Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна.
2025.03.18-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Ноорог.мн мэдээллийн сайтын байранд хойшлуулшгүй ажиллагаа явуулсантай холбоотойгоор үүсээд буй асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэж буйд талархал илэрхийлье.
Гэсэн хэдий ч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлаагүй, буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олголгүй нэг талыг барьсан мэдээллийг түгээж буй тул нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллахыг уриалж байна.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын
- 1.1-т “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.”,
- 1.2-т “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.”,
- 1.6-д “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.”,
- 1.8-д “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.”,
- 1.9-т “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна.”,
- 4.2-т “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.” хэмээн заасан байдаг.
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
Глоб Интернэшнл Төв
2025.03.25