МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ҮЛ ХАЛДАХ ТУХАЙ

Ардчилсан, чөлөөт, хүнлэг иргэний нийгмийг цогцлоож буй аливаа улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулахын сацуу сэтгүүл зүйн бүтээлд агуулгын хяналт тогтоохгүй, аливаа төрлийн дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн оролдлого хийхгүй байхыг эрхэмлэдэг билээ. 

Гэвч, 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ноорог.мн мэдээллийн сайтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шөнийн цагаар ажлын хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдан гар утас зэргийг хурааж, мэдүүлэг авсан байна. 

Редакц өөрт байгаа дата мэдээллүүдээ хамгаалж, хадгалах, эх сурвалжаа нууцлах нь сэтгүүл зүйн үүрэг гүйцэтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын онцгой эрх юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх болон мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх нь ардчилсан нийгмийн гол тулгуур үнэт зүйл билээ. Гэвч, Монгол Улсад “үндэсний эв нэгдэл, “нийтийн хэв журам”, “илт худал мэдээлэл” гэх өргөн хүрээнд ерөнхийлөн тодорхойлогдсон нэр томьёо бүхий хуулийн зохицуулалт нь хууль хэрэглээний нэгдмэл байдал, шударга ёсны шалгуур, ардчилсан үзэл баримтлал, хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмыг хойш татах, хэтрүүлэн ашиглах боломжийг ямагт бүрдүүлсээр ирсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2260 хэрэг бүртгэл үүссэн нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад томоохон нөлөөлөл үзүүлэхийн сацуу өнгөрсөн онд Монгол Улс нь Хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр нэг жилд 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдсэнтэй холбогдуулан цохон дурдах нь зүйтэй. 

Монгол Улсад дэлхийн бусад ардчилсан орнуудын нэгэн адил Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүй, редакцын олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэн, сүүлийн арван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой 600 орчим өргөдөл гомдлыг иргэд, аж ахуйн нэгжээс хүлээн авч тухайн редакцын сэтгүүл зүйн бүтээл нь Ёс зүйн зарчим зөрчсөн эсэхэд мэргэжлийн дүгнэлт гарган олон нийтэд нээлттэй мэдээлж ирсэн. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа, ёс зүйтэй хариуцлагатай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэн, сэтгүүлчийн мэргэжлийн алдааг хууль хяналтын байгууллагаар бус өөрийн зохицуулалтын журмаар шийдвэрлэснээр аливаа цагдан хяналтаас ангид байх, редакц алдаагаа уучлал гуйх, залруулга гаргах замаар засах боломжийг олгодог зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага юм. 

Иймд цаашид, шударга ёс, иргэний ардчилсан нийгмийг дээдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө хууль, хяналтын байгууллагын ажилтан, албан хаагч та бүхэнд хэвлэн нийтлэх эрх чөлөөнд үл халдан, Ноорог.мн сайтын редакцын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана уу хэмээн мэдэгдэж байна.

2025.03.18

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.