ТВ9 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ТВ9 ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

     Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн редакцийн уулзалтаа ТВ9 телевизийн мэдээний албаны сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтыг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын таван жилийн туршлага, сургамжийн талаар хэлэлцүүлгээр эхлүүллээ.  

 

     ХМЗ үүсгэн байгуулагдсанаас хойш 375 өргөдөл гомдлыг хүлээн авсан байна. Эдгээрийн 20 орчим хувь нь телевизүүдэд хаяглагдсан бөгөөд редакцууд хариу тайлбараа ирүүлэх, шаардлагатай бол залруулга гаргах соёл улам нэмэгдэж буйг ХМЗ-өөс онцоллоо.  

 

     Тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ”Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа судалж, чанд мөрдөж ажиллах нь сэтгүүлчийг хуулийн хариуцлага хүлээлгэхээс хамгаалах болно. Ёс зүйн хороодын дүгнэлтээс харахад редакцууд баримт, мэдээллийг нягтлан шалгах ажилд илүү нухацтай хандаж, сэтгүүлчдийнхээ ур чадварыг тогтмол хөгжүүлж байх нь чухал” хэмээн нэмж хэлэв.  

 

     Харин сэтгүүлчдийн зүгээс цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм нь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саадтай байгаа, түүнчлэн бодит мэдээлэл түгээх, баталгаатай эх сурвалжийг ашиглах зэрэг ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах асуудлыг хуульчилж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөг хумих эрсдэлтэй талаар байр сууриа илэрхийллээ. Иймд цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөний асуудал сэтгүүлч, редакцуудын анхаарлын төвд байх ёстойг мөн сануулав.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.