон 6.3.4-т заасны дагуу редакцын нэрийг дурдахгүй зөрчлийг мэдээлж, зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.