Иргэний нийгмийн байгууллагуудыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

Иргэний нийгмийн байгууллагуудыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран Европын Холбооны дэмжлэгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг хэрэгжүүлж байна. 

 

Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулахад зорьж буй. 

 

Уг төслийн хүрээнд: 

  • Монголын иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хэлэлцүүлэгт тулгуурлан үйл ажиллагааны чанарын нийтлэг стандартыг бий болгох, 

  • Сайн засаглал, цахим орчин дахь үйл ажиллагаа, үр дүнтэй нөлөөллийн ажил эрхлэх чадавхыг бэхжүүлэх замаар ИНБ-уудыг дээрх стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд дэмжих,

  • ИНБ-уудыг ололт, амжилтаа олон нийтэд ил тод болгох, сурталчлан таниулах, үйл ажиллагаа явуулах улс төрийн болон эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,

  • Залуучууд болон нийгмийн бусад бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулахад чиглэн ажиллана.  

 

Иймд уг төслийн үйл ажиллагаанд оролцон, хамтдаа Монгол дахь иргэний нийгмийг чадавхжуулан бэхжүүлэх үйлсэд санаачилга гаргаж, нэгдэх сонирхолтой байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна. Төслийн оролцогч болсноор: 

 

  • Сургалтын арга зүй, хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол, баримтыг нягтлан шалгах зэрэг сэдвийн хүрээнд чадавх бэхжүүлэх,

  • Иргэний нийгмийг хөгжүүлэх улс төр, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудтай хамтрах, харилцан нөлөөлөх, 

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахын тулд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм хамтран ажиллах, 

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг авах,

  • Иргэний нийгмийн үйл ажиллагаанд тохирсон цахим шийдлийг бий болгох зэрэгт чиглэсэн цуврал үйл ажиллагаанд төслийн үргэлжлэх хугацаанд хамрагдах боломжтой болно.

 

Сонирхсон байгууллагууд уг өргөдлийг https://bit.ly/44Ig2om  холбоосоор орж 2024 оны 5 дугаар сарын 24-ний дотор бөглөн ирүүлнэ үү. Төсөлд оролцохоор сонирхлоо илэрхийлж, өргөдөл бөглөж буй байгууллага нь https://bit.ly/3UBhPH3 холбоост байрлах судалгаанд заавал хамрагдсан байна. Түүнчлэн төсөлд оролцохгүй ч судалгаанд оролцож, саналаа өгөх нь бидний ажилд том дэмжлэг болох юм. 

 

Холбогдох утас: 70000160, 88006811

имэйл хаяг: ganchimeg@mediacouncil.mn; gunjidmaa@mediacouncil.mn  

 

Төсөл хэрэгжүүлэгчдийн тухайд:

 

Дойче Велле Академи (ДВА) нь ХБНГУ-ын Дойче Веллегийн олон улсын хэвлэл мэдээллийн хөгжил, сэтгүүл зүйн сургалт, мэдлэгийг түгээх төв юм. Үйл ажиллагаа нь үзэл бодлоо илэрхийлэх, бие даасан шийдвэр гаргах эрхийг баттай баримт, бүтээлч яриа хэлцэлд тулгууран бэхжүүлэхэд чиглэдэг. ДВА нь дэлхий даяарх чөлөөт хэвлэл мэдээлэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт нийгмийг цогцлоохын төлөө ажилладаг.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан бие даасан, хараат бус, мэргэжлийн байгууллага юм. ХМЗ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд заасан сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг сахиулахад чиглэж ажилладаг. Хэвлэлийн эрх чөлөө, иргэний болон улс төрийн үндсэн эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүйтэй, мэргэжлийн хэм хэмжээг төлөвшүүлэх нь үндсэн үйл ажиллагаа нь болно. 



 

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.