ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛВАЛ УЛС ТӨРЧДӨД “ДӨРЛҮҮЛЭХГҮЙ”

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛВАЛ УЛС ТӨРЧДӨД “ДӨРЛҮҮЛЭХГҮЙ”

Фридрих Эбертийн сан, “Дойче Велле” ака­деми, Хэвлэлийн хүрээ­лэн хамтран “Мон­голд Хэвлэл мэдээл­лийн зөвлөл байгуулах стратеги, арга зам” зөв­лөгөөнийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээ өчигдөр Хэв­лэлийн хүрээлэнд нээлтээ хийсэн юм. Тус зөвлөлгөөнд оролцогчид манай улсад Хэвлэлийн консул буюу Хэвлэл мэдээллийн зөвлөл яагаад хэрэгтэйг болон байгуулах боломж, бэрхшээлийг хэлэлцэж, бусад орны туршлагаас суралцаж, номын дуу сонслоо.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын үнэт зүйл. Энэ бол хүний эрхийн үнэт зүйл юм шүү гэдгийг ухамсарлан ойлгосон хүмүүс энэ ажлыг эхлүүлэх ёстой. Сэтгүүлч хүн үнэнийг л хэлэх үүрэгтэй байдаг. Гэтэл энд тэндээс олон дарамт шахалт гарч ирдэг гэж оролцогчид ярьж байв. Хэрэв өөрийн зохицуулалтын байгууллага байвал хараат бус байдлыг хамгийн түрүүнд зохицуулж өгнө. Хоёрдугаарт, алдаагаа тогоон дотроо шүүнэ. Ингэснээр нэр төр гутаасан хэргээр шүүхэд дуудагдах сэтгүүлчдийн тоо цөөрөх юм.

МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ОРОЛДЛОГУУД БАЙСАН

-Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн дагаж мөрдөх зарчмын үндсэн баримт бичгийг боловсруулах ажлыг Сэтгүүлчдийн эвлэл хэд хэдэн удаа хийхийг оролдсон байдаг. 1989 онд анхны ёс зүйн зарчмыг баталсан. Дараагаар нь 1990-ээд оны дундуур гаргасан хоёр ч удаагийн баримт бичиг бий. 2011 онд зохион байгуулсан их хурлаараа Монголын сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчмын баримт бичгийг баталсан. Гэхдээ Хэвлэлийн зөвлөл байгуулагдаж, ажилласан туршлага манай улсад байхгүй. Оролдлогууд бол байсан. Бусад орны жишгээс харахад Хэвлэлийн зөвлөлийг хоёр янзаар ажиллуулдаг юм билээ. Сайн дурын үндсэн дээр буюу сэтгүүлчдийн олонх нь эвлэлдэн нэгдэж, ёс зүйн зарчмаа тодорхойлж, түүнийгээ дагаж мөрддөг. Мөн хуульчлаад, түүнийгээ дагаж мөрдвөл хэрэгжилт нь их хүчтэй байдаг. Гэхдээ манай улсад эхнийх нь тохиромжтой болов уу.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах: СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ

-Хэвлэлийн зөвлөлийн талаар маш их ярьдаг, тодорхой хэмжээгээр санаа зовдог, арга хэмжээнд хүрч ирээд оролцдог хүмүүсийн дийлэнх нь тухайн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид гэхээсээ илүү иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг төрийн бус байгууллагууд, судлаачид, багш нар, ахлах төвшний редактор, удирдах ажил хийж байгаа захирал, эрхлэгч нар байна. Тиймээс сэтгүүлчид өөрсдөд нь хэрэгтэй, өөрсдийг нь хамгаалах учиртай байгууллагын ач холбогдлыг нэг талаасаа төдийлөн сайн ойлгохгүй байна уу даа гэж ажиглагддаг. Нөгөөтэйгүүр, тодорхой хэмжээний мэдлэг дутагдаад байгаа юм болов уу. Ийм учраас санаатай болон санамсаргүйгээр янз бүрийн алдаа гаргаад, түүндээ өөрсдөө бүдэрдэг, шүүхийн хаалга татдаг. Эсвэл олон нийтээс шүүмжлэл хүртэж, итгэл үнэмшлээ алдаж байна. Тиймээс Хэвлэлийн зөвлөл буюу өөрийн  зохицуулалтын байгууллагыг сэтгүүлчид өргөнөөр дэмжиж, үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Энэ байгууллага маань эргээд бидэнд үйлчилнэ.

 

“Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал: НИЙГМИЙН ЗАХИАЛГА, ХЭРЭГЦЭЭ НЬ БАЙНА

-Чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдсан цагаас эхлээд Хэвлэлийн зөвлөл байгуулах талаар олон жил ярьсан. Хэвлэлийн зөвлөл байгуулах нийгмийн захиалга, хэрэгцээ одоо яахын аргагүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийгөө удирдаж, хянаж, зохицуулж чадахгүй бол Засгийн газар, төрийн байгууллагууд үргэлж үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцохыг эрмэлзэнэ. Тэрхүү эрмэлзлэл нь хатуу, чанга хуулиар илэрдэг. Өөрөөр хэлбэл, төрд юм уу Засгийн газарт дөрлөгдсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болно шүү дээ. Хэрэв бид өөрийн зохицуулалттай байгууллагатай болвол ийм байдалд орохгүй буюу сэтгүүлчид улстөрчдийн өмнө том байж чадна гэсэн үг. Энэхүү зөвлөлгөөнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, төрийн бус байгууллага, багш нар гээд их олон төлөөлөл оролцож байна. Тэд маань хоорондоо зөвшилцөөд Монголд хэрэгтэй загварыг гаргаж ирэх болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.