“Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд гомдож болох уу? буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын эргэн тойронд” хэлэлцүүлэг болов

“Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд гомдож болох уу? буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын эргэн тойронд” хэлэлцүүлэг болов

   Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын хууль зүйн үр дагавар, түүнийг өөрчлөн сайжруулах хэрэгцээ шаардлага, мөн тус заалтыг өөрчлөхөөр УИХ-ын нэр бүхий бусад гишүүдээс санал болгож буй төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.   

 

    2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болсон тус цахим хэлэлцүүлэгт Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн сэтгүүлч, редакторууд, хэвлэл мэдээллийн салбарын судлаач, хуульчид болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын нийт 50 гаруй хүн оролцов.  

 

  Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн хуульч Д.Оросоо “Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг өөрчлөх саналд хийсэн шинжилгээ” илтгэлдээ Монгол Улс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой асуудал дээр маш их эргэж буцсан, тогтвортой эрх зүйн шийдлийг бүрэн олж чадаагүй өнөөг хүрсэн хэмээлээ. Түүнчлэн иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх замаар төрийн үйл хэрэгт оролцох, төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг хуулиар хангаж, хамгаалах нь нэн чухал, цаашлаад зөрчлийг шийдвэрлэх механизмыг илүү үр дүнтэй, уян хатан болгох шаардлагатай байна гэв. Мөн хуульд хэрэглэгдэж буй нэр томьёоны ойлголтын зөрүү их байгааг нэг мөр болгох, тухайлбал “албаны бүрэн эрх” гэдгийг аль хүрээнд хамруулж үзэх, түүнчлэн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд яах вэ гэдгийг тодорхой болгож, ялгаж өгөх хэрэгтэйг онцолсон юм.   

 

   Худал мэдээлэл тараах гэмт хэргийн хууль зүйн үр дагаварт дүн шинжилгээ хийж үзэхэд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг хэрэглэн шийтгэл оногдуулахдаа өмнө нь тус хуульд байсан гүтгэх, доромжлох гэсэн зүйлтэй хольж, сольж хэрэглэж байна хэмээн Глоб интернешнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх ёстой ХЭТТ, ИБУТЭТОУП-ыг шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхгүй байна гэв. 

 

   УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахыг Эрүүгийн хуулийн хүрээнд авч үзэх нь зүйтэйг онцоллоо. Мөн “худал мэдээлэл тараах” гэснийг “гүтгэх” болгож өөрчлөх санал гаргаснаа хэлэв. Учир нь худал мэдээлэл тараана гэдэг нь өөрөө дан ганц субъектив буюу нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй шинжтэй. Тиймээс гарчгийг “гүтгэх”-ээр, үйлдлийг “гүжирдэх”-ээр байлгая гэж бичсэн. Гүжирдэх гэдэг нь нэгдүгээрт тухайн тарааж буй мэдээлэл бодит байдлаас худлаа байх гэдэг шинжийг агуулж байгаа. Хоёрдугаарт зориуд санаатай тараах гэдэг үйлдлийг бас агуулсан. Өөрөөр хэлбэл нэг талаас объектив, нөгөө талаас субъектив байх ёстой гэсэн гэмт хэргийн хоёр шинжийг аль алийг нь агуулж чадаж байгаа юм. Ингэснээр санамсар болгоомжгүйгээр худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй, сэтгүүлчдийн тухайд ёс зүйн зарчмынхаа хүрээнд шийдвэрлээд явах бололцоог үлдээж байна. Энэ жишиг өмнө нь УДШ-ийн тайлбар байдлаар хэрэгжиж байсан бөгөөд үүнийг эргээд хууль дээр бичье гэсэн санаа юм. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд өөрийнх нь нэр төрд хэн нэгэн халдвал Эрүүгийн хуульд зааснаар гомдол гаргаад явна. Харин алдар хүнд буюу ажил хэргийн нэр хүндэд (ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой тохиолдолд) халдлаа гэж үзвэл иргэний журмаар шийдвэрлүүлээд явах нь зүйтэй юм. Ийнхүү нэр төр, алдар хүнд гэсэн хоёр ойлголтын ялгааг гаргаж өгч, ялгаатай зохицуулалт оруулж өгөх гэж байна хэмээн тайлбарлалаа. 

 

   Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дээрх мэдээллүүдтэй холбоотой илтгэгчдээс асуулт асууж, өөр өөрсдийн ялгаатай байр суурийг илэрхийлж байв. Тухайлбал, энэ заалт сэтгүүлчдийн нягт нямбай байдал, ёс зүйн зарчмаа баримталдаг байдалд сөргөөр нөлөөлөх вий, нөгөө талаас үүнийг Эрүүгийн хуулиас бүр мөсөн хасаад Иргэний журмаар явбал яадаг юм бэ гэсэн саналуудыг хэлж байлаа. Гэвч бүх хүн эрхээ хамгаалуулах эрхтэй, иргэд бие биенээ гүтгээд, гүжирдээд байж болохгүй гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байв.  

 

   Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж хэлэхдээ: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүн гүтгэх, худал мэдээ тараахтай холилдоод улмаар энэ асуудлыг шийдэхийн тулд “хуулийн хатуу нөхцөлд байх эсэх” дээр бид олон янзын байр суурь, санал бодлоо уралдуулж байна. Сэтгүүлчид худал мэдээ тараадаг, хүн гүтгэдэг хүмүүс биш юм. Харин цаг нартай уралдан мэргэжлийн ажлаа хийх явцдаа алдаа гаргах магадлал өндөр. Санамсаргүй гаргасан алдаандаа ял шийтгэл хүлээх, торгуульд орох магадлал тун өндөр тул заагтай байлгах ёстой. Иргэний хуулиар зохицуулаад явах хэмжээнд манай улс арай болоогүй, Эрүүгийн хуулиар хариуцлагаа хүлээгээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Зөрчлийн хуульд байснаас илүү зөв чиглэл рүүгээ явж байна гэсэн юм. 

 

   ХМЗ зүгээс цаашид энэ сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, талуудын байр суурийг сонсож, ойлголтоо нэгтгэх дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ. Учир нь энэ нь зөвхөн сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой асуудал биш иргэн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөж буй явдал билээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.