РЕДАКЦЫН БУУХИА: Нийтийн эрх ашиг, олон нийтийн захиалгаар редакцын бодлогоо тодорхойлдог itoim.mn

РЕДАКЦЫН БУУХИА: Нийтийн эрх ашиг, олон нийтийн захиалгаар редакцын бодлогоо тодорхойлдог itoim.mn

Бидний өдөр тутмын ажил, амьдралд техник технологийн ололт гүн гүнзгий нэвтэрч, мэдээ мэдээлэл хүлээн авах эх үүсвэр жилээс жилд төрөлжиж, цар хүрээ нь тэлж байна. Энэ хэрээр бид хэрсүү байх, мэдээллийн үнэ цэн, эх үүсвэр, тэнцвэртэй байдал яагаад чухал гэдгийг илүүтэй авч үздэг боллоо. Энэ дунд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлого, сэтгүүл зүйн чиг шугам, алтан дүрмээс гажаагүй, уншигчдынхаа итгэж болох эх сурвалж нь болсон iToim.mn сайтын редакцаар зочлох завшаан тохиов.

Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн салбарт шуурхай байх гээд алддаг, сэтгүүл зүйн үндсэн үүргээсээ хальж, бусдыг шүүдэг, эсвэл хэт магтан өргөдөг үзэл суртал нэвчих гээд байгаа. Ийм цаг үед тулхтай редакц, сэтгүүл зүйн зарчим дээрээ зогсдог жин дарахуйц байх тусмаа л ирээдүйн уншигчдыг үргээхгүй юм.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид хол, ойрын томилолтоор л хоорондоо тааралдах, танилцах, үйл явдлын халуун цэгт нүүр тулан уулзах, мэндлэх нь олон. Түүнээс нэгнийхээ редакциар нь саатан зочлох, бүр зорьж очоод уулзах нь тун ховор. Тэр тусмаа орон зай, хотын түгжрэл эдгээрийг улам халхлах. Чөлөө учрал тийм л багатай, дор бүрнээ мэдээ сурвалжилга бэлтгэх, ярилцлага буулгах их ажил руугаа шамддаг хэрэг.
 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс энэ удаа “Редакцын буухиа-II” хамтарсан контент бүтээх аяныг хоёр дахь удаагаа өрнүүлж, эхнээсээ редакцуудын нууцыг “задалсан” шимтэй сурвалжилгууд гарч эхэлсэн. Редакцын “гал тогоо”-г мэдрэх боломж энд л бүрдсэн хэрэг. Энэхүү буухиад орон нутгийн редакцаас Архангай медиа групп маань сонгогдож, том даалгавар хүлээн авсан юм. Бидэнд iToim.mn сайтын үйл ажиллагааг сурвалжлах, тэдний дунд орох оноолт таарч, Арын сайхан хангай, Цэцэрлэг хотоосоо улсын нийслэлийг зорив.

Сурвалжилга бичих даалгавартай хамт уулзах хүмүүс, очих редакциа дахин дахин өөртөө нээн судалж явлаа. Хэдий iToim.mn сайтыг эртнээс мэдэх ч бид сэтгүүл зүйг хөдөлгөх сэтгүүлч, редакцын талаар маш бага ойлголттой явдаг юм билээ. Ингээд iToim.mn сайтын цэс доторх Нийтлэлчдийн булан, Улс төр, Эдийн засаг, Нийгэм, Дэлхий монгол  цэсээр илүү гярхай зочилж, угтах сэтгүүлчдээ битүү дотроо зураглан байлаа. Ямар асуулт тавих уу, хэрхэн бичих үү гээд эрэл хайгуул эхэлсэн.

Монголын анхны сервергүй мэдээллийн сайт гэдгийг нь ихэд олзуурхан мэдээг нь уншиж байлаа. Бараг л жилийн өмнө энэ мэдээ гарч, уламжлалт дотоодын серверт суурилсан системийг халж, үүлэн үйлчилгээ болон сервергүй технологит суурилсан нь сэтгүүл зүйн салбарт шинэ ойлголт, шинэ алхам болж байсан юм. Дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн адил хэдэн сая уншигч зэрэг хандахад хэвийн ажиллах тэрхүү боломж бүрдсэн хэрэг.

Монголын нэрт нийтлэлч, сэтгүүлч, тэр тусмаа улс төрийн аналитик нийтлэлийн томоохон төлөөлөгч Г.Отгонбаяр агсан iToim.mn сайтыг хэсэг залуусын хамтаар үүсгэн байгуулсан бөгөөд сүүлд хамгийн их анхаарсан ажил нь дээрх сервергүй мэдээллийн сайт руу шилжих явдал байж. Багийнх нь энэхүү үйл хэргийг үргэлжлүүлж, эхлүүлсэн шинэчлэлээ эргэлтэд оруулжээ.
 

Сурвалжилгынхаа эхэнд тэмдэглэсэн технологийн шинэчлэлтэй мөр зэрэгцэн яваа iToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг биднийг хүлээн авч, есөн жилийн өмнө үүсгэн байгуулагдсан iToim.mn сайтын нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийнх нь ертөнцөөр аяллаа үргэлжлүүллээ. Өдөр тутмын сониноос ирсэн, тэнд бэлтгэгдсэн сэтгүүлч нар өнөөдрийн iToim.mn сайтыг хамт бүтээлцжээ. Дэг сургууль нь сонины школ. Сонины школыг цахим мэдээллийн сайтын ажиллах арга барил, онцлогтой сүлэлдүүлэн iToim.mn редакцын өнөөдрийн нийтлэлийн бодлогын өнгө төрхийг тодорхойлсон байна.

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсан “Зууны мэдээ” сонины Улс төрийн албаны дарга, “Үндэсний шуудан” сонины үүсгэн байгуулагч, орлогч эрхлэгч, Ерөнхий эрхлэгч гээд ачаалал өндөр өдөр тутмын сонинд олон жил ажиллаж, сонины “гал тогоо”-г цахим сайт руу хөрвүүлсэн нь iToim.mn сайтын гол ялгарал гэж харж болохоор. Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг үүнийг ч онцолж, iToim.mn сайтын нийтлэлийн бодлого дотор энэ бүхэн тусгалаа олж, ул суурьтай, дүн шинжилгээтэй, “Бүгдийг нь биш чухлыг нь мэдээлэх” баг хамт олныг улам нягт, нухацтай сэтгүүл зүйн ай сав руу хөтөлсөн гэдгийг нэмж хэлсэн юм.

iToim.mn сайт үйл явдал бүрийн араас явахгүй, мэдээллийг олон тулгуурт эх сурвалжаар баталгаажуулж, дүн шинжилгээтэй хандаж, нягталж, учир шалтгаан, үр дагаврыг задлан шинжилж мэдээлэх. Энэхүү зарчмаа залуус хадгалж, багт бүл нэмэх шинэ үеийн сэтгүүлч нартаа ч хэвшүүлэхээр зорьж ажилладаг байна.

 

Редакциуд өглөө болгон мэдээллийн сэдэв өнцөг, үйл явдлаа хуваарилдаг. Энд үйл явдлын урсгалыг хэрхэн мэдээлэх, сэтгүүлч, зурагчин хаашаа, юунд, аль үйл явдлын мэдээ рүү эсвэл ямар асуудлын хойноос эрэлд гарахыг Ерөнхий редактор л шийднэ. Энэхүү амаргүй үүргийг хариуцсан Э.Мөнхцэцэг “Бид www.iТoim.mn сайтыг үүсгэн байгуулагч Г.Отгонбаяр эрхлэгчийнхээ үзэл санааг үргэлжлүүлж, бие даасан, хараат бус редакц байх үнэлэмжээ хадгалж ажиллахыг эрмэлздэг” гэсэн үг энэ хамт олны үнэт зүйл нь ажээ.
 

Э.МӨНХЦЭЦЭГ: ЗАРЧИМ, ЁС ЗҮЙГЭЭ БАРЬЖ АЖИЛЛАВАЛ АЯНДАА ХЭВЛЭЛД ИТГЭХ ИТГЭЛ САЙЖИРНА

Ингээд iToim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

-Бие даасан, чөлөөт редакцын хэмжээнд ажиллаж чадаж байгаа туршлагаа хуваалцана уу?

-Редакц бие даасан, хараат бусаар ажиллахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг гэж боддог. Нэгд, өмчийн эзэн хэн байх, ялангуяа улс төрийн хамаарал, улстөрчийн нөлөөгүй байх нь чухал. Хоёрт, санхүүгийн хараат бус байдал. Манай байгууллага өмчийн эзний хувьд улс төр, бизнес болон улстөрчийн ямар нэгэн хамааралгүй учраас редакц бие даасан бодлогоо хэрэгжүүлэхэд саад тотгор бага гардаг. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашиг, олон нийтийн захиалгаар редакцын бодлогоо тодорхойлдог гэсэн үг.

Нөгөө талд хариуцлагатай сэтгэл зүй эрхлэхэд редакц болон сэтгүүлчид нь ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Тиймээс манай редакцаас баримталдаг хатуу зарчим бол ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, нийгмийнхээ үнэт зүйл, хүний нэр төр, эрхэм чанарт  халдахгүй байх, эх сурвалжаар баталгаажаагүй, баримтаар нотлогдоогүй мэдээ мэдээллийг түгээж, нийтлэхээс татгалздаг. Энэ зарчим, ёс зүйгээ баримталж ажиллахын давуу тал их. Хэвлэлд итгэх уншигчид болон харилцагчдын итгэл сайжирна, түүнийг дагаад үнэлэмж өсдөг. Мөн энэ хэрээр хууль хяналтын байгууллагын зүгээс ирэх дарамт шахалт ч бага байдаг.

-Редакцын бие даасан байдалд санхүүгийн хараат бус байдал чухал гэлээ. Нууц биш бол танай санхүүгийн бүтэц ямархуу вэ?

-Манай сайт есөн жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, өдөр бүр өөрсдийн контентоо бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн байдлаар сайтад 50 мянга орчим контент нийтэлсний 70 орчим хувь нь өөрсдийн бэлтгэсэн контент. Үлдсэн 30 орчим хувь хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагагааг сурталчилсан мэдээ, мэдээлэл эзэлж байна. Санхүүгийн бүтцээ ерөнхийд нь харвал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хийсэн зар сурталчилгааны гэрээний орлого нийт орлогын 50-иас дээш хувийг эзэлж байна.

Сайтын талбай бүр үнэтэй. Тиймээс хамртан ажилладаг байгууллагууд маань сайтын талбайн нэгж үнээ төлөөд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан мэдээллээ тавьдаг. Мөн бид аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар арга хэмжээ, үйл явдлаас сэтгүүл зүйн бүх төрлөөр контент бэлтгэн нийлүүлэх замаар тодорхой хэмжээний орлого олдог. Энэ жил манай байгууллага олон улсын төсөлд шалгарч, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг аваад байна. Мэдээж цаашдаа орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлага бий. iToim-ийн тогтвортой үйл ажиллагааг дагаад тодорхой хэмжээний тогтвортой уншигчид, харилцагчид бий болсон гэж харж байгаа. Тиймээс урт хугацаандаа “subscription model”, newsletter-тэй болох зорилго тавьсан.

-Уншигчтайгаа эргэх холбоо хэрхэн тогтоодог вэ?

-Нийгмийн сүлжээний платформуудаас хэрэглэгчдийнхээ нас хүйс, ажил мэргэжлийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг авч байна. Мөн сайт руу хандаж байгаа хэрэглэгчдээ аль мэдээллийг илүү уншиж, юу сонирхож байгааг нь  Google Analytic -аас тогтмол харж, бэлтгэн нийтэлдэг контент болон нийтлэлийн бодлогодоо тусгаж байна. Гэхдээ энэ бүхнээр уншигчидтайгаа хангалттай эргэх холбоо тогтоодог гэвэл өрөөсгөл юм. Бидний бэлтгэсэн контент уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн үү, бүрэн гүйцэт мэдээлэл өгч чадсан эсэхийг мэдэхийн тулд санал асуулга, хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг сайтар хийх шаардлага бий. Сүүлийн үед залуусын хандлага, мэдээлэл хүлээн авах хэлбэр, арга барил өөрчлөгдөж байна шүү дээ. 

Манай сайт энэ оноос уншигчдаа бүртгэлтэй хэрэглэгчээр бүртгүүлэх цэс үүсгэсэн.  Бүртгэлтэй хэрэглэгчдээсээ санал асуулга авах, хүсэлтийг нь сонсох замаар эргэх холбоогоо илүү сайжруулна. Түүнчлэн, сайтынхаа нүүр хуудаст олон нийт болон уншигчдаасаа мэдээлэл авах, ялангуяа төрийн болон бусад байгууллагын буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс болж хохирсон зэрэг асуудлаар мэдээлэл өгөх ШҮГЭЛ ҮЛЭЭХ булан тогтмол ажиллуулж байна. Тухайн ирсэн мэдээллийг нягталж, эх сурвалжаас тодруулж, эрэн сурвалжилж мэдээлэхийг зорьдог.

Л.ОДОНЧИМЭГ:  РЕДАКЦУУД САЙН ТӨЛӨВШИХ ХЭРЭГТЭЙ

iToim.mn сайтдаа мөн л есөн жил ажиллаж байгаа Улс төрийн албаны сэтгүүлч, редактор  Л.Одончимэгтэй ярилцсанаа тоймловол:

-Би iToim.mn сайтаа байгуулагдсанаас хэдхэн сарын дараа ажилд орж байлаа. Улс төрийн албанд парламентын сурвалжлагчаар орж, өнөөдрийг хүртэл энэ чиглэлээрээ дагнасан нийтлэл, мэдээ сурвалжилга бэлтгэж байна. Улс төрийн албанд зарчим, ёс суртахууны хэм хэмжээг баримталж ажиллах нь хамгийн чухал байдаг.

Сэтгүүлч хүний хувьд ажлаасаа авах хамгийн сайхан мэдрэмж нь хадаас нийтлэл, сурвалжилга, мэдээ бичиж, түүнийгээ олон нийтэд хүргэх. Тиймээс сайн сурвалжилга, мэдээ олж ирвэл урамшина. Хүний итгэлийг даах, эх сурвалжаа хайрлах нь сэтгүүлч хүний мөн чанарыг илтгэдэг. Яг тухайн цаг мөчийн гэрч болно гэдэг мөн л сэтгүүлчийн ажлын бахархал.

Бид сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээл хүндрэлийн талаар энд тэндгүй л санаа зовж, ярьж байна. Гэхдээ хөгжлийн жамаар энэ асуудал шийдэгдэнэ гэж хардаг. Энэ бол цаг хугацааны асуудал болов уу. Монгол орон даяараа хүндхэн үеийг даван туулж явна. Сайхан ирээдүйг авчрахын төлөө редакцууд сайн төлөвших хэрэгтэй гэдэгтээ санал нийлнэ. Уншигчид ч фэйсбүүкээс мэдээлэл авах, сонин сайтаас мэдээлэл авахын ялгаа, үнэлэмжийг мэддэг байх хэрэгтэй. Сэтгүүлчид нь ч сэтгэгдэл бичигчээсээ ялгарч, мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм. Хүмүүс уншихгүй учраас бид сайн бүтээл хийх хэрэггүй гэж бодож болохгүй шүү дээ.

Мөн сүүлийн үед сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол манай салбарын хүний нөөцийн асуудал байна. Ер нь бүх л салбарт хүний нөөцийн дутагдал нүүрлэж байна, хэвлэл мэдээлийн байгууллагад ч адилхан. Бүх яамд, агентлагууд, төрийн өмчийн компаниуд бүгд хэвлэлийн багтай байна. Редакууд төрийн хэвлэлийнхэнтэй цалин хангамж, тоног төхөөрөмжөөрөө өрсөлдөхөд бэрх. Үнэндээ манайх шиг иймэрхүү чөлөөт редакцад сэтгүүл зүйд, ажилдаа хайртай хүн л ажиллаж байгаа гэлээ.

САЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ТӨЛӨӨ ЧӨЛӨӨТЭЙ АЖИЛЛАДАГ ЗУРАГЧИН

iToim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг уул уурхайн инженер мэргэжилтэй бөгөөд сургуулиа төгссөний дараа гэрэл зурагт татагдаад хэвлэл мэдээллийн салбарт ажиллах болжээ.

Гэрэл зурагчин Э.Ганзориг “iToim.mn сайтдаа ес дэх жилдээ гэрэл зурагчнаар ажиллаж байна. Манай байгууллага хүссэнээрээ ажиллах, чөлөөтэй уран бүтээл хийх боломжийг хамгийн түрүүнд олгодог. Энэ нь байгууллагадаа хайртай байх, тогтвортой ажиллах гол шалтгаан юм.  Өнөөдрийн байдлаар 24 террабайт орчим гэрэл зургийн архив үүсгээд байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахын давуу тал их. Нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлын зураг түлхүү авдаг. Мэдээж үйл явдал болоод л өнгөрнө. Харин тухайн үйл явдлаас авсан гэрэл зураг түүхийн гэрчлэх гол баримт болоод үлдэнэ. Тиймээс агшин бүрийн төлөө гэрэл зурагчид уралдан дурангаа шагайдаг. Агшин бүрийг алдахгүй авахыг хүсдэг ч зарим үед алдсан байдаг. Авч чадаагүй агшин бүрийн төлөө хамгийн ихээр харамсдаг. Харин хамаг сайнаараа хичээж авсан агшин өөр хэн нэгний дуранд маш сайхнаар буусан байхыг үзээд мэргэжлийн цагаан атаархал төрнө шүү” гэж ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг тодотгосон юм.

Мөн цахим орчинд оюуны өмчийн хулгай их байдаг талаар харамсан дурдсан. Бүтээлээ тамгалсаар байхад тамгыг нь тасдаад хэрэглэсэн байхыг харах эвгүй, ядаж эх сурвалжаа дурдах соёлд суралцах хэрэгтэйг онцолсон юм.

Э.Ганзориг 2023 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн үеэр Монголын эрэн хайх аврах багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг гэрэл зурагт буулгасан анхны монгол зурагчин болсон байна.

Мөн газар хөдлөлтийн гамшгийн дараах нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан бүтээлээрээ “Нуранги” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ Сүхбаатарын талбайд гаргасан  нь гэрэл зурагчны хувьд бахархам ажил байжээ.

ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ НЭР ХҮНДТЭЙ РЕДАКЦАД АЖИЛЛАХ НЬ БОЛОМЖ

Сэтгүүлч Г.Хэрлэнгийн хувьд редакцынхаа отгон ажилтан, наймдугаар сард iToim.mn сайтад ажилд оржээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн сэдэв болон хэрэглээний сэтгүүл зүй талдаа бичдэг. МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр энэ жил төгссөн. Дадлага хийгээд хэд хэдэн газар ажиллаж үзэж байгаад салбартаа нэр хүндтэй талаас нь харж байгаад iТoim.mn сайтыг сонгон ажиллаж байгаа аж.

Тэрээр “Их сургуулиа төгсөөд гадаад явж үргэлжлүүлэн сурах, салбараа солих, эвсэл төгссөн мэргэжлээрээ ажиллах зэрэг сонголттой нүүр тулсан. Эцэст нь дөрвөн жил сурсан мэргэжлээрээ ажиллах шийдвэр гаргасан.

Ингээд сайн сэтгүүлч болохын тулд сайн редакцад орох ёстой гээд судалгаа хийсний үндсэн дээр iToim.mn сайтынхаа Ерөнхий редактортой холбогдоод “Танайд л ажилд ормоор байна” гэдгээ шууд илэрхийлсэн. Тухайн үед сэтгүүлч авах орон тоо байхгүй, гэхдээ анкетаа явуулаарай гэсэн. Ингээд анкетаа явуулснаас нэг сарын дараа ажилд авахаар дуудсан.

Миний эхний мэдээ улаан бурхан өвчний тухай байсан. Эхний долоо хоног жаахан тулгамдсан ч хоёр дахь долоо хоногоос жигдэрсэн. Редактортайгаа илүү ойр ажилладаг. Шинэ санаа, өнцгөө байнга ярилцана, мөн манайх 14 хоногоор сэдэв, хийх ажлаа төлөвлөж, оноожуулдаг. Ингээд сарын эцэст ажлын гүйцэтгэлээ дүгнэж, урамшуулал олгодог.

Энэ үнэлгээний систем нь сонирхолтой бөгөөд ажлаа төлөвлөхөд өдөр тутам сургаж байгаа. Мэдээж хамгийн гоё нь урамшуулал авах. Мөн цагтаа тардаг нь таалагддаг” гэх нь аргагүй л залуу үеийн эрх чөлөөт хэв маяг.

Редакцаа төлөөлөн хэн хэн яриа өгөх вэ? гэхэд Ерөнхий редакторын нэр цохсоноор гурван ажилтантай ийнхүү ярилцсан нь iToim-ын хүчин чадал, нөөц чадавх, зорилго зарчмын илэрхийлэл болсон биз ээ. Одоогоор iToim.mn сайт үндсэн найман ажилтан, таван чөлөөт /freelancer/ сэтгүүлчтэй хамтран ажилладаг юм байна.

Харин сайтын технологийн хөгжүүлэлтийг Мизорн ХХК 2015 оноос хойш хариуцаж байгаа аж.

https://itoim.mn/report

Эх сурвалж: https://www.myarkhangai.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.