УЛСТӨРЧ АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД Ч МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ БАРИМТЛАНА

УЛСТӨРЧ АГЕНТЛАГИЙН СЭТГҮҮЛЧИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД Ч МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ  БАРИМТЛАНА

“Улстөрч агентлаг” өдөр тутмын үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллахаа мэдэгдэж Хэвлэл мэдээллийн зөвлөлд нийтлэлийн бодлого, дотооддоо мөрдөн ажилладаг ёс зүйн дүрмээ танилцууллаа. Ингэхдээ агентлагийн бодлого, ёс зүйн журамдаа “Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнд байх хувийн хуудсаараа дамжуулан өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эрмэлзэнэ” хэмээн тусгажээ.

            Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2018 оны 10 дугаар сард “Сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форум”-ыг зохион байгуулсан. Дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй сэдвийн хүрээнд болсон тус форумын үеэр сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд ч ёс зүйтэй байхыг, редакциуд дотоод журамдаа энэ талаар тусгаж өгөхийг уриалсан. Мөн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн сүлжээнд дагаж мөрдөх редакцийн бодлогын баримт бичигтэй тухай танилцуулж байсан. Тэгвэл “Улстөрч.мн” сайт, сард хоёр дугаар нийтлэгддэг “Улстөрч” сонин, сар тутмын “Улстөрч” сэтгүүл зэргийг эрхлэн гаргадаг “Улстөрч агентлаг” энэхүү уриалгад нэгдэж байгаа нь сэтгүүлчид олон нийтийн сүлжээнд мэргэжлийн гэдгээрээ ялгарах, олон нийтэд найдвартай мэдээлэл түгээх үйлсэд хувь нэмэр оруулж буй сайн жишиг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.