"МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ: Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл" хурал боллоо

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн үйл ажиллагаа нь сэтгүүл зүйн чанарын өөрчлөлтүүдийг гурван жилийн хугацаанд мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд, сэтгүүлчид хэвлэл мэдээллийн агуулгад, тэр дундаа улс төрийн мэдээлэлд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд шинэ санаачилгууд гаргаж, редакцын бодлогодоо олон талт байдлыг тусгаж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангахын тулд идэвхтэй ажиллаж ирэв.
 
Энэ хугацанад хэрхэн, ямар эерэг өөрчлөлтүүдийг бий болгосон талаар салбартаа танилцуулах, хүрсэн үр дүнгээ хадгалах, улам сайжруулах цаашдын алхмуудаа тодорхойлох зорилгоор “МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЬЕ: Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл” хурлыг 2024 оны аравдугаар сарын 28-нд зохион байгууллаа. 

Хурлын үеэр жендэр ба медиа судлаач Д.Мөнхчимэг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн агуулгад хийсэн мониторингийн судалгааны үр дүнгээ танилцууллаа. “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр эмэгтэй нэр дэвшигчид түүхэнд анх удаа нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувийг бүрдүүлсэн. Мэдээллийн сайтууд болон өдөр тутмын сонины агуулгад ч энэ нь тусгалаа олж, хэвлэл мэдээллээр гарсан эмэгтэйчүүдийн хувь хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Мөн сэтгүүл зүйн агуулгад эмэгтэйчүүдийг хэвшмэл ойлголтын дагуу, сөргөөр дүрсэлсэн нэг ч контент бүртгэгдээгүй нь гайхалтай сайн үр дүн байсан. Гэвч эмэгтэйчүүдийг цөөн эш татсан хэвээр байгаа нь цаашдаа анхаарах асуудал болж байна” хэмээн Д.Мөнхчимэг танилцуулав. 

Мөн “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн, Дархан-Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл өөрийн бүтээлийн түүхээ хуваалцлаа. Түүний бэлтгэсэн телевизийн сурвалжилга нь  “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн виртуал редакцын  есдүгээр сард зарласан “Орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад намуудын манлайлал" сэдвийн шилдэг бүтээлийн нэгээр шалгарсан юм. Тэрбээр “Орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь шат ахих тусам багасан хумигдаж байдгийг анзаарсан. Угтаа бол орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд заяагддаг нарийн чимхлүүр мэдрэмж, ур ухаан хэрэгтэйг иргэд онцолж байсан” хэмээн бүтээлийнхээ тухай онцолж хэлэв. 

Хурлын төгсгөлд “Эмэгтэйчүүдийн дуу хоолой: Чанартай сэтгүүл зүйг төлөвшүүлэх цаашдын алхмууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ захирал, Эмэгтэйчүүдийн Манлайллын сүлжээний менежер А.Анударь, Сонгогчдын боловсрол төвийн төслийн менежер Д.Элбэрэл, “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал нар оролцлоо.  

“Мэдрэмжтэй Мэдээлье” нэгдлийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцийг анх удаа бий болгож, 170 гаруй бүтээл хүлээн авсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулах менторшип хөтөлбөрийг 11 редакцтай хамтран хэрэгжүүлсэн билээ. Түүнчлэн тус нэгдлийн зарим онцлох ажлыг дурдвал: 

  • Мэргэжлийн редакцын үйл ажиллагаа, сэтгүүлчийн бүтээлийн үнэ цэнийг таниулах зорилгоор “Миний сурвалжилга Миний түүх” болон “Редакцын буухиа”-г зохион байгуулав.
     
  • Сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлэх зорилгоор сэтгүүлчдэд зориулсан Гэрэл зургийн сан, эх сурвалжийн дата санг бүрдүүлж нөөц хэрэглэгдэхүүнийг бий болгов.
     
  • “Улс төрийн мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь" редакцуудад зориулсан удирдамж, “Сонгуулийг мэдрэмжтэй мэдээлье” гарын авлагыг бэлтгэж, түгээв.
     
  • Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Мэдрэмжтэй мэдээлье” форумыг хоёр удаа зохион байгуулав.  
  • Эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд таниулах зорилгоор “Өөрөөс нь” уулзалт болон бусад цаг үеийн сэдэвчилсэн уулзалтыг зохион байгуулав.
     
  • Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд болон гэрэл зурагчид, сэтгүүлчдийн бүтээлийг дэмжих зорилгоор шагналт уралдаануудыг зохион байгуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.