ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛД УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГ ОЙРТУУЛАХ Ч ҮГҮЙ

ХЭВЛЭЛИЙН ЗӨВЛӨЛД УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГ ОЙРТУУЛАХ Ч ҮГҮЙ

Хэвлэл мэдээллийн салбарыг өөрийн гэсэн зохицуулалтын байгууллагатай байх ёстой гэж боддог, хүсдэг сэтгүүлч уран бүтээлчид цөөнгүй байдаг ч тийм байгууллага бий болгохоор санаа шулуудан ажилласан нь харин цөөн. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах санаачлагын бүлэг байгуулагдан 10 сарын турш эрчимтэй ажилласан билээ. Тус санаачлагын бүлгийн гишүүн, “Монгол телевиз”-ийн мэдээний албаны ерөнхий продюссер Э.Лхагватай Хэвлэлийн зөвлөлийн талаар яриа өрнүүллээ.

Монголд Хэвлэлд мэдээллийн зөвлөлийн үүсгэн байгуулагчдын чуулган  яг долоо хоногийн дараа /арваннэгдүгээр сарын 28-нд/  хуралдах гэж байна. Хэвлэлийн зөвлөл байгуулах ажилд оролцъё гэдэг санаа өөрт чинь хэзээнээс  төрсөн бэ. Монголын Хэвлэлийн зөвлөлийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Монголд Хэвлэл мэдээллийн зөвлөл хэрэгтэй гэдэг санааг анх Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахын манай телевизээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр сонссон юм. Түүний дараа би М.Мөнхмандах захирлын “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагын орчуулгыг “UB post” сониноос уншсан. Тэрхүү ярилцлагад Монголын хэвлэл мэдээлэлд итгэх үзэгч, сонсогч, уншигч  иргэдийн итгэл  бүх цагийн үеийн хамгийн доод төвшинд ирснийг онцолсон байсан.

Тэрхүү ярилцлагад хэвлэлийн зөвлөл байгуулах санаачлагыг дэвшүүлж, сэтгүүлч, сурвалжлагч нар өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэйг уриалсан байсан.

Түүнийг уншаад Хэвлэлийн зөвлөл байгуулах санаачлагын бүлгийн анхны уулзалтад очсон. Тэгэхээр клуб байгуулах анхны өдрөөс өнөөг хүртэл 10 сарын турш идэвхтэй ажиллаж байгаа. Эхний зургаан сарыг манай клубын гишүүд Сэтгүүлчийн ёс зүйн зарчим буюу кодыг боловсруулах ажилд зориулсан. Долоо хоног бүрт нэг кодыг боловсруулан ярилцаж заншсан. Хамгийн сүүлд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс баталсан дүрэмд тусгасан Сэтгүүлчийн ёс зүйн зарчим нь хэт ерөнхий, хуулиар зохицуулж буй зүйл заалт орчихсон байх жишээтэй. Тиймээс тунхаг төдий байгаа Сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг хэрэглэж болохуйц энгийн бөгөөд ойлгомжтой болгох зорилгоор ажиллаж эхэлсэн.

Улс төрийн нам хүчин болоод аль нэг редакцийн захиалгаар биш, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах гээгүй, цэвэр сэтгүүлч уран бүтээлчдийн санаачлагаар тодруулбал, өвсний үндэс шиг дороос санаачилсан болохоор илүү дүнтэй байна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Хэвлэлийн зөвлөлийн тухайд...?

-Хэвлэлийн зөвлөл сонгодог утгаараа байгуулагдаад бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадвал хэвлэл илүү хариуцлагатай болно.

Хэвлэл хариуцлагатай болоод ирэхээр миний уншсанчлан уначихаад байгаа хэвлэл мэдээлэлд итгэх итгэл эргэж сэргэх болов уу. Сэтгүүлч мэргэжлийг сонгоод редакци авч яваагийн хувьд сэтгүүлчийн үнэлэмж, хүндлэл  доогуур байгаад сэтгэл зовинодог. Бусад мэргэжлийн хүмүүсийн адил өөрийн мэргэжлээрээ бахархах, сэтгэл дүүрэн ам бардам хэлэх бардамнал улам л хумигдаж байгаа. Тиймээс аав ээж, найз нөхдөдөө, нийгмийн харилцаанд орж буй  бүхий л хүмүүст “Би сэтгүүлч” гэж ам бардам хэлэхийн тулд Хэвлэлийн зөвлөлтэй байх ёстой гэж боддог.

