СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛАХ НЬ

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛАХ НЬ

Бүх нийтийн бэлэн байдалд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах зарчмыг чанд мөрдөж ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс УРИАЛЖ байна.  

 

Бүх нийтийн бэлэн байдлын үед:

 

- иргэдэд худал, ташаа мэдээлэл тарахаас сэргийлэх,

- сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн мэдэх эрхийн төлөө үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих,

- сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

  • Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтална. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, хүчирхийлэл, эмх замбараагүй, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн үнэнд нийцсэн мэдээллийг түгээхэд анхаарна.

 

  • Болсон явдлын тухай бодит мэдээллийг түгээх: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цагт олон нийтийг цаг үеийн бодит мэдээллээр шуурхай хангах үүргийг сэтгүүл зүй хүлээдэг.  Бодит мэдээлэл гэдэг нь болсон явдлын үнэн зөв түүх билээ. Цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ, бусад төрийн захиргааны болон хүчний байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг шуурхай авахаас гадна бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлах, олон талын эх сурвалжуудаар баталгаажуулах зэрэг мэргэжлийн үүргээ чанд биелүүлнэ.

 

  • Олон ургальч мэдээллээр хангах: Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс гадна эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын байр суурь, халдвар судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг баримт бичгүүд, халдварт өвчин нь нийгмийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх дотоодын болон олон улсын судлаачдын ажиглалт, тандалтыг олон нийтэд түгээж, тэдний шийдвэр гаргалтад зөвөөр туслахыг хичээнэ.    

 

  • Мэдээллийг дахин дахин нягтлах: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Баталгаатай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг ердийн үеэс ч илүү давтан нягтал. Мэдээллийг нягталж шалгахдаа олон талын эх сурвалжаар харилцан баталгаажуулах, тохирох гол эх сурвалжийг сонгоход онцгой анхаар.    

 

  • Ялгаварлан гадуурхахгүй, доромжлохгүй байх: Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгож болохгүй. Ялангуяа коронавируст халдварыг хэн ч тусах эрсдэлтэй нөхцөл байдалд халдвар туссан, сэжигтэй, эмчлэгдсэн тохиолдлуудын талаар мэдээлэхдээ ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон, үзэн ядсан, буруутгасан, адалсан, хүчирхийлсэн өнгө аяс, үг хэллэг, дүрслэлийг ашиглахгүй байхыг эрмэлзэнэ. Шаардлагатай тохиолдолд хувь хүний дүрс, зураг, бичлэгийг бүдэгрүүлэх, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг задлах, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс сэргийлж, хүнлэг хандаж түгээхгүй байвал зохино. 

 

  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах: Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг хориглоно. Ялангуяа коронавируст халдвараар өвчилсөн, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, дүр төрх, гэрийн хаяг, сургууль, ажлын газрын байршил, гэр бүл зэрэг тухайн хүнийг таниулах мэдээллийг олон нийтэд түгээхээс түдгэлзэнэ.

 

  • Залруулга хийх, уучлалт гуйх: Өдөр тутмын мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, олон нийтийн анхаарал нэг асуудалд чиглэсэн онцгой нөхцөлд сэтгүүлчид ажиллаж буй тул мэдээ, сурвалжилгадаа баримтын ямар нэг алдаа гарсан бол тэр даруйд нь шуурхай засч, залруулгыг нийтэлж нэвтрүүлэх, хэн нэгний эрхэм чанар, нэр төр, алдар хүндэд санамсар болгоомжгүйн улмаас халдсан, буруу ташаа мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна.  

 

  • Сэтгүүлчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах: Сэтгүүлчид хурдтай хувьсан өөрчлөгдөж буй асуудлыг сурвалжлахдаа уртасгасан цагаар, биеийн болон сэтгэл зүйн ачаалал, дарамттай, өвчин халдварлах эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эн тэргүүнд анхаарал хандуулж, халдвар, хамгаалал, аюулгүйн байдлыг нь хангаж, шаардлагатай бол зайнаас ажиллах горимыг баримтлах нь зүйтэй.  

 

Бүх нийтийн бэлэн байдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн түвшинд, ёс зүйн зарчмаа баримтлан ажиллаж, бодит мэдээлэл түгээснээр олон нийтийг зөв үйлдэлд чиглүүлж эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхийг нийт сэтгүүлчид, редакцуудад УРИАЛЖ байна.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл

2020.11.13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.