Хүртээмжтэй, олон ургалч, оролцоог хангасан сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар зөвлөлдөв

Хүртээмжтэй, олон ургалч, оролцоог хангасан сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар зөвлөлдөв

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөрийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Хэвлэл мэдээлэл дэх хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны аравдугаар сарын 25-нд зохион байгуулав. Уулзалтад мэргэжлийн сэтгүүл зүйн 20 гаруй байгууллагын удирдах ажилтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

“Хүн бүрд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй нийгмийг бий болгоход хэвлэл мэдээлэл ямар хувь нэмэр оруулах талаар хэлэлцэхээр бид энд цуглаад байна. Учир нь, сэтгүүл зүйн агуулгад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангалттай гаргах, хэвшмэл ойлголтыг халах, мэдээ мэдээллийг хүртээмжтэй болгох тал дээр суралцах, сайжруулах зүйлс их байна” хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир хэлэв. Нийгмийн янз бүрийн төлөөллийн үзэл бодлыг уншигч, үзэгч, сонсогчдодоо хүргэх, мөн хэнийг ч ялгаварлан гадуурхал, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн, ёс зүйн зарчим билээ. Тиймээс ч хүртээмжтэй, олон ургалч, оролцоог хангасан сэтгүүл зүйг дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЮНЕСКО-ийн “Хэвлэл мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах” санаачилгын хүрээнд энэ жил олон нийтийн хүртээл болсон гарын авлага, нөөц хэрэглэгдэхүүн дээр суурилан боловсруулжээ.

“Чанартай сэтгүүл зүй нь тогтвортой хөгжлийн тулгын чулуу бөгөөд мэдээллээр хангагдсан, оролцоотой, хүртээмжтэй нийгмийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан видео мэндчилгээ хийхдээ сануулаад, “Өнөөдөр бид та бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолой, харах өнцгийг багтаан хаалгаа илүү том нээж өгөхийг уриалж байна” хэмээн Монголын хэвлэл мэдээллийн редакторуудад хандаж хэллээ.

Тэгш байдал чадамж ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Батчимэг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвээр үндсэн илтгэл танилцуулж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн багш, доктор, дэд профессор Л.Ариун “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай мэдээлэх нь” сэдвээр судалгааны үр дүнгээ оролцогчдод хүргэв. Тэрбээр 2013-2015 оны өдөр тутмын сонинд судалгаа хийхэд хөгжлийн бэрхшээлийн тухай маш цөөн мэдээлж байснаас гадна хэвшмэл ойлголтын дагуу, хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь тодотгож, асрамж, нийгмийн халамж шаардлагатай бүлэг хүн гэдэг байдлаар илүүтэй дүрсэлж байсныг хэллээ. Харин 2020-2024 онд мэдээллийн сайтуудын агуулгад судалгаа хийж үзэхэд сэдвийн цар хүрээ илүү өргөжиж, хүний эрхэд суурилсан хандлага нэмэгдсэн байсныг Л.Ариун багш тэмдэглэсэн юм. 

Зөвлөлдөх уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хэрхэн мэдээлж, сурвалжлах, мөн мэдээ мэдээллийг хүртээмжтэй байлгах тал дээр юуг анхаарах талаар түлхүү хэлэлцэв. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг ЮНЕСКО-ийн “Хэвлэл мэдээлэл дэх хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” гарын авлага болон ахисан түвшний видео цувралыг танилцуулж, “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Энэ хүрээнд таван редакцыг сонгон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг дэмжих үр дүнтэй стратеги боловсруулах, сэтгүүл зүйн агуулгыг олон ургалч, хүртээмжтэй болгох, оролцоог хангасан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх менторшип хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна.

Чөлөөт, хараат бус, олон ургалч хэвлэл мэдээллийг хөгжүүлэх замаар ЮНЕСКО энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, ядуурлыг бууруулах, хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг. ЮНЕСКО нь гишүүн орнуудынхаа мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгэм болон төрийн байгууллагуудтай хамтран хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, мэдээллийн суурь боловсролыг дэмжих онцгой үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү санаачилгыг ЮНЕСКО-ийн Үзэл бодлын эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг дэмжих хандивлагчдын хөтөлбөрөөс дэмжиж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.