Редакц мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзлээ

Редакц мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй гэж үзлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 29-ний өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар нэг гомдол хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

 

Тодруулбал, Zarig.mn сайтын “Шуурхай: Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарыг суллахаар боллоо, хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа” гэх гарчигтай мэдээлэлд нэгэн иргэнээс ирүүлсэн гомдлыг Ёс зүйн хороо нягтлан хэлэлцлээ. Гомдол гаргагчийн зүгээс редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ олон нийтийг төөрөгдөлд оруулсан, бодит байдлыг гуйвуулсан хэмээн үзээд Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн гомдлоо гаргасан. Ингэхдээ “Гарчиг болон агуулга нь олон нийт болон үзэгчдийг зориудаар төөрөгдөлд оруулан, хууран мэхлэх зорилго агуулсан ташаа мэдээлэл гэж харагдаж байна. “Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарыг суллахаар боллоо, анхан шатны шүүхэд буцаалаа” гэх гарчигтай сурвалжилгаар Ц.Төмөр болон Л.Гэрэлзаяа нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хувийн баталгаа гарган сулласныг тухайн хэрэг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэж, шүүгдэгчид ял өгөлгүй цагаатгасан мэт мэдээлжээ. Мөн “Хийгээгүй хэргээ нотлоод явах процесс үргэлжлэх нь байна”, “Ямар ч байсан ингээд нэг айл элэг бүтэн болж байгаад баярлалаа” зэрэг өгүүлбэрүүд нь сэтгүүлч өөрийн үзэл бодлыг оруулан, нийгмийн сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж, буруу ойлголт нийгэмд түгээхийн сацуугаар түүгээр дамжуулан хууль хэрэглээний нэгдсэн ойлголт, шүүх, шүүн таслах үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон, цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн зарчим болох хууль дээдлэх, бодит мэдээлэлд үндэслэх зарчмуудыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна” гээд ямар үг, өгүүлбэрт гомдолтой байгаагаа тайлбарласан.  

Харин редакцын зүгээс уг асуудалтай холбоотойгоор Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарын ар гэр, малаа алдсан гэх иргэдтэй ярилцсан болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллүүдийг ирүүлэн, ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд, дээрх мэдээллийг үзсэн хүн бүхэнд давж заалдах шатны шүүх яг ямар шалтгааны улмаас хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бэ гэдэг нь ойлгомжгүй, шүүхээс тухайн иргэдийг батлан даалтаар сулласан атал буруугүй хэмээн сулласан мэт ойлгогдохоор “Өнөөдөр 08.02-ны өдөр. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, Гэрэлзаяа, Төмөр нар суллагдахаар болж байна” гэж мэдээлсэн, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/33 дугаар магадлалд “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзээд, давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо” гэжээ. Харин редакцын мэдээлэлд “Хийгээгүй хэргээ нотлоод явах процесс үргэлжлэх нь байна” гэх зэргээр нэр бүхий хоёр иргэн буруугүй гэж ойлгогдохоор мэдээлжээ. Эдгээр нь агуулгыг буруугаар ойлгуулсан, нөхцөл байдлыг мушгин гуйвуулсан, хэт хялбарчилсан, сурвалжилгын төгсгөлд “Ямар ч байсан ингээд нэг айл элэг бүтэн болж байгаад баярлалаа. Биднийг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа” гэх зэргээр дүгнэлт хийж, үзэл бодлоо оруулсан зэргийг үндэслэн редакц 1.1, 1.3, 1.5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзсэн. Харин редакц дээрх мэдээллээ шүүхийн шийдвэрт үндэслэн бэлтгэсэн, видео бичлэгийн үеэр яриа өгч буй иргэдийн хэн болохыг хэлж, танилцуулсан тул 1.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

 

Хавсралт

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.