Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс зохион байгуулдаг бүх гишүүдийн ээлжит сургалт арванхоёрдугаар сарын 13-нд болж, 30 хүн оролцлоо.
Энэ удаагийн сургалтаар “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын шинэчлэлийг ярилцан, хэд хэдэн нэмэлт заалт оруулахаар болов. Ингэхдээ сүүлийн жилүүдэд ирж буй гомдлуудад үндэслэн шинэчлэл хийж буй юм.
Мөн энэ үеэр Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце оролцон, одоогийн мөрдөж буй ёс зүйн кодод дутагдаж буй агуулга, тэдгээрийн ач холбогдлын талаар туршлагаа хуваалцан, зөвлөгөө өгөв.
ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн зөвлөлд 2024.12.13-ны байдлаар 15 гомдол гаргагчаас нийт 33 гомдол иржээ. Үүний 14 гомдлыг зөвлөлийн хэлэлцэх асуудал мөн гэж үзсэн бол үлдсэн 13 гомдлыг Ажлын албанаас гомдлын материал хангалтгүй, зөвлөлийн хэлэлцэх асуудал биш хэмээн үзэж буцаасан. Зургаан гомдол гаргагч гомдол гаргах явцдаа гомдлоо буцаасан байна.
Нийт гомдлын 54%-ийг Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо, 46%-ийг Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо хэлэлцсэн бөгөөд дөрвөн редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй, найман редакцыг ёс зүйн алдаа гаргасан, нэг редакцад хамаарах гомдлыг гомдол гаргагч нэмэлт материал ирүүлсэн тохиолдолд хүлээн авах боломжтой хэмээн үзэж буцаажээ.
2024 онд ирсэн гомдлуудын дийлэнх нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн агуулгатай байна.
Эдгээрээс хамгийн их зөрчигдсөн ёс зүйн зарчим нь 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн заалт байгаа нь сэтгүүлчид, редакцууд мэдээллээ нягтлан шалгаж баталгаажуулах, найдвартай эх сурвалжуудаар нотлох зэрэгт анхаарах шаардлагатай нь харагдана. Энэ чиглэлд ХМЗ-өс редакцуудын сургалт, уулзалтыг тогтмол хийж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг таниулан сурталчлахад анхаарах шаардлагатай байгаа талаар гишүүд санал хэллээ.