Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны чанарын стандартыг бий болгох зорилготой шинэ төсөл хэрэгжиж эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны чанарын стандартыг бий болгох зорилготой шинэ төсөл хэрэгжиж эхэллээ

“Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 1-р сарын 12-нд боллоо.

 

Энэхүү төслийг Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа юм. 

 

Тус төсөл нь хэвлэл мэдээллийн салбарын эгэх хариуцлага, ил тод байдлыг дэмжих, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, ололт амжилтаа олон нийтэд ил тодоор мэдээлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлэх, залуучууд, тэднийг төлөөлж буй байгууллагуудын нийгмийн оролцоонд анхаарч ажиллах юм.

 

 

Нээлтийн эхэнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Аксель Никэйз үг хэлэхдээ: “-Европын холбоо нь түнш орнуудынхаа иргэний нийгмийн олон жилийн найдвартай түнш нь байж ирсэн. Иргэний нийгмийн бие даасан, хараат бус байдал, чадавх, оролцоог дэмжих бодлогын хүрээнд бид иргэний нийгмийг дэмжиж, иргэний нийгмийн нээлттэй, таатай орчныг цогцлоохын төлөө ажилладаг” гэв.

 

 

Үргэлжлүүлэн “Иргэний нийгмийн байгууллагуудыг сайн засаглалын хариуцлагатай, ил тод харагдахуйц оролцогч болгон бэхжүүлэх нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ХБНГУ-ын Дойче Велле Академийн Төслийн менежер Дина Сиелбек нар танилцуулга илтгэл тавилаа.

 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа уг төслийн ач холбогдлын талаар: “-Нийгэмд ардчиллын төлөө дуугарч, шударга ёс, хариуцлагыг бий болгохын тулд ажилладаг олон иргэний нийгмийн байгууллагууд байдаг. Түүний нэг нь Хэвлэл мэдээллийн зөвлөл юм. Бид байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн сацуу энэхүү төслийн хүрээнд бидэнтэй зорилго нэгтэй эдгээр иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагаагаа олон нийтэд илүү хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлж, иргэний нийгэм, түүний орон зайг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж харж байна. Үүнд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ч багтаж байгаа юм. Иргэний нийгмийн идэвхтэн мэргэжилтнүүд болоод сэтгүүлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, үр дүнд нь бодлогын шийдэл шаардлагатай байгаа асуудлуудад хоёр салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломжийг энэ төсөл олгоно.” гэлээ.

 

 

Төслийн танилцуулгын төгсгөлд Хүний эрхийг хангах үндэсний хорооны ажлын албаны дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар “Чанарын стандарт нь сэтгүүл зүй, иргэний нийгмийн бие даасан байдлын хөшүүрэг, хөдөлгөгч хүч мөн үү” сэдвээр нээлттэй хэлэлцсэн юм.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.