“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж байна

“Ёс зүйт эрэн сурвалжилга: Тогтвортой хөгжил” сургалт болж байна

Тогтвортой хөгжил бол хүний амьдралын бүх л асуудлыг хамарсан хөгжил, дэвшлийн төлөөх зорилгууд бөгөөд дэлхий дахинаа урт хугацаандаа хүртээмжтэй, амар тайван, хөгжин дэвшсэн нийгмийг 2015-2030 он хүртэл бий болгохоор зорин ажиллаж буй билээ. Энэхүү зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд танин мэдүүлэх, оролцуулах, улмаар хяналт тавихад хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо чухал юм. 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газартай хамтран сэтгүүлчдийн тогтвортой хөгжлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх цуврал сургалт, сэтгүүл зүйн ёс зүйн шаардлага хангасан бүтээл бэлтгэн түгээх ажлыг тус тус зохион байгуулсан. Энэ удаад ЮНЕСКО болон НҮБ-тай хамтран тогтвортой хөгжлийн асуудлуудыг эрэн сурвалжлах талаас нь сэтгүүл зүйн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 20 сэтгүүлч хамрагдаж байна.

 

Сургалтын нээлтийн үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа Тогтвортой хөгжлийн асуудлуудыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барилыг ашиглан мэдээлснээр нийгмийн тэгш бус байдал, хөгжлийн хоцрогдол, хохирч буй бүлгүүд зэргийг илрүүлэн гаргаж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг санал болгох байдлаар нийгэмд өөрчлөлт авчрах давуу талтайг онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Манай улсын тухайд тогтвортой хөгжлийн зарим зорилгуудын хэрэгжилт бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сайн байдаг ч байгаль орчны доройтол, улсын өрийн асуудал, түүнчлэн боловсролын чанар гэх мэт дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг үеэс үед дамжих үзүүлэлтүүдийн тухайд хангалтгүй үнэлгээ авдаг. Сэтгүүлчид тухайн жилийн эдийн засгийн өсөлт, төсвийн орлогод анхаараад урт хугацааны үзүүлэлтийн талаар төдийлөн асуудаггүй. Улс төрчид ч бас ихэнхдээ сонгогчдын хүссэн зүйлд анхаарах тал бий. Тиймээс сэтгүүлчид нийгмийг, улс төрчдийг эдгээр урт хугацааны хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулахад нь чиглүүлж, мэдээлэлжүүлэх нь чухал” гэдгийг тодотгон хэллээ. 

 

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра долоон эгчтэй нэгэн залуугийн түүхийг хэлсэн үгэндээ эш татсан нь тун сонирхолтой байв. “Залуу хуримаа хийхээр болж, нэг өмд авсан ч харамсалтай нь өмд нь таван сантиметр урт байжээ. Долоон эгчдээ өмдөө хасуулахаар хандаж үлдээсэн ч хуримын өглөө өмд урт хэвээрээ байв. Залуу хэн ч үүнд анхаарал тавиагүйд эгч нартаа гомдлын үг хэлсэн байна. Харин яг хуримын орой өмд нь залуугийн өвдгөөр татахаар богинохон болсон байв. Эгч нар бүгд нь өмдийг хасаж орхисноос болж залуугийн өмд хүссэнээс хэтэрхий богинохон болжээ. Үүнтэй адил тогтвортой хөгжил бол хүн бүрийн асуудал. Хүн бүрийн асуудал гэхээр хэний ч асуудал биш юм шиг орхигдох тал бий. Тиймээс энэ түүх шиг бүх хүн бүх ажлыг биш, оролцогч талууд өөр өөрсдийн үүргийг хариуцлагатай биелүүлэх нь чухал гээд хэвлэл мэдээлэл, засгийн газар, иргэд, олон улсын байгууллагууд, иргэн бүр дор бүрнээ өөрсдийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд чухал.” хэмээн ярьсан юм. Мөн “Нягталж шалгах нь” номын зохиогч, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сургагч багш Марк Лий Хантер, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан нар цахимаар холбогдож тогтвортой хөгжлийн асуудлыг эрэн сурвалжлахын ач холбогдлын талаар оролцогчдод танилцуулсан юм.    

 

Сургалтыг ЮНЕСКО-с гаргасан тогтвортой хөгжлийг эрэн сурвалжлах модулийн дагуу бэлтгэн явуулж байна. Сургалтын үеэр НҮБ-ын салбар байгууллагуудаас тогтвортой хөгжлийн зорилгууд, тэгш бус байдлын асуудлаар судалгаа, мэдээллүүдийг танилцуулж, мэдлэг, мэргэжлийн арга зүй хосолсон сургалт болж байна. Сургалт 4-р сарын 29, 5-р сарын 6, 7-нд цувралаар болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.