Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөр хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 25-нд редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан бөгөөд таван редакцыг сонгон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг дэмжих үр дүнтэй стратеги боловсруулах, сэтгүүл зүйн агуулгыг олон ургалч, хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлэх менторшип хөтөлбөрт хамруулан ажиллаж байна. Монголын үндэсний радио, Монгол ТВ, “Зууны мэдээ” сонин, GoGo.mn болон peak.mn мэдээллийн сайт энэхүү хөтөлбөрт сонгогдон хамрагдсан бөгөөд арваннэгдүгээр сарын 21-22-нд зохион байгуулсан хоёр өдрийн сургалтад эдгээр байгууллагын эрхлэгч, сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид оролцлоо. Мөн Архангай Медиа группийн захирал О.Амарзаяа, хэвлэл хариуцсан менежер В.Хасбаатар нар сургалтад хамрагдсан юм.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа НҮБ-ын хурлын танхимд болсон сургалтыг нээж үг хэлэв. Мөн ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Циньи Зенг НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах үйл ажиллагаа, ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээлэл дэх хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ажлыг танилцууллаа.
Оролцогчдын нэг, МҮОНР-гийн Р3 сувгийн редактор Ч.Энхтуул сургалтаас практик дээр хэрэгжүүлж болох маш их зүйл сурснаа тэмдэглээд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг багш нар хичээл орсон нь амьдралд нийцсэн, үр дүнтэй байсныг тэмдэглэв.
Тэгш байдал чадамж ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Батчимэг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдвээр хичээл орсон бол Диф клубийн үүсгэн байгуулагч Б.Юмжирдулам хэвлэн мэдээлэхэд анхаарах зүйлсийн талаар танилцуулга хийлээ. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах шинжээч Б.Болороо Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын талаарх ойлголт, анхаарах асуудлуудын талаар танилцуулж, оролцогчидтой сэдвийн санаа хэлэлцсэн юм.
Мөн Цюрихийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор, Хүртээмжтэй мэдээлэл харилцааны технологийн лабораторийн тэргүүн Алиреза Дарвиши хэвлэл мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах чиглэлээр видео хичээлүүд хүргэсэн. Ялангуяа цахим хуудас, мобайл апп, сошиал медиа дахь мэдээллийг хүртээмжтэй болгох агуулга чухал, өгөөжтэй байсныг оролцогчид тэмдэглэлээ. Хичээлийн үеэр хэвлэл мэдээллийнхэн WAVE хэрэгсэл ашиглан өөрсдийн вебсайт хэр хүртээмжтэй байгааг шалгав. Үүний дараа Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэл энэ талаар оролцогчидтой санал солилцож, дэлгэц унших программ хэрхэн ажилладгийг харуулж, мэдээллийг харааны бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгох талаар хэлэлцэв.
“Хэвлэл мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цөөн гаргаж байгаагаас гадна хэвшмэл ойлголтын дагуу дүрслэх тохиолдол элбэг. Тухайлбал, тэднийг эмчилгээ, асаргаа шаардлагатай, бие даан амьдрах чадваргүй мэтээр гаргаж байна. Эсвэл зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй байсных нь төлөө хэт дөвийлгөж гаргах нь мөн л хэвшмэл ойлголтыг дэвэргэдэг. Тиймээс бид хүний эрхэд суурилсан хандлагаар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг үнэн зөв, бодитойгоор гаргах нь чухал” хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сургагч багш Д.Мөнхчимэг онцоллоо. Сургалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дүрслэх, ярилцлага хийх болон мэдрэмжтэй үг хэллэг ашиглах, хөгжлийн бэрхшээлийн асуудлыг эрэн сурвалжлах зэргээр сэтгүүл зүйн бүтээлийг хүний эрхэд суурилсан хандлагаар гаргах талаар авч үзлээ. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийг хүртээмжтэй болгох, мөн оролцоог хангах менежментийн туршлага нэвтрүүлэх талаар ч хэлэлцсэн юм.
Сургалтын үеэр ЮНЕСКО-гийн “Хэвлэл мэдээлэл дэх хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” практик гарын авлагыг ашиглан бүлгийн ажил, хэлэлцүүлэг хийхэд хэвлэл мэдээллийнхэн маш идэвхтэй оролцсон бөгөөд цаашдаа ажилдаа хэрэгжүүлэх төлөвлөгөө, саналуудыг гаргасан.
GoGo.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн дүүрэн, үнэн зөвөөр дүрсэлж байна уу, мэдээллийг хүртээмжтэй хүргэж чадаж байна уу гэдэгтээ дүгнэлт хийх боломж олгосон сургалт байсан. Цаашлаад өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарах, бичиг баримтад тусгах, нэвтрүүлэх, хэвшүүлэх олон санаа олж авах үүд хаалгыг нээлээ. Олон талт байдлыг онол, дадлага ажлын хүрээнд суралцаад зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудал, тэдний хүслийг тэднээс өөрсдөөс нь сонсох боломж олгосонд баярлалаа” гэв.
Меноршип хөтөлбөрт хамрагдсан редакцууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах энэ өдөр мэдээ, сурвалжилга бэлтгэхээс гадна хүртээмжтэй нийгмийг бий болгоход тэдний үзэл бодол, шийдлийг хүргэх тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байна. Тухайлбал, Монгол ТВ “Нүүдэл Шийдэл” хэлэлцүүлгээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх боломж” сэдвээр бэлтгэсэн бол “Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаартаа “Тэд халамж биш, тэгш хүртээмжийг хүсэж байна” сэдэвт өгүүллийг онцолж, мөн Паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй ярилцаж, оны онцлох 10 үйл явдлыг тоймлон гаргажээ.