Зөвлөлдөх уулзалт: “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт”

Зөвлөлдөх уулзалт: “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт”

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэвлэл мэдээллийн бодлого, эрх зүйн орчны зохицуулалттай холбогдуулан шүүх, хуулийн салбарынхантай хамтарсан зөвлөлдөх хэлэлцүүлгийг “Эрүүгийн хуулийн 13.14 хэрэгжилт ба сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалт” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг нээж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир нар үг хэлсэн бол Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт туршлага, сургамж” сэдвээр, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, судлаач С.Бат-Орших “Эрүүгийн хуулийн 13.14 - илт худал мэдээлэл тараах, түүний хэрэгжилт” сэдвээр тус тус илтгэл танилцуулав. 

Энэ үеэр оролцогчид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, Эрүүгийн хуулийн 13.14-т холбогдуулан шүүхээр шийдэгдсэн гомдлын статистик, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн холбогдох заалтууд зэрэг агуулгаар хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо солилцлоо.

12 дугаар сарын 9-ний өдөр болсон уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, УЕПГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Глоб Интернэшнл төв,  МУИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцсон юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.