Хэвлэл мэдээллийн зөвлөл УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед түргэвчилсэн журмын дагуу шуурхай ажиллана

Хэвлэл мэдээллийн зөвлөл УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед түргэвчилсэн журмын дагуу шуурхай ажиллана

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэн болон нэр дэвшигчдээс ирүүлэх өргөдөл гомдлыг шуурхай хүлээн авч, шийдвэрлэх болсоноо өнөөдөр мэдэгдлээ.

 

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Сонин, сэтгүүл, сайтын  ёс зүйн хорооны гишүүн О.Ариунбилэг нар мэдээлэл хийхдээ ХМЗ-ийн гомдол хүлээн авах, барагдуулах түргэвчилсэн журам болон Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах редакцын бодлогыг танилцуулсан юм. Түүнчлэн ХМЗ-өөс нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжилъя” уриалгыг гаргаад байна.  /Уриалгыг http://www.mediacouncil.mn/a/168 -ээс хүлээн авна уу/

 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийн гомдлыг ХМЗ цахимаар  /http://www.mediacouncil.mn/signin/ хүлээн авч, ёс зүйн хороодын хамтарсан хуралдааныг  6 дугаар сарын 6, 13, 20-нд тус тус  зохион байгуулна. Журмын дагуу редакцаас хариу тайлбар ирүүлэх хугацааг нийслэлд 48 цаг, орон нутгийн редакцаас ирүүлэх бол 72 цаг байхаар төлөвлөжээ. Мөн ёс зүйн хорооны дүгнэлтийг 8 цагийн дотор гомдол гаргагч болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад хүргүүлж, 10 цагийн дотор олон нийтэд мэдээлэх болно.  

/Түргэвчилсэн журмыг http://www.mediacouncil.mn/a/169 -ээс хүлээн авна уу/ 

 

ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлоо иргэд, улс төрийн намууд, нэр дэвшигчид шүүхэд  гаргахаасаа өмнө хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагад хандаж шуурхай шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Сэтгүүлчдийг санамсаргүй алдаанаас нь болж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь өөрийн цензурыг үүсгэж, улмаар иргэний мэдэх эрх хязгаарлагдах эрсдэлтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Харин ССС-ын ёс зүйн хорооны гишүүн О.Ариунбилэг “Сонгуулийг сурвалжлахдаа ёс зүйн алдаа гаргах нь нийгэмд ихээхэн хор уршиг тарих эрсдэлтэй бөгөөд зарим тохиолдолд мөргөлдөөний эх үүсвэр болох ч магадлалтай. Тиймээс редакцууд шуурхай байдлаараа уралдах бус баримтад тулгуурласан, тэнцвэртэй, бодитой мэдээлэлд анхаарч ажиллах нь чухал” гэдгийг онцлов. Мөн буруутгагдаж буй этгээдэд тайлбар өгөх боломж олгох нь сэтгүүл зүйн хүнлэг бөгөөд ёс зүйтэй үйлдэл.  Худал мэдээллийг тарааж, дэвэргэхгүй байхыг хичээн, хэвлэлийн хурал, хэн нэгний мэдэгдлийг шууд мэдээлэхээс зайлсхийх, эсрэг талын байр суурийг сонсох нь эргээд сэтгүүлчдэд хамгаалалт болно. Мөн редакцад  олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчдээсээ сургалт авч, сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар ёс зүйн болон эрх зүйн зөвлөгөө авах хэрэгтэйг сануулсан юм. 

 

Эдгээрийг ХМЗ-өөс боловсруулж буй “Сонгуулийг ёс зүйтэй сурвалжлах нь” редакцын бодлогын баримт бичигт тусгаж буйгаа илэрхийллээ.  Тус баримт бичгийг ХМЗ-өөс тун удахгүй нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлнэ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.