РЕДАКЦЫН БУУХИА: Сэтгүүл зүйн шинэ салхи, шинэ үеийн медиа Unnu.news

РЕДАКЦЫН БУУХИА: Сэтгүүл зүйн шинэ салхи, шинэ үеийн медиа Unnu.news

Хэвлэл мэдээллийн салбар дижитал уугуул иргэд буюу төрсөн цагаасаа л электрон төхөөрөмжтэй харьцаж өссөн үеийнхэнд мэдээллийг сонирхолтой бөгөөд үр өгөөжтэйгөөр хүргэх амаргүй сорилттой тулгараад байгаа билээ.

Технологийн хөгжил, нийгмийн сүлжээ дагасан мэдээллийн хурдтай урсгалаас хэн, хаана, хэзээ, юу болов гэдгийг уншигч, үзэгч, сонсогчид түвэггүйхэн мэддэг болоод байх шиг. Товчхондоо, өмнө нь хэвлэл мэдээллийн салбарынханд шуурхай мэдээлэх нь илүү чухал байсан бол одоо хэн мэдээллийг ул суурьтайгаар мэдэрч, "яагаад" гэдэг асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөн мэдээлэл дамжуулах нь чухал болоод байна. Энэ их өрсөлдөөн дунд өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа, шинэ үеийн залуусын хамгийн их үзэж, уншдаг Монголын отгон редакцын нэг бол Unnu.News юм.

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн бие даасан байдал, ёс зүйтэй сэтгүүл зүйн үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор “Редакцын буухиа-II" хамтарсан контентыг бүтээж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд манай сайт Unnu.News-ийн халуун ам бүлтэй танилцсан сурвалжилгаа хүргэж байна. 

undefined
Залуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн салбарт шинэлэг төрх, содон өнцгөөрөө ялгарч яваа багийнхнаас юу асууж, хэрхэн сурвалжлах вэ гэж хэсэгтээ санаагаа чилээж, бас тэднээс бага зэрэг сүрдэж байв. Мөн байгуулагдаад хоёр жил болж байгаа редакц гэдэг утгаараа ид хийж бүтээх эрч хүчээр дүүрэн залуус угтах байх даа гэсэн догдлолтойгоор Unnu.News-ийг зорьсон юм.

Сүүлд Unnu.News-ийнхэн УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн үеэр улс төрийн нам эвслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахгүй гэдгээ ил тод зарлаж, ямарваа нэгэн байгууллагын нөлөөлөлгүйгээр сонгогчдын боловсролд зориулсан олон контент бэлтгэн хүргэснийг тод санаж байна. Монголын бараг бүх хэвлэл сонгуулиар нам, эвслүүдтэй гэрээ хийнэ, мөнгө олно гэж байхад Unnu.News татгалзаж байв.

Тухайн үед Unnu.News-ийн редакц санхүүгийн хараат бус байдлаа хэрхэн хангадгийг мэдмээр санагдаж байлаа. Харин энэхүү сурвалжилгаараа тэр асуултандаа бүрэн дүүрэн хариулт авч чадсан шүү.

Unnu.News-ийн уриа бол [un] учир зангилааг тайлах, [nu] шинэ үеийн медиа. Энэ уриа нь тэднийг тайлбарлах сэтгүүл зүйн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдгийг илтгэнэ. Залуусын тэр бүр сонирхдоггүй, ойлгоход хэцүү, уйтгартай атлаа чухал сэдвүүдийг сонирхолтой, өвөрмөц болгож чаддаг нууц нь атгасан гар шиг нэг баг болж чаддагт оршдог байна.

Unnu.News-ийнхэн өнөөдрийн байдлаар 14-үүлээ, цомхон бүтэцтэй ажилладаг ч олон талын контент бэлтгэдэг. Тухайлбал, инстаграм дээрх үндсэн “Unnu.News” сувгаасаа гадна UnnuТech гээд технологийн сувагтай. Түүнээс гадна сая сонгуулийн үеэр л залуус улс төр сонирхох биш улс төрийн боловсролтой байх хэрэгтэй гээд “Unnu politics” сувгийг ажиллуулж эхлээд байгаа юм. Тус хамт олон редакц, продакшн гэсэн үндсэн хоёр багтай. Хоёр багтаа хуваагдаад өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулдаг аж.

Unnu.News нь мэдээллийг шуурхай хүргэхийн зэрэгцээ аливаа үйл явдлын цаана нь юу болоод байгааг хүргэхийг зорьж ажилладаг. Америкийн либерал үзэл баримлалтай, Gen Z үеийнхний хамгийн их үздэг VOX медиагаас үлгэр дуурайлал авдаг аж. Шинэ үеийн уншигч, хүлээн авагчдынхаа хүсэж байгаа форматаар мэдээллийг хүргэх нь бидний гол зорилго гэдгийг Unnu.News-ийн ерөнхий редактор Б.Лхагвацэрэн онцолсон юм.
Unnu.News сайтын Ерөнхий редактор Б.Лхагвацэрэнгээс сайтын бусдаас ялгарах онцлог, нийтлэлийн бодлого, залуу үеийнхэн хэвлэл мэдээллийн байгууллагаас юу хүсдэг талаар тодрууллаа.

ЕРӨНХИЙ РЕДАКТОР Б.ЛХАГВАЦЭРЭН: Үзэгч, хүлээн авагчийнхаа итгэл үнэмшлийг улс төрийн сонгуульд, намуудад худалдахыг хүсээгүй



-Танай сайтын редакцын гол ялгарах бодлого юу вэ. Өдөр тутамдаа юуг эрхэмлэн ажилладаг вэ?

-Манайх редакцын бодлогоо мэдээллийг олон талын эх сурвалжаар тэнцвэртэй, шуурхай мэдээлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байхад чиглүүлдэг. Анзаараад байхад одоо уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдөө зорьж үзэх, авах нь багасаж байгаа санагддаг. Тиймээс бидний зорилго бол залуучуудын хүрч очих цэгт нь биш байгаа газарт нь очих юм.

Энэ ч утгаараа бид анхнаасаа инстаграм төвтэй мэдээллээ түгээдэг. Шинэ үеийн залуус инстаграмыг түлхүү ашиглаж байна. "Залуус юм уншихаа больсон" гэх шүүмжилсэн хандлагууд их байдаг. Гэхдээ залууст хэрэгтэй зүйлийг өөрсдийнх нь сонирхдог форматаар хүргэвэл уншихгүй, үзэхгүй, сонсохгүй байгаа юм огт байхгүй. Нөгөө талаасаа хэтэрхий товч форматаар мэдээлэл хүргээд эхлэхээр үзэгч, уншигчдын анхаарал төвлөрөх чадвар багасах сул тал харагддаг. Иймээс манай багийнхан вебсайт болон ютүб сувгаараа урт агуулгатай контентууд бэлтгэн хүргэдэг.

-Залуу редакцын хувьд санхүүгийн хараат бус байдлаа хэрхэн хангаж байна вэ?

-Бие даасан хараат бус байдлаа бид итгэл үнэмшилтэй зарладаг. Учир нь, манайх бизнесийн байгууллагуудтайгаа урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагаатай ажилладаг. Бид хүн ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байгаа учраас бусадтай л адил бизнесийн зарчмаар ажилладаг. Бид юу хийж чадаж байна, хамтарч ажиллаж байгаа байгууллагууд юу хүсэж байна гэдэг огтлолцлолын үндсэн дээр хамтын ажиллагаагаа явуулж байна. Мэдээж залуу хүмүүс учраас их хичээнэ, хааяа бас чардайж байна.

Монголд хэвлэл мэдээллийн байгууллага орлого олох бизнес моделиуд харьцангуй бага учраас хааяа жаахан чанга байдаг. Зарим бизнесийн байгууллага биднийг сайн үйлсийн ажил хийж байгаа мэтээр үнэгүй контент хийлгүүлэх эсвэл тогтсон тарифыг хөнгөлүүлэх гэдэг. Гэтэл энд 10 гаруй хүн ажлаа хийгээд цалингаа авч байгаа шүү гэдгийг аль болох зөвөөр ойлгуулахыг хичээдэг.

Бидэнтэй хамтарч ажилладаг түншүүд, бизнесийн байгууллагуудынхаа хүчинд хэвлэл мэдээллийн байгууллагууд хөл алддаг хоёр том сонгуулийг өнгөрөөж, хараат бус байдлаа хадгалж үлдэхийг хичээж байна. Үүнийхээ үр дүнд бид уншигч, хүлээн авагчдынхаа итгэлийг хүлээж авсан. Хэрэглэгчдийнхээ итгэлийг дааж, хараат бус байдлаа хадгалах нь хамгийн чухал гэж боддог.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хөл алддаг улс төрийн сонгуулийн үеэр нэг ч улс төрийн намтай хамтран ажиллахгүй, гэрээ байгуулахгүй гэдгээ зарласан шүү дээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?

-УИХ-ын сонгуулийн үеэр том намуудаас бүгдээс нь хамтран ажиллах санал ирсэн. Бид урт хугацаанд ажиллахын тулд хэн нэгнээс мөнгө аваад хамтран ажиллаж, тэдний контентыг хийж болох байсан. Гэхдээ нөгөө талдаа биднийг анхнаас нь дагаад, тогтмол дэмжээд явж байгаа үзэгч, хүлээн авагчдадаа хэрэгтэй мэдээллийг хүргэх хамгийн чухал гэж бодсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл UnnuNews-ийг бүтээлцсэн үзэгч, хүлээн авагчийнхаа итгэл үнэмшлийг улс төрийн сонгуульд, намуудад худалдахыг хүсээгүй. Иймээс бүх саналаас татгалзсан.

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр манай редакц сонгогчдын боловсролд зориулж 100 гаруй контент бэлтгэж, 400 гаруй мянган хүн үзсэн. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг сонгууль болохоор хоёр, гурван сар түгээгээд дуусчихаар учир дутагдалтай. Тиймээс сонгогчийн боловсрол, улс төрийн мэдээллийг тогтмол хүрэх зорилгоор Unnu.politics платформоо ажиллуулж байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Х.ЦОГТБИЛГҮҮНДАРЬ: Unnu.News одоогоор мэдлэг түгээх чиглэлээр ажиллаж байгаа. Ирээдүйд бид мэдлэг бүтээх чиглэлд ажиллахыг зорино


 

Unnu.News сайтын  хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, продюсер Х.Цогтбилгүүндарь: Манайх маш уян хатан, хэвтээ тогтолцоотой, шинэ үеийн медиа байгууллага. Бид 2022 онд байгуулагдсан цагаасаа хойш жил болгон Reuters-ийн “Digital news report”-ийг харахад сошиал медиа бол бидний мэдээллээ авах гол суваг гэж харж байгаа.

Гэхдээ залууст мэдээлэл авах сувгаас гадна контентын агуулга чухал. Залуус болж өнгөрсөн зүйлийг бус тухайн үйл явдлын цаадах учир шалтгааныг тайлбарласан анализ материалыг үзэх, уншихыг хүсэж байна, тийм хэрэгцээ ч байна. Тиймээс бид сонирхолтой агуулгыг сошиал медиагийн хэлбэрт нь оруулж түгээхийг зорьж ажилладаг. 

Манай Unnu.News-ийн уншигч, үзэгчид мэдлэгтэй, чадвартайгаас гадна нийгэмдээ санаа зовдог хүрээлэл гэж итгэдэг. Бид мэдээллийн хэрэглэгчдээ өндрөөр үнэлдэг учраас аливаа зүйлийг дутуу яриад өнгөрөх биш бүрэн зураглалаар нь тайлбарлахыг оролддог. Мэдээллээ бэлтгэхдээ өөрсдөө ч гэсэн залуу үеийн хэрэглэгчид гэдгээ анхаарч ажилладаг. Мөн бид аливаа асуудлыг хөндөхдөө цөөнхийн дуу хоолойг гаргахыг байнга хичээдэг нь бусдаас ялгарах онцлог гэж боддог. Unnu.News одоогоор мэдлэг түгээх чиглэлээр ажиллаж байгаа. Ирээдүйд бид мэдлэгийг бүтээх чиглэлд ажиллахыг зорино. 

Аливаа байгууллагыг үүсгэн байгуулагч гэж байдаг шиг манай медиаг үүсгэн байгуулсан хамт олон гэж бий. Өнөөдрийг хүртэл Unnu-г үүсгэн байгуулсан хамт олон тарж бутраагүй, багаараа явж байгаа.

Бид сэдэв, агуулгыг иx хүндлэх ёстой юм шиг санагддаг. Энэ сэдэв, агуулгыг хүн тоохгүй гээд хаях биш тухайн сэдвийг чухал гэдгийг мэдэж байгаа юм чинь хэрхэн хүмүүст сонирхолтой, анхаарлыг нь татахуйцаар хийх вэ гэдгийг үргэлж туршдаг. Мөн залуу редакцын хувьд ажилчдадаа уян хатан, чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээдэг.

СЭТГҮҮЛЧ Н.ЭНХТЭНГЭР: Unnu.News-ээс өөрийнхөө ажиллах дуртай хэв маягийг олсон. Энэ нь надад хамгийн таатай мэдрэмжийг өгдөг

Сэтгүүлч Н.Энхтэнгэр нь Unnu.News-ийг анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа аж. Түүнийг Unnu.News-ийн нүүр царай гэж ажлынхан нь тодотгосон. Учир нь тэрээр бичлэгийн скрипт бичдэг бөгөөд Unnu.News-ийн зарим контентыг хөтлөн явуулдаг.

Түүнээс хэрхэн ажилладаг болон яагаад Unnu.News-ийг сонгох болсон талаар асуухад “Би оюутан байхаасаа сонин, сайт, телевизэд дадлага хийж үзсэн. Тэр үед хэтэрхий шуурхай ажилладаг нь хэцүү санагдаж, өөр мэргэжлээр ажилладаг ч юм уу гэж бодож байсан удаатай. Гэхдээ Unnu.News-т ажиллаж эхлэхэд үйл явдлыг шуурхай гэхээсээ илүү ул суурьтай тайлбарлаж хүргэдэг нь таалагдсан. Мөн ажиллах дуртай хэв маягт минь тохирч байсан нь хамгийн таатай мэдрэмжийг өгсөн.

Манайх долоо хоногийн тав дахь өдөр ирэх долоо хоногийн ажлуудаа төлөвлөдөг болохоор ажилдаа ирээд юу хийх нь тодорхой, ойлгомжтой байдаг. Өдөр өдрийнхөө хийх ажил, сэдвээ харж байгаад скриптээ бичдэг. Тэгээд редактортаа шалгуулаад, ардаас нь бичлэгээ хийлгээд өдөртөө нэг контент гаргадаг. Бичлэгийн скрипт бичиж эхлэхэд факт хэлээд явах нь уйтгартай санагдсан учраас жүжигчилсэн хэсгүүдийг оруулж эхэлсэн. Энэ аргыг ашигласнаас хойш үзэлт ч нэмэгдсэн. Манайх гаднаас бэлэн мэдээ огт авдаггүй.

Хэрэв бизнесийн байгууллагуудаас контент бэлтгүүлэх захиалга орж ирвэл сэдвийг нь сонсоод, өөрсдийнхөө форматад тохируулан гаргадаг. Энэ нь редакцынхаа үндсэн бодлогыг хамгаалаад явахад чухал нөлөөтэй гэж боддог. Мөн манай ажил цагийн уян хатан нөхцөлтэй. Цагт баригддаггүй, хийх ёстой ажлаа хийгээд явчихдаг болохоор амар байдаг. Ажлаа хийж дуусаад бусад цагт нь өөрийгөө хөгжүүлэх боломж их гардаг” гэлээ. 

Контент бүтээгч Б.Тамир: Бид онцлох технологиудыг өөрсдөө хэрэглэж үзэж, бодит туршлагаа дамжуулдгаараа илүү онцлогтой
undefined

Unnu.News-ийнхэн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Unnu.Tech платформоо хөгжүүлж буй. Энэхүү суваг нь Unnu.News-ийн бусдаас ялгарах онцлог талуудын нэг юм байна.

Тус сошиал сувгийг хөгжүүлэгч, контент бүтээгч Б.Тамир: Өмнө нь контентын чанараараа өрсөлдөх ёстой юм байна гэж боддог байсан. Харин одоо хамгийн сайн хүрээллийг бий болгох нь чухал юм байна гэж боддог болсон. Биднээс өмнө мэдээлэх өчнөөн олон мэдээллийн эх сурвалж байх ч биднийг хүлээж байгаад үздэг хүрээллийг бий болгохыг зорьж ажиллаж байна. Ихэнх технологиудыг харвал бүгд дундаж түвшнийх, хүн болгон ашиглаж болохуйц байгаа. Гэхдээ зарим технологи нь арай муу эсвэл сайн байдаг. Бид аль алиныг нь ярих сонирхолтой. Монголд муу нь ч, сайн нь ч ховор олддог. Иймд манайх онцлох технологиудыг нүдээрээ харж, өөрсдөө хэрэглэж үзсэн бодит туршлагыг дамжуулдгаараа илүү онцлогтой. Контентуудынхаа холбоог сайжруулах тал дээр илүү анхаарч байгаа. Манай технологийн сувгийн үзэгчдийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байдаг. Насны бүлгийн хувьд 18-34 насныхан их байна. Гэхдээ 14 настай ч юм уу, тэрнээс доош насны хүүхдүүд ч сайн үздэг.

НАЙРУУЛАГЧ Э.ЭРДЭНЭЧУЛУУН: Сайн контент хийхэд минимал байдал хамгийн чухал

undefined

Орчин үеийн мэдээллийн суваг, хэрэгслүүдийг продакшн баггүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймд Unnu.News-ийн чимээгүй баатрууд болох продакшн багийн ахлагч, найруулагч Э.Эрдэнэчулуунаас хэрхэн ажилладаг талаар нь тодруулахад “Манай продакшн баг гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бид видеографикаа буюу зураг, эвлүүлгээ өөрсдөө хийдэг.

Миний хувьд бичлэгийн скриптыг сонирхолтой болгох тал дээр сэтгүүлчидтэйгээ хамтран ажилладаг. Бид бичлэгээ илүү чанартай байлгая л гэж зорьдог. Агуулгын хувьд сошиал медиад юу тренд болж байна, түүнийг өөрсдийн мэдээлэл, форматдаа тохируулж, олон сурвалжтай, өвөрмөц сонирхолтой байдлаар хүргэхийг хичээдэг. Мөн залуус ч түүнийг үзэх магадлал өндөр. Тэгэхээр хэрэглэгчийн эрэлт, сонирхолд нийцүүлэх тал руу илүү бодож, төлөвлөдөг. Сайн контент бэлтгэхэд минимал байх нь хамгийн чухал гэж боддог. Хүргэх гэж байгаа санаагаа эмх цэгцтэй, нуршихгүй, сэдэв халихгүй хүргэхэд анхаарч ажилладаг” хэмээв.

Хоёрхон жилд тэд юу хийж бүтээснийг, цаашид юу бүтээхийг зорьж байгааг энэхүү сурвалжилгаараа онцоллоо. Unnu.News-ийнхэн сэтгүүл зүйн гал тогоонд хурдтай өсөж, уламжлалт сэтгүүл зүйд шинэ салхи сэвэлзүүлж байгаатай маргах хүн үгүй биз ээ.

Эх сурвалж: itoim.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.