Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны дөрөвдүгээр улирлын хурал арванхоёрдугаар сарын 22-ны өдөр болж хоёр гомдлыг хэлэлцлээ.
Нэг. Todxar.mn сайтыг баталгаатай эх сурвалж, нотолгоогүйгээр оршуулгын зан үйлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг буруутгасан гэж үзлээ
Todxar.mn сайт нь нас барагсдын шарилыг зарж наймаалцдаг бүлэглэл байна гэх агуулгатай “Цогцос наймаалагчид” хэмээх цуврал нэвтрүүлгийг бэлтгэн фэйсбүүк хуудсаараа түгээжээ. Нэвтрүүлэг нь оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг нийт байгууллагууд болон тус холбооны гишүүдийн ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тавгүйтүүлсэн, хүнлэг бус, ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж Буяны зан үйлийн холбоо ТББ-аас редакцыг ёс зүйн зарчмын 1 дэх заалтыг зөрчсөн хэмээн гомдол ирүүлсэн. Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд редакц байж болзошгүй, шалгагдаж буй хэргийн талаар мэдээлэхдээ онцгой анхааралтай, няхуур хандах ёстой. Тус нэвтрүүлгийг үзсэн хүмүүст Буяны зан үйлийн холбооны гишүүн байгууллагууд үнэхээр цогцос наймаалцдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц байсан. Мөн тэдгээр байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд төдийгүй олон нийтийн сэтгэл санаанд маш таагүй байдлаар нөлөөлөхүйц мэдээлэл байсныг хорооноос онцлон тэмдэглэв. Улмаар АТГ-ын ажилтны “байж болзошгүй асуудлыг шүүхээр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн” гэдгээс өөр ямар ч баттай эх сурвалж, баталгаа, нотолгоо байхгүй асуудалд тус холбооны гишүүн байгууллагуудыг шууд буруутган мэдээлсэн хэмээн үзэж редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Хоёр. Редакц нээлттэй мэдээллийн сан бүхий сайтад байгаа бүртгэлийн мэдээллийг ил болгосон нь ёс зүйн алдаа гаргаагүй
Өнгөрсөн наймдугаар сард eguur.mn сайтад улс төрийн томоохон нэг хүчний эзэмшигч нь БНХАУ хэмээн бүртгэгдсэн байна гэсэн мэдээлэл гарсан. Тэдгээрийн нэгд нэр нь дурдагдсан байгууллагаас редакцыг мэдээллийн санд байгаа алдаатай мэдээллийг нягтлалгүйгээр ашигласан, мэдээлэл үнэн эсэхийг тухайн байгууллагаас албан бичиг, захидал, утас, зурвас, цахим шуудан зэргийн аль ч хэлбэрээр тодруулаагүй, мэдээллээ авсан эх сурвалж нь алдаа гарсан байгааг тайлбарлаад байхад мэдээллээ залруулаагүй тул ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.8, 1.9, 3.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн юм. Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд редакцын тайлбартай танилцах нь зүйтэй гэж үзсэн тул дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулаад байсан билээ. Тэгвэл энэ удаагийн хурлаар тус гомдлыг хэлэлцээд редакц нээлттэй мэдээллийн эх сурвалж болох opendatalab.mn сайтыг ашиглаж, мэдээллийг нийтлэхдээ баримтаар зургийг нь хавсаргасан, мөн эх сурвалжаа дурдсан, хэн нэгнийг шууд буруутгаагүй, opendatalab.mn сайтад байсан мэдээллийг нийтэлсэн тул редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзлээ.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд
1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”
1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”
1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”
1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”
1.9 - “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна”
3.2 - “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ”
Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал