Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг сэтгүүлч, редакторуудын ээлжит уулзалт хэлэлцүүлэг “Сонгуулийг мэдрэмжтэй сурвалжлах нь” сэдвээр 5 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад 30 орчим сэтгүүлч, редактор оролцож, сонгуулийн үер хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага: Олон улсын зөвлөмжүүд”, Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Сонгогчийн боловсрол хамтын ажиллагаа”, GoGo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага: Редакцын хэрэгжүүлэх 7 алхам”, Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн “Сонгогчийн боловсрол: Мэдээллийг нягтлах нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм.
Тухайлбал, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлагыг идэвхжүүлж ёс зүйн зарчмаа мөрдөх, уншигч, үзэгч, сонсогчдынхоо өмнө ил тод ажиллах, тайлагнах системийн бэхжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль ба мэргэжлийн ёс зүйн зарчмын тэнцвэрийг хадгалах нь чухал” байгааг онцоллоо.
Харин Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Сонгогчийн зан төлөв-2022” судалгааны дүнгээс танилцуулан, сонгуулийн үеэр сэтгүүлч, редакторууд мэдээллийн үнэн бодит, ил тод байдлыг ханган нягталж, тэнцвэржүүлэх, олон нийтэд боловсрол олгоход чиглэж ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм.
GoGo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн эгэх хариуцлагаа бэхжүүлэхэд хэрхэн ажилладаг талаар туршлагаа хуваалцаж, Нийгмийн олон бүлгийн дууг хоолойг тэнцвэртэй хүргэх, жендэрийн мэдрэмжийг бэхжүүлэхэд дан ганц сэтгүүлчийн хүчин чармайлт хангалтгүй бөгөөд үүнийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон төлөвшүүлэхэд редакцын нэн чухал байгааг ярьсан юм.
Үргэлжлүүлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер А.Амартүвшин ХМЗ-өөс гаргасан “Сонгуулийг мэдрэмжтэй сурвалжлах нь” редакцуудад зориулсан удирдамжийг танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар сэтгүүлч, редакторууд харилцан санал солилцож, олон нийтэд үнэн бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэх, сонсогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.