Zarig.mn сайттай холбоотой гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав

Zarig.mn сайттай холбоотой гомдлыг хэлэлцэхийг хойшлуулав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны IV улирлын хурал арванхоёрдугаар сарын 15-нд болж, гурван сайтад холбогдох гомдлуудыг хэлэлцэж, хоёр гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. 

 

1. Олон нийтэд нээлттэй мэдээлэл нийтлэлдээ ашигласан учир Surag.mn cайт зөвдөв

 

Surag.mn сайт “Болгарын зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтран компани байгуулсан Энхбаярын Батшугарын оффшор компаниуд” гарчигтай нийтлэлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр гаргажээ. Энэхүү нийтлэлдээ “Эскон” ХХК-н хамаарал бүхий байгууллагуудын тухай бичиж, байгууллагын бүтцийн схем зураг, агуулгатай хамаарах бусад бичгийн эх сурвалжийг баримт болгон бүтээлдээ ашигласан байна.

 

Энэхүү нийтлэлдээ ашигласан схем зурагт гомдол гаргагчийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн, бусдад ташаа ойлгогдохоор мэдээлэл түгээж нэр төрд нь халдсан хэмээн нэгэн иргэнээс гомдол ирүүлж улмаар редакцын энэ үйлдэл нь  Мэргэжлийн ёс зүйн зарчмын 1.2, 1.6, 2.3 заалтуудыг зөрчиж байгааг гомдолдоо бичжээ. 

 

Редакц, гомдол гаргагчийн дурдсан ёс зүйн зарчмын заалт бүрд харгалзах үндэслэлээ бичиж, 1.2, 1.6 заалтуудыг зөрчөөгүй, 2.3 заалтын дагуу тухайн иргэний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэндээ уучлал хүссэн хариу тайлбараа 2023 оны 11 дүгээр сарын 15-нд  Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ажлын албанд ирүүлсэн юм. 

 

Ёс зүйн хороо дээрх баримтуудыг нягтлан хэлэлцээд тус схем зурагт ашигласан гомдол гаргагч иргэний зураг нь хувийн чанартай бус, мөн гомдолд дурдагдаж буй агуулгаар нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлгүй, тухайн иргэний албан тушаалыг дурдсан нь таамаг эсвэл баталгаагүй мэдээлэл биш гэж үзсэн тул surag.mn сайтыг Ёс зүйн зарчмын дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

2. Тас.mn сайтыг Ёс зүйн зарчмын зарим заалтыг мөрдөөгүй гэж үзлээ

 

Tac.mn сайт “СЭМҮТ-ийн эмч Л.Баттулга өвчтөнтэйгөө бэлгийн харилцаатай болж, ёс зүйн алдаа удаа дараа гаргажээ” гарчигтай мэдээллийг 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр түгээсэн байна. Тус мэдээлэл нь СЭМҮТ-н нэгэн эмчийн ёс зүйгүй үйлдлийн талаар байсан бөгөөд тухайн мэдээлэлд өөр нэгэн иргэний албан тушаал болон зургийг холбогдуулан дурджээ. 

 

Энэ мэдээлэлтэй холбогдуулан нийтлэлд нэгэн иргэнээс редакцыг буруутган ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 1.9, 2.1, 2.2, 3.2, 4, 4.2, 6.1, 6.2, 6.8-р заалтуудыг зөрсөн хэмээн үзэж гомдол ирүүлжээ. Тодруулбал гомдол гаргагч нь тухайн редакц дээрх мэдээллийг бэлтгэхдээ зургийг нь зөвшөөрөлгүй ашиглаж, худал мэдээлэл түгээж, нэр төр, алдар хүндэд ноцтой халдаад зогсохгүй энэ сэдвээр дахин мэдээлэл нийтэлнэ гэж сүрдүүлж, түүнийгээ олон нийтэд зарласанд гомдолтой байгаагаа бичжээ.

 

Редакц хариу тайлбараа 2023 оны 11 дүгээр сарын 13-нд ирүүлсэн бөгөөд тус тайлбартаа ямар зорилготой энэхүү мэдээллийг бэлтгэх болсон үндэслэлээ бичиж, нэмэлт баримтууд хавсарган, гомдол гаргагчийн дурдсан Ёс зүйн зарчмын заалтуудыг зөрчөөгүй гэдгээ илэрхийлэв.

 

Ёс зүйн хороо дээрх мэдээллийг нягтлан хэлэлцээд хэдийгээр эмчийн ёс зүйгүй байдлын талаар мэдээлж, ахин давтагдахаас сэрэмжлүүлсэн хэмээн редакц тайлбарлаж буй хэдий ч, гомдол гаргагч иргэний зургийг нийтэлсэн, нийтлэхдээ царайг шууд таниулахгүй байх арга хэрэглэсэн ч түүний гэр бүл, ойр дотнынхон болон бусад танилуудад шууд танигдахуйц байсан тул Ёс зүйн зарчмын 4, 6.1, 6.2 заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ. 

 

Харин дээрх мэдээллийн агуулга болон гарчигт СЭМҮТ-ийн эмчийн ёс зүйгүй үйлдлүүдийг тухай бичсэн, зураг нь нийтлэгдсэн иргэний тухай мэдээлэлд оруулаагүй, мөн нийтэд түгээсэн мэдээлэл нь бодит болохыг гэрчлэх баримтуудыг редакц хариу тайлбартаа ирүүлсэн тул гомдол гаргасан бусад заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

3. Zarig.mn сайтад холбогдох гомдлыг түдгэлзүүллээ

 

Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Хууль хүчтэйн өмнө ганхаж, ядарсанд нь илдээ далайдаг байж болохгүй”, “ШУУД: Найман ишигний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг нь хязгаарлалаа”, “Нутгийн иргэн: Найман ишигний хохиролтой гээд байгаа бол энэ ишигнүүдийг ав” гэх гарчигтай мэдээллүүдэд хаягласан гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүллээ.

 

Ингэхдээ тус редакцыг шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаа явуулж, шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийж, үзэл бодлоо оруулан, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж, шүүхийн үйл ажиллагааны талаар буруу ойлголтыг нийгэмд өгч, нэг талыг барьсан мэдээлэл түгээж, шүүхийн эсрэг олон нийтийг турхирсан үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Мөн редакц мэдээллээ бэлтгэхдээ дээрх шалтгааны улмаас мэргэжлийн ёс зүйн зарчмын 1.1, 1.3, 1.5, 1.6 заалтуудыг зөрсөн гэж гомдолдоо бичжээ. 

 

Тухайн гомдолтой холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ажлын албанаас Zarig.mn сайтаас хариу тайлбар хүссэн боловч, тэд ирүүлээгүй юм.

 

Ёс зүйн хороо ирүүлсэн гомдлын дагуу мэдээллийг нягтлан хэлэлцээд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн байгууллагад давхар хандсан, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллага шалгаж буй тул ХМЗ-ийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 3.4-т заасны дагуу уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. 

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1.1 Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2   Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.3   Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.5 Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

1.6  Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

1.8  Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

1.9 Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй  залруулна.

2.1  Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно.

2.2  Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна.

2.3 Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.

3.2 Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ.

4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.

4.2 Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.

6.1 Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

6.2 Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.

6.8 Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.