Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай, ил тод, бие даасан байдлаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ

Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай, ил тод, бие даасан байдлаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдөр “Монголын иргэний нийгмийн эгэх хариуцлагын өнөөгийн байдал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. 

 

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академийн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд тус уулзалтыг хийж, иргэний нийгмийн салбарын 60 орчим төлөөлөл оролцсон юм.

 

Энэхүү уулзалтаар юу болсон бэ?

Уулзалтыг нээж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн захирал Патрик Беннинг ХБНГУ-аас мэндчилгээ дэвшүүллээ. 

 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өөрсдийн бий болгосон ёс зүйн зарчмаа даган баримталдаг, өөрийн зохицуулалтын механизмыг амжилттай бий болгоод даруй 10 жил болсон байна. Түүнчлэн хэвлэл мэдээлэл, нийгмийн бусад оролцогч талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслүүдийн үзэл баримтлал болон хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг бий болгосон туршлага нь хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн эгэх хариуцлагыг хөндөх “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг хэрэгжүүлэх үндэс суурь нь болсон.” гэдгийг хэлэв.

 

 

Үргэлжлүүлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Иргэний нийгэм ба хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн тогтолцоо ба иргэний нийгмийн харилцан хамаарал, “эгэх” хариуцлага, түүний ач холбогдлыг тайлбарлаж, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахад оролцогч талууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар ярьсан юм.

 

Төсөл болон сонгон шалгаруулалтын тухайд:

Уулзалтын үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер Н.Ганчимэг тус төслийн үйл явц, хүлээгдэж буй үйл ажиллагаа болон төсөлд оролцохоор шалгарсан иргэний нийгмийн байгууллагыг танилцууллаа. 

 

 

Дэлгэрүүлбэл, гурван жилийн хугацаатай хэрэгжих энэ төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулахад зорьж буй бөгөөд уг төслийн хүрээнд: 

  • Монголын иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хэлэлцүүлэгт тулгуурлан үйл ажиллагааны чанарын нийтлэг стандартыг бий болгох, 

  • Сайн засаглал, цахим орчин дахь үйл ажиллагаа, үр дүнтэй нөлөөллийн ажил эрхлэх чадавхыг бэхжүүлэх замаар ИНБ-уудыг дээрх стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд дэмжих,

  • ИНБ-уудыг ололт, амжилтаа олон нийтэд ил тод болгох, сурталчлан таниулах, үйл ажиллагаа явуулах улс төрийн болон эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,

  • Залуучууд болон нийгмийн бусад бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулахад чиглэн ажиллах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. 

Харин төсөлд оролцохоор 40 гаруй ИНБ сонирхлоо илэрхийлснээс байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, нөлөө, хүртээмж, алсын хараа, харилцан суралцах боломж, төлөөллийг хангах зэрэг үзүүлэлтээр 15 байгууллагыг  шалгаруулсан байна.    

Тус төсөлд шалгарсан байгууллагууд нь:  

  • Сургалтын арга зүй, хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол, баримтыг нягтлан шалгах зэрэг сэдвийн хүрээнд чадавх бэхжүүлэх;

  • Иргэний нийгмийг хөгжүүлэх улс төр, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг оролцогч талуудтай хамтрах, харилцан нөлөөлөх;

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахын тулд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм хамтран ажиллах;

  • Иргэний нийгмийн үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг авах;

  • Иргэний нийгмийн үйл ажиллагаанд тохирсон цахим шийдлийг бий болгох зэрэгт чиглэсэн цуврал үйл ажиллагаанд төслийн үргэлжлэх хугацаанд хамрагдах боломжтой болж байгаа юм.

 

Судалгааны дүн, хэлэлцүүлгээс онцлох нь:

ХМЗ-өөс “Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөлийг тодорхойлох судалгаа”-ны дүнгээс танилцуулав. Судалгаанд оролцогчдын 88.6 хувь нь иргэний нийгмийн байгууллагуудад хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагуудтай харилцан, хамтарч ажиллах, салбарын асуудлаар яриа хэлэлцүүлэг хийх зайлшгүй шаардлага гардаг бөгөөд мэдээлэл харилцаа, ил тод байдлыг тогтворжуулан, сайжруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг илэрхийлсэн байна. 

 

 

Үүний дараагаар, “Иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулах нь” хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр ИНБ-ын ил тод, хариуцлагатай, олон нийтэд нээлттэй иргэний нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэх боломж, тус төслийн оролцоо, хүлээлтийн талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Ардчиллын боловсрол төвийн тэргүүн Г.Ундрал, Өгөөмөр мэдээллийн товчоо ТББ-ын захирал П.Энхмаа нар оролцож, санал бодлоо хуваалцсан юм. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.