Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 9-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас дөрвөн редакцад хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.
Нэг. Neguun.mn сайтыг мэдээллээ баталгаатай эх сурвалжаас тодруулаагүй, баталгаажуулаагүй гэж үзлээ
Neguun.mn сайт 2023 оны нэгдүгээр сард эмч, эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж хэд хэдэн хүн амь насаараа хохирсон, тухайн эмнэлэг хугацаа нь дууссан болон Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй эм, тариа хэрэглэж байсан зэрэг асуудлыг хөндөн цуврал шууд дамжуулалтууд хийжээ. Эмнэлгийн зүгээс редакцыг мэдээллээ бүрэн нягтлалгүй, бодит байдлаас зөрүүтэйгээр мэдээлсэн, хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар заналхийлэл учруулж байна хэмээн олон давтан мэдээлсэн, энэ асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тайлбарлаад байхад ахин дахин тайлбар авна гэж дайрсан, ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй цогцсыг нууж зөөвөрлөсөн хэмээн ор үндэсгүй мэдээлсэн нь ёс зүйн хэм хэмжээг маш ноцтойгоор зөрчсөн, амь насаа алдсан шалтгаан бүрэн тодорхой болсон, үүнд эмнэлэг буруутай мэтээр ул суурьгүйгээр, зориудаар мушгин гуйвуулсан мэдээлэл цацсанд гомдолтой байна гэжээ. Улмаар хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллага, ажилчдад болон шалгах үйл ажиллагаанд гаднаас зориуд санаатайгаар нөлөөлөх зорилго агуулсан хэмээн гомдол ирүүлсэн. Улмаар “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 3.2, 4.2, 6.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Хороо уг гомдлыг хэлэлцээд редакц хэдий зайлшгүй анхаарах ёстой чухал асуудлыг хөндсөн ч холбогдох эх сурвалжуудаас тухайн үйл явдлууд болсон эсэхийг тодруулж, баталгаажуулаагүй. 2016 болон 2022 онд нас барсан гэх хоёр хүний мэс заслын үеэр болсон үйлдэл бүрийг хажуугаас нь харж байсан мэтээр ингэсэн, тэгсэн хэмээн дүгнэн ярьж үзэл бодлоо оруулсан. Мэдээллүүд нь ямар нэг байдлаар нотлогдоогүй, тодорхой эх сурвалжгүй байхад таамаг гэдгийг дурдалгүй баталгаатай мэтээр мэдээлсэн, эмнэлгийг төлөөлөн яриа өгсөн эмч нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа асуудал учраас мэдээлэл өгөх боломжгүй, өмнөх болсон асуудлуудын үеэр ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй байна гэдгээ илэрхийлж буйг үл харгалзсан. Шууд дамжуулалтын үеэр дурдаж буй асуудлууд үнэхээр болж байсан уу, асуудал үүсч байсан уу гэдгийг эрх бүхий байгууллагуудаас тодруулалгүй удаа дараа шууд буруутгасан өнгө аясаар, “санаатайгаар хүний амь нас, эрүүл мэндийг хохироож байна” гэх зэргээр мэдээлсэн гэж үзсэн. Иймээс ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж хороо үзэв. Харин тухайн эмнэлэг хүний амь нас, эрүүл мэнд хохироодог гэдэг нь хэвшмэл ойлголт биш, редакц болсон байж болзошгүй асуудлуудыг хөндөн мэдээлсэн бөгөөд ингэхдээ хэн нэг хүний сэтгэл санаа, бие мах бодийн эмгэг, эрүүл мэндийн талаарх хувийн мэдээллийг задруулаагүй гэж үзсэн тул 3.2, 6.6 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.
Хоёр. Монгол ТВ телевизийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэв
Монгол ТВ телевизээс Eguur.mn сайтад нэгдүгээр сарын 23-ны өдөр нийтлэгдсэн “Продакшнууд хэд, хэдэн хувиар уран бүтээлчидтэй гэрээлдэг вэ” гэх гарчигтай мэдээлэлд хаяглан гомдол ирүүлсэн. Ингэхдээ гэрээний орлогын 90 хувийг телевиз, 10 хувийг уран бүтээлч авах байдлаар гэрээлдэг, гэрээ нь шоуны хамгийн сүүлийн эфир цацагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ялагчаас түрүүлж шинэ дуу хийхгүй гэх зүйл заалттай гэх мэт буруу ташаа мэдээллийг олон нийтэд хүргэж, тус телевизийн болон хамтран ажилладаг уран бүтээлчдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллийг түгээсэн учраас “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзээд шоуны оролцогчидтой хийдэг гэрээний хуулбараа хавсарган ирүүлсэн юм.
