ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО ТАВ ДАХЬ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО ТАВ ДАХЬ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний ярилцлага тав дахь удаагаа 10 дугаар сарын 28-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уулзалт ярилцлагыг 2017 оноос эхлэн Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фридрих-Эбертийн сангаас хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг “Сонгуулийн үеийн хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалт ба ёс зүй” гэсэн сэдвийн хүрээнд хийв. 

 

   Сэтгүүлчид болон редакторууд, ХМЗ-ийн гишүүд, хуульч, эрх зүйчид болон ХХЗХ, СЕХ, МУЕПГ-ын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтаар  “УИХ-ын сонгуулийн жилд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд холбогдох хэргийн шийдвэрлэлт”, “Телевизүүд сонгуулийн сурталчилгааны хугацаанд ёс зүйн зарчмаа мөрдсөн үү?” гэсэн хоёр төрлийн судалгааны үр дүнг танилцуулсан юм. Мөн ньюс агентлагийн дэд захирал, ХМЗ-ийн ССС ёс зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа “Сонгуулийн үеийн сэтгүүл зүйн чанар, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр нөлөө” сэдвээр илтгэл танилцууллаа. 

 

   Хараат бус судлаач Д.Пунсанцогвоо “Үзэгчийн судалгаагаар тэргүүлдэг өргөн нэвтрүүлгийн таван ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрийг сонгож мониторинг хийхэд сонгуулийн үед сэтгүүл зүйн чанарын асуудал орхигдож байна.  Тодруулбал, сонгуулийн кампанит ажлын 21 хоногийн ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрийн 85 хувь нь төлбөртэй сурталчилгаанд, 8 хувь нь далд сурталчилгаанд зориулагджээ. Үлдсэн 7 орчим хувь нь сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн контент байгаагаас дүгнэхэд ардчилсан сонгуулийн үед сэтгүүл зүй үүргээ гүйцэтгэж чадсангүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна” хэмээн