-Санаачлагдын зүгээс ёс зүйн кодоо боловсруулаад дууссан гэж ойлголоо. Тэрхүү кодоо хэвлэлийн зөвлөл байгуулах хурал дээр танилцуулах уу?

-Хэвлэлийн зөвлөл байгуулах үндсэн асуудалд Сэтгүүлчийн ёс зүйн код бол ороогүй. Гэхдээ бид ёс зүйн зарчмаа боловсруулаад МСЭ-д хүлээлгэн өгсөн. Мөн бүх редакцид хүргүүлсэн. Бидний боловсруулсан ёс зүйн кодтой танилцаад хэрэглэж болох эсэх дээр саналаа хэлээч ээ гэдэг хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн байгаа. Сэтгүүлчдийн эвлэл бол их хурлаараа ёс зүйн зарчмыг шинэчилдэг болохоор бид дайрч болохгүй байсан. Тиймээс манай санаачлагчдын бүлэг олон улсын туршлагыг судалж байгаад Сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг шинэчиллээ гээд хүлээлгэн өгсөн.

Удахгүй хуралдах чуулганаар Хэвлэлийн зөвлөлийн дүрмийг хэлэлцэнэ, Удирдах зөвлөл /УЗ/-ийн гишүүдийг заалнаас сонгоно. Харин Хэвлэлийн зөвлөлд ажиллах 18 гишүүнийг чуулганд төлөөлөл болон оролцож байгаа Эзэн, Сэтгүүлч, Санаачлагын бүлэг тус бүр квотын дагуу сонгох юм. Хэвлэлийн зөвлөлийг Хэвлэл мэдээллийнх /хэвлэмэл болон онлайн хэвлэл/ болон Өргөн нэвтрүүлгийнх гэж хоёр тусдаа ес есөн гишүүнтэй байх юм. УЗ-ийн тухайд зургаан гишүүнтэй байх нь санал тэнцэх эрсдэлтэй учир гаднаас иргэд, олон нийтийн төлөөлөл болгон нэг хүн нэмбэл яасан юм бэ гэсэн сонирхолтой санал ч гарч байгаа. Тиймээс иргэдийн төлөөлөл нэг хүн Хэвлэлийн зөвлөлд орж ирэх болов уу. Мэдээж тэр хүн улстөрч байхгүй. Олон нийтийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн, залуучуудын, хүүхдийн, ахмадын байгууллагын аль нэгнийх нь төлөөлөгч байж болно шүү дээ. Хараат бус нэг гишүүн орж ирж санал хагалахгүй бол УЗ-ийн зургаан гишүүн санал тэнцээд шийдвэр гарахгүй гацах эрсдэл бас бий. Энэ бүхнийг Хэвлэлийн зөвлөлөөр хэлэлцэнэ.

-Хэвлэлийн зөвлөлд Санаачлагчдын бүлэг ямар оролцоотой байх вэ. Эрх ашгаа хамгаалах гэсэн хүмүүс бүлэг байгуулдаг урьд өмнөх гашуун туршлага бий. Одоо ажиллаж байгаа Монголын сэтгүүлчдийн эвлэл, нэгдэл, холбоодоос танай бүлэг ялгаатай байж чадах уу?

-Тэр олон эвлэл, нэгдэл, холбоодын дунд нь орж ажиллаагүй болохоор ялгаа заагийн тухай хэлэхэд хэт хөнгөдсөн дүгнэлт болох байх. Манай Санаачлагчдын бүлэгт итгэхгүй,  хардсан, буруу ташаа ойлгосон яриа хөөрөө гадуур байгаа. Энэ бол мөнхийн байх асуудал.

Урьд нь Хэвлэлийн зөвлөл байгуулах хоёр гурван санаачлага гарсан ч амжилтгүй болсон учраас ийм үл итгэх байдал үүссэн байх талтай. Явцуу эрх ашгийг хамгаалах гэсэн оролдлого гараад унаж байсан бол энэ удаагийн санаачлагчдын бүлэгт ямарваа нэг эрх ашгийг хамгаалах хүмүүс цуглаагүй. Хэн ч уулзалтад очоод харах боломжтой. Зураг дээрээс ч харагддаг. Нийтдээ 19 байгууллагын төлөөлөл байгаа гэж зохицуулагч Тамираа танилцуулж байсан. Яг тооцвол 23 ч байж болох юм билээ. Тэдэн дунд МСЭ, Монголын Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэйшнл ТББ, Ил тод байдлын сан болоод news.mn,  ikon.mn,  gogo.mn зэрэг өдөр тутмын мэдээллийн вэб сайт, Mongolian mining journal сэтгүүл, МҮОНРТ-ийн редакци байхаас гадна Парламентын сэтгүүлчдийн холбоо гэхчилэн олон байгууллагын төлөөлөл оролцож байгаа болохоор ямар нэгэн эрх ашгийн төлөө нэгдлээ гэж хардах боломжгүй. Би л гэхэд редакцийнхаа 40 сэтгүүлчийг төлөөлөн санаачлагын бүлэгт ажиллаж байгаа. Бид манай салбарт өөрийн зохицуулалтын байгууллага хэрэгтэй гэдэг дээр л санал нэгдсэн хүмүүс. Энэ байгууллага ямар байх, яаж ажиллахыг чуулганаараа хамтдаа хэлэлцэж шийднэ.

-Чуулганд оролцохоор хүсэлт гаргасан хүн олон байна уу. Сэтгүүлчид олон байгаа ч хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд цөөн байна уу гэж анзаарагдсан?

-Чуулганд 150 гаруй сэтгүүлч оролцохоор бүртгүүлсэн байна лээ. Эзэд бас бий. Гэхдээ сэтгүүлчдээс цөөн. Тиймээс ч “Mongolian mining journal” сэтгүүлийн эзэн Л.Болормаа “Хэвлэлийн зөвлөл байгуулах сэтгүүлчдийн хүсэл эздийнхээс илүү байна” гэж хэлсэн байсныг эш татмаар байна.

Өнөөдөр манай улсад хэвлэл мэдээллийн 500 гаруй редакци ажиллаж байна гэсэн судалгаа байдаг юм билээ. Харин сэтгүүлчдийн тоог яг таг тогтоосон нь бараг үгүй. 3000 орчим гэдэг.

Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 18 сургууль төгсч буй жил бүр шинэ боловсон хүчнээр хүч сэлбэдэг гэхээр манай салбар бол аргагүй л өнөр салбар. Тэр хэрээрээ хариуцлагатай, ёс зүйтэй, нэр хүндтэй байх ёстой. Тэр бүхнийг бий болгох үндэс нь Хэвлэлийн зөвлөл байх болов уу.

-Сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа байгуулах нь тодорхой болчихоод байгаа. Долоо хоногийн дараа бид ийм байгууллагатай болно. Тэрхү байгууллагыг маань нийгэм, гадна орчин хэрхэн хүлээн авах бол. УИХ, Засгийн газрын төвшинд гэхчилэн?

-Өнгөрсөн 10 сарын хугацаанд санаачлагдын бүлгийнхэн маань гэрийн даалгавраа тун сайн хийсэн. Тиймээс ч таны асуугаад байгаа асуудлыг орхигдуулаагүй.

Хэвлэлийн зөвлөл бол зөөлөн зохицуулалтын механизм. Азийн 10-аад орны жишээг бид судалсан. Хэвлэлийн зөвлөл хэрхэн санхүүжих вэ гэдгийг ч судалсан. Хэвлэлийн зөвлөлийн нийт зардлын 40 хүртэл хувийг төрөөс санхүүжүүлэх боломжтой гэж бид харж байгаа. 40 хувиас хэтрэх юм бол төрөөс хараат байх магадлалтай. Дэлхийн улс орнууд Хэвлэлийн зөвлөлийг яагаад санхүүжүүлдэг вэ гэхээр ийм зөвлөл байгуулснаар шүүхийн зардлыг бууруулдаг юм байна. Нэр төрөө сэргээлгэхээс эхлээд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд хүртлээ газар авахгүйгээр шийдэгдэх боломжийг Хэвлэлийн зөвлөл олгодог.  Татвар төлөгчдийн мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэж байгаа учраас санхүүжилт өгдөг.

Нөгөөтэйгүүр Хэвлэлийн зөвлөлтэй болсноор залуу сэтгүүлч туршлагагүйгээсээ болоод алдаа гаргасныхаа төлөө шүүхэд дуудагдахаа болино.

Хувь хүмүүсийн хувьд ч нэр төрөө хамгаалах механизмтай болно гэсэн үг л дээ. Тэгэхээр тал талын эрх ашгийг хамгаалсан Хэвлэлийн зөвлөлийг гадна орчин, нийгэм таагүй хүлээн авах үндэслэлгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.