Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сүүлийн жилүүдэд салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Уг арга хэмжээ цар тахлын улмаас хэсэг завсарлаад байсан бол энэ удаад Humanz.mn сайтын редакцаар /2021.03.12/ зочиллоо. Тус редакцын уулзалтаар ХМЗ-ийн төлөөлөл хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, туршлага, сургамж болоод мобайл сэтгүүл зүйн талаар илтгэлүүд тавьсан юм.
Тодруулбал, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүйн орчин”, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн сургагч багш А.Амартүвшин “Мобайл сэтгүүл зүй болон цахим орчинд сэтгүүлчид хэрхэн бие даан суралцах боломж” сэдвээр илтгэл танилцуулж сэтгүүлчидтэй санал бодлоо солилцлоо.
Сургалтын үеэр Humanz.mn сайтын ерөнхий редактор М.Баасандэлгэр “Анхнаасаа ёс зүйн зарчмаа мөрдөж ажиллаад сурчихвал туршлага хуримтлуулах тусмаа үнэ цэнэтэй сэтгүүлч болно гэж боддог” гэж байсан юм. Humanz.mn нь Монголын хамгийн анхны Generation Z үеийн залууст зориулсан нийгэмд эерэг хандлага, зөв үйл хэргийг түгээх зорилготой мэдээллийн сайт гэдгээрээ онцлог юм.