НЭР БҮХИЙ ТЕЛЕВИЗҮҮД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ

НЭР БҮХИЙ ТЕЛЕВИЗҮҮД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны иргэдийн гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж, 4 телевизд хаяглан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 Эхний гомдлыг Орхон аймгийн иргэн Я.М-ээс Орхон аймгийн ТВ10 телевизийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Цагийн хэмнэл” нэвтрүүлэгээрээ нэр төрд нь халдсан ярилцлага хийж олон нийтэд цацсан, хэт нэг талыг барьсан, хариу тайлбар өгөх оролдлого хийсэн ч ярилцлага аваагүй хэмээн ХМЗ-д ирүүлсэн байна. Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд Орхон аймгийн ТВ10 телевиз нь дээрх нэвтрүүлэгт буруутгагдсан этгээд болох иргэн Я.М-ийн удаа дараагийн хүсэлтийг үл хэрэгсэн түүнд хариу тайлбар хийх боломж олгоогүй байна гэж дүгнэж, улмаар тус телевизийн “Цагийн хэмнэл” нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8 дахь заалт “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэж үзлээ.

Дараачийн гомдлыг “Эмээлт зах” ХХК-аас ХМЗ-д ирүүлжээ. Энэ оны 10 дугаар сарын сүүлч 11 дүгээр сарын эхээр хэд хэдэн телевиз Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг бойны газруудад монгол адууг тамлан зовоож байгаа тухай сурвалжлагыг бэлтгэн мэдээллийн хөтөлбөрөөрөө гаргахдаа ёс зүйн алдаа гаргаж, нэр хүндэд нь халдсан гэж тус компани үзжээ.

Үүнд:
1. NTN телевизд хаяглан ирүүлсэн гомдолдоо тус телевизийг 2017 оны 10 сарын 25-ны мэдээллийн хөтөлбөрөөрөө “Монгол адууг амьдаар нь тамлаж байгаа дэндүү харгис гэмээр үйлдэл эмээлтэд бий болжээ” гэсэн мэдээлэл түгээхдээ Эмээлт орчмын адуу нядалгааны газруудыг “Эмээлт зах” гэж хавтгайруулан нэрлэж, бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг манай компанийн үйлдэл мэтээр ташаа мэдээлсэн нь манай байгууллагын нэр хүндэд ноцтой халдаж, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна” гэжээ.

Энэ гомдлыг Ёс зүйн хороо авч хэлэлцээд NTN телевиз нь дээрх сурвалжлагыг бэлтгэхдээ “Эмээлт” орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэрийг нягтлаагүйгээс Эмээлт зах” ХХК-ийн нэр хүндэд халдсан санамсаргүй алдаа гаргасан, мөн “сэтгэл эмзэглэмээр”, “нүд хальтирам” гэх мэт үгсийг дахин давтаж хэрэглэсэн, мэдээллийн агуулгад хамааралгүй баримт /Сүхбаатар аймагт болж байсан үйл явдал/-ыг ашигласан зэрэг нь “хэвшмэл ойлголт”-ыг дэвэргэн хөөрөгдсөн байна гэж дүгнэлээ.

Дээрх дүгнэлтэд үндэслэн NTN телевиз нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалт буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 3.2 дахь заалт болох “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзлээ


2. ETV телевизд хаяглан гомдолд “2017 оны 11 сарын 08-нд тус телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Эмээлт зах дээр адуу харгислаж байна” гэж ярьсан нь “Эмээлт зах” ХХК-ийн бизнесийн нэр төрд халдсан, ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн” гэжээ. Ёс зүйн хороо энэ гомдлыг авч хэлэлцээд ETV телевиз нь дээрх мэдээллийн хөтөлбөртөө “Эмээлт” орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэрийг нягтлан шалгаагүйгээс "Эмээлт зах” ХХК-ийн нэр хүндэд халдсан санамсаргүй алдаа гаргасан байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтэд үндэслэн ETV телевизийн мэдээллийн дээрх нэвтрүүлэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалт болох “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж үзлээ.

3. Royal HD телевизүүдэд хаяглан ирүүлсэн гомдолд эдгээр телевизүүд 2017 оны 10 дугаар сарын 23-ны “Халуун цэг” мэдээллийн хөтөлбөртөө “Хятадуудын гарт монгол адуу тарчилж байна” гэсэн мэдээллийг давталттайгаар олон удаа гаргаж, Эмээлт захын хашаанд эмнэлэгийн тусламж үзүүлэхээр буулгасан байсан адууны зургийг харуулж, бодит байдлыг нягтлан шалгалгүйгээр, өөрийн үзэмжээр худал мэдээлэл олон нийтэд түгээсэн” гэжээ. Энэ гомдлыг шинжлэн хэлэлцэхийн тулд дээр дурьдсан мэдээллийн хөтөлбөрүүдийн бүрэн бичлэгт үндэслэн шийдвэрлэх ёстой гэж Ёс зүйн хороо үзсэн тул шаардлагатай материалыг бүрдүүлж, 2018 оны эхний хуралдаанд дахин оруулахыг Ажлын албанд даалгаж, түр хойшлууллаа.

Радио телевизийн Ёс зүйн хороо гаргасан дүгнэлтэндээ үндэслэн Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 6.2.3-д зааснаар Орхон аймгийн ТВ10 телевиз, NTN телевиз, ETV телевизүүдийн нэрийг нь дурьдаж, эдгээр телевизүүд нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн тухай олон нийтэд мэдээлэх шийдвэр гаргалаа.


 Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.