Хороо уг гомдлыг хэлэлцээд редакц мэдээллээ бүрэн нягтлан шалгаагүй, тодорхой аман болон бичгийн эх сурвалжаар баталгаажуулаагүй, таамаг төдий мэдээлэл оруулсан, байгууллагуудын нэр хүндэд халтай мэдээлэл түгээж байгаа учир мэдээллээ нийтлэхээсээ өмнө нягтлах үүднээс нэр нь дурдагдаж буй байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байсан хэмээн үзэж 1.1, 1.2, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Харин “Монгол HD мөн л 90/10 гэсэн байдлаар гэрээлдэг … нэг жилийн хугацаанд ялагчаас түрүүлж шинэ дуу хийхгүй гэх зүйл заалт ч бий гэнэ” хэмээн бичсэн нь баталгаагүй таамаг мэдээлэл гэдгийг илэрхийлсэн хэмээн үзсэн тул 1.6 дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэв.
Гурав. Tovch.mn сайтыг бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээллийг нягтлалгүй дамжуулсан гэж үзэв
Монгол ТВ телевизээс дээрх агуулгаар Tovch.mn сайтад мөн гомдол ирүүлсэн. Eguur.mn сайтын мэдээллээс ялгаатай нь Tovch.mn сайт албан ёсны сошиал хуудсуудаараа /фэйсбүүк, твиттер/ “Продакшнууд vs Хамтлаг, дуучид, уран бүтээлчид…” гэх гарчигтай зурган мэдээлэл дамжуулсан байв.
Хороо уг гомдлыг хэлэлцээд редакц бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг баталгаатай эх сурвалж гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд ийм тохиолдолд тухайн мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг нягтлан шалгах нь зүйтэй, баталгаагүй мэдээллийг баталгаатай мэтээр түгээсэн, байгууллагуудын нэр хүндэд халтай мэдээлэл түгээж байгаа учир мэдээллээ нийтлэхээсээ өмнө нягтлах үүднээс нэр нь дурдагдаж буй байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байсан гэж үзээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэсэн.
Дөрөв. Редакц чухал асуудал хөндсөн хэдий ч мэдээллээ баримтаар баталгаажуулаагүй
Хоёрдугаар сарын 6-ны өдөр нэгэн сайт хэвлэл мэдээллийн байгууллага мөнгө өгтөл нь дарамтална гээд байгаа гэх агуулга бүхий нэгэн иргэний яриаг шууд дамжуулжээ. Уг мэдээлэл нь редакцыг шууд буруутгасан, мэдээллээ нягтлалгүй, бодит байдлаас зөрүүтэй, ор үндэсгүй мэдээлэл түгээсэн гэж үзэн нэр нь дурдагдсан хэвлэл мэдээллийн байгууллага ХМЗ-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.3, 1.5, 1.6, 1.8, 3.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байв.
Хороо уг гомдлыг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд редакц дээрх шууд дамжуулалтаараа эх сурвалжийн яриаг хүргэсэн бөгөөд ямар нэг дүгнэлт, үзэл бодол оруулаагүй, эх сурвалжийн ярианд үндэслэн гарчигласан, шууд дамжуулалтын үеэр ямар ч хэвшмэл ойлголт дурдагдаагүй зэргийг үндэслэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.3, 1.5, 1.6, 3.2 дахь заалтуудыг зөрчөөгүй, хэдий эх сурвалжийн яриаг хүргэж байгаа боловч буруутгагдаж буй талаас энэ мэдээлэл үнэнд нийцэж байгаа эсэхийг нь тодруулах нь зүйтэй байсан хэмээн үзэж 1.8 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзсэн.
Мөн гомдол гаргагч талыг хангалттай материал бүрдүүлж өгөөгүй гэж үзсэн. Тодруулбал, гүтгэсэн, гомдож байна гэсэн өгүүлбэрээс өөр нотлох баримт материал байхгүй, бичиж, нийтэлсэн мэдээллүүдээ бэлдэхдээ тухайн эмнэлгээс хэрхэн асууж сурагласан талаарх аудио, видео зэргийг ирүүлэх нь зүйтэй байсан гэж үзлээ.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:
1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”
1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”
1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”
1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”
1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”
1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”
3.2 - “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ”
4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”
6.6 - “Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ”
Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал