ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХҮН БҮРТ ХАМААТАЙ

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХҮН БҮРТ ХАМААТАЙ

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй удахгүй өргөн баригдах гэж байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуулийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

 

- Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр мэргэшсэн хүн гэдгийг мэднэ. Гэтэл сүүлийн үед хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хүмүүс, тэр дундаа сэтгүүлчид бүгд тантай холбож анхаарах болж. Та яагаад хэвлэлтэй холбогдчихов гэдэг сонин байна? 

- Хэвлэл мэдээлэлд хамаагүй хүн гэж байхгүй шүү дээ. Сэтгүүлч, хэвлэлийн байгууллага бол мэдээлэл үйлдвэрлэгч, түгээгчид. Бусад бүх хүмүүс энэ салбарын хэрэглэгч, худалдан авагчид нь. Хэвлэлийн эрх чөлөөний асуудал бас ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах гээд аюулгүй байдал, засаглалын асуудалтай ч шууд холбоотой. УИХ-д хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаардаг. Энэ байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн онд хэвлэлийн хууль хэлэлцэх үеэр ажлын хэсгийг ахлах хүсэлтийг байнгын хорооноос тавьсан. Өмнө нь хийж ирсэн ажилтай олон талаар холбоотой, тэгээд ч уг асуудал нь чухал суурь асуудал болохоор анхаарч ажиллаж байна. 

- Хэвлэлийн эрх чөлөөний хууль өнгөрсөн оны хавар Их хурал дээр хэлэлцүүлэгдэж байх үед уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгч өөрөө буцааж татаж авсан. Одоо энэ хуулийн хувь заяа ямар байдалтай байна?

 

- УИХ дээр ажлын хэсэг ахалж байсны хувиар би энэ талаар Ерөнхийлөгчтэй зөвлөлдсөн. Ерөнхийлөгчийн алба “Ухаалаг төр”-ийн санаачлагатай холбоотой завгүй ажиллаж байгаа болохоор УИХ-ын гишүүд өмнө хэлэлцэгдэж байсан хуулийн төслийг сайжруулаад шинээр өргөн бариад, батлуулаад явахыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Бид энэ хаврын чуулганы хугацаанд багтаж дахин өргөн барихаар төсөл дээрээ ажиллаж байна. 

- Өнгөрсөн оны хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр таныг нэг төрийн бус байгууллага “хэвлэлийн эрх чөлөөний дайсан” гэж цоллосон байсан. Та үүнд хэрхэн хандсан бэ? Сэтгүүлч бид таны ажиллаж байгаа хуулийг батлагдахыг хүлээж байгаа. Гэтэл бас зарим хүмүүс багагүй эсэргүүцэж байх шиг?

- (Инээв) Надад үүнд нэг их эмзэглэсэн зүйл үгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөө хүн бүхэнд хамаатай асуудал гэж. Мэдээлэл хүлээн авч байгаа нийгэм, олон нийтийн хүсэл сонирхол гэж чухал зүйл бий. Цаана нь хэвлэлийн салбар байна. Хэвлэлийн салбар бас бүхэлдээ нэг цул биш. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч, эздийн сонирхол нэгдэх хэсэг байхад сөргөлдөх тал ч байдаг. Тэгэхээр энэ хоёр бүлэг тус тусын сонирхолтой. Дээр нь улс төрчид гэж нэг том бүлэг байна. Улс төрчид бол хэвлэлийн хараанд хамгийн өртөмтгий хүмүүс. Томруулдаг шилэн доор байгаатай л адил. Хэвлэлээр улс төрчдийн тухай үнэн бодитой мэдээлэл ч гарна. Тэдэн рүү дайрч давшилсан, захиалгатай, өөр рүү нь төдийгүй гэр бүл үр хүүхэд рүү нь халдсан янз бүрийн мэдээлэл ч гарна. Хүн л юм чинь эмзэглэнэ биз дээ. Тэгэхээр улс төрчид бас хэвлэлд өөрийн шаардлагаа тулгахыг хүснэ. Улс төрчид дотор бас өөрийн хэвлэлтэй хүмүүс ч цөөнгүй байна. Энэ олон талын сонирхолтой өөр өөр хэсэг бүлгүүд хэвлэлийн эрх чөлөөний хуулиас өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан заалт нэхнэ. Тэгэхээр амаргүй харагдаж байгаа биз. Мэдээж энэ бүх сонирхлын зөв тэнцвэрийг олсон сайн хууль гаргахын төлөө л ажиллана. Зарим хүний эмзэглэсэн тухайд дутуу, эндүү ташаа мэдээлэлтэйгээр эсэргүүцсэн тал ч байгаа юм билээ.

- Энэ олон эрх ашиг тэгээд таныхаар аль нь хамгийн чухал нь юм бэ?

- Хамгийн том эрх ашиг бол мэдээж бүх хүнд хамаатай нийтлэг эрх ашиг. Мэдээлэл авах эрх бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэн бүхний эдлэх ёстой хамгийн чухал эрх шүү дээ. Хүн бүхэнд сонгосон төр засаг яаж ажиллаж байна, амьдарч байгаа эргэн тойронд ямар нэг аюул байна уу үгүй юу гэхчлэн өөрт хамаатай асуудлаар мушгин гуйвуулаагүй, улс төржөөгүй, үзэл сурталжаагүй бодит мэдээлэл авах хүсэл, шаардлага байгаа. Хүмүүст энэ эрхийг нь эдлүүлэхийн тулд л хэвлэлийн эрх чөлөөг онцолж дархалдаг. Сэтгүүл зүйн хараат бус байдлыг бусад ажил мэргэжлээс онцолж, хуулиар хамгаалах гээд байгаа нь ийм учиртай. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад зарим онцгой эрхийг хуулиар баталгаажуулж өгч байгаа бол нөгөө талд нь тэр олгогдсон эрхийг буруу ашиглахгүй байх ёс зүйн шаардлага, хуулийн шаардлага бас тавигддаг. 

- Нөгөө талаас хэвлэл бол бизнес шүү дээ. Бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлийн ашиг сонирхол гэж байх ёстой байх?

- Тэгэлгүй яах вэ. Жинхэнэ арилжааны утгаараа оршин тогтнож байгаа хэвлэл мэдээлэл л зах зээл, уншигчдаа татах, тэдний шаардлагад нийцэх чанартай мэдээлэл түгээхийн төлөө ажиллана. Хэн нэгний бэлэн мөнгөөр ажиллаж байгаа хэвлэлүүд уншигчдын биш, захиалагчийнхаа хүсэлтийг хангахын төлөө л явна биз дээ. Өнөөдөр Монголын хэвлэлийн жижигхээн зах зээл дээр хэдэн зуун телевиз, радио, сонин, сайт оршин тогтнож байна. Энэ нь нэг талаас ашгийн бус, янз бүрийн өөр аргаар санхүүждэг хэвлэл олон байгаагийн шинж. Нөгөө талаас Монголын хэвлэлийн зах зээл мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулж байгаа томхон хэвлэлийн байгууллагууддаа ээлгүй, таагүй байгаагийн шинж. Шударга өрсөлдөөний орчин байхгүй байна гэсэн үг. Тиймээс хэвлэлийн бизнесийг босгохын төлөө, мэргэжлийн сэтгүүчдийг цалинжуулж, ашигтай ажиллахын төлөө зүтгэж байгаа арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ээлтэй хуулийн орчин байх ёстой. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд энэ бүхнийг харгалзсан суурь зохицуулалтыг оруулна. Харин бусад нөхцлийг өөр бусад хуулиудаар нэмж зохицуулах боломжтой.

- Саяхан Ц.Оюунбаатар гишүүний УИХ дээр гаргасан “төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох” гэдэг санал дэмжигдсэн шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг үнэгүй ашиглах эрх төрд байхгүй байх?

- Төрд хувийн хэвшлийг үнэгүй дайчлах эрх байхгүй. Шаардлагатай мэдээ мэдээллээ нийтлүүлэх хэрэгтэй бол мөнгийг нь төлөх ёстой. Гэхдээ заавал олон сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ урьдчилж байгуулахгүйгээр тухай бүрд нь зохих төлбөрөө төлөөд тайлагнаад явах ёстой. Мэдээлэл, сурталчилгаа хоёр өөр шүү дээ. Өнөөдөр бол төрийн байгууллагууд үнэн бодитой мэдээлэл иргэдэд хүргэх гэж яардаггүй мөртлөө төсвийн мөнгөөр хэвлэлтэй гэрээ хийж нэг бол өөрсдийгөө магтан дуулж сурталчлуулах, эсвэл өөрсөдтэй нь холбоотой сөрөг мэдээллийг нийтлүүлэхгүй хаалгахыг л урьдал болгож байгаа нь нууц биш. Энэ утгаараа төр хэвлэл мэдээллийн байгууллагатай “хамтын ажиллагааны” гэсэн сайхан нэртэй хаалтын гэрээ хийдэг буруу жишгийг заавал халах ёстой. 

- Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн өмнөх төсөлд “хэвлэлийн зөвлөл” гэдэг байгууллагын талаар тусгасан байсан. Энэ зохицуулалт шинэ төсөлд хэвээр үлдэх үү? Ер нь хэвлэлийн зөвлөл гэж юу вэ гэдэг талаар та товч хэлж өгөөч?

- Хэвлэл мэдээллийг бид дөрөвдэгч засаглал гэдэг. Иргэдийн нүд, чих, дуу хоолой нь болж, засаглалын бусад салаа мөчрөө хянах чухал үүрэгтэй учраас ингэж нэрлэдэг. Ардчилсан оронд энэ салбарт төрөөс хяналт, цензур тавихыг хуулиар хориглодог. Гэхдээ үнэхээр чухал, бие даасан нэг салбар л юм бол ямар нэг зохицуулалт байх л ёстой шүү дээ. Жунглийн хуулиар явдаг байж таарахгүй. Тиймээс чөлөөт хэвлэл хөгжсөн орнуудад хэвлэл мэдээллийн салбар өөрийгөө зохицуулдаг механизм хөгжсөн байна. Тэрийг нь нийтлэгээр хэвлэлийн зөвлөл гэж нэрлэдэг. Сэтгүүлчид, хэвлэлийн эзэд, бас олон нийт, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл орсон хараат бус зөвлөл. Энэ зөвлөл сэтгүүлчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, хэвлэлтэй холбоотой гомдол гарахад тэр дүрмээ барьж дүгнэлт гаргадаг. Бас зөвхөн салбартаа бус, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын төлөө төртэй, нийгэмтэй холбогдож ажилладаг жишиг байна. Олон зуун дамжиж чөлөөт хэвлэл төлөвшсөн орнуудад энэ зөвлөл цагийн шаардлагаар аяндаа бий болсон нь байна. Бас сүүлийн үед ардчилал хөгжиж байгаа орнууд тэр урт хугацааны шалгарлыг хүлээж суулгүйгээр хуулиар ийм зөвлөл байгуулагдах нөхцлийг бүрдүүлж өгдөг ч жишиг байна. Би хувьдаа энэ асуудлыг хуульд тусгах нь зөв юм гэж харж байгаа. 

- Энэ хууль чуулганаас чуулган дамжиж удаан яригдаж байна. Яг хэзээ батлагдах бол? Ер нь батлагдах найдвар байна уу?

- УИХ-ын танхимд ч, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт ч, нийгэмд ч хүлээлт ихтэй байгаа хууль. Энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барьчихвал намрын чуулганаар хэлэлцээд баталчих байх гэсэн бодолтой байна.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

                                                                                                                   Нийгмийн Индэр сэтгүүл 2014-№07

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.