Жендэрийн чиглэлээр хамтран ажиллах сэтгүүлчдийн өглөөний уулзалт боллоо

Жендэрийн чиглэлээр хамтран ажиллах сэтгүүлчдийн өглөөний уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн 7 дугаар сарын 8-ны өдөр Жендэрийн үндэсний хороотой хамтран хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, энэ чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн клуб байгуулахаар болсон. Харин өнөөдөр клубт нэгдэх сонирхолтой сэтгүүлчдийг хамарсан танилцах, мэдээлэл солилцох өглөөний уулзалт хийлээ. Уулзалтад ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Билгүүн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа, Клубийн зохицуулагч А.Амартүвшин, ЖҮХ-ны Ажлын албаны Олон нийтийн жендэрийн боловсрол соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Анхзаяа нар болоод хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редактор зэрэг нийт 25 хүн оролцсон юм.

 

Уулзалтаар сэтгүүлчид цаашид ямар, ямар чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих зорилготой байгаа болоод санаачлагчдын зүгээс ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй, клубийн үйл ажиллагааг ямар байгаасай гэж хүсч байгаа талаараа ярилцав. 

 

Энэ үеэр оролцогчдын зүгээс редакцууд хамтран цуврал контентууд хийх, ганцаараа ажиллах нь төдийлөн хүртээмжтэй бус байгаа учир хамтарч ажиллах, сэтгүүлчид нэгнээсээ туршлага судалдаг, нэгдэж чаддаг байх, редакцууд мэдэхгүйгээсээ алдах тохиолдол их байгаа учир жендэрийн асуудлаар бичихдээ юуг анхаарах талаар гарын авлага, шинэ сэтгүүлчдээ чадавхжуулах сургалтын материал, редакцын сургалт хэрэгтэй байгаа зэрэг олон асуудал дээр ижил байр суурьтай байлаа.

 

Энэхүү клубийн үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлийн тэтгэлэг олгох, сэтгүүл зүйн бүтээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, олон талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг нээж өгөх гээд сэтгүүлчдэд олон талын боломж олгох зорилготой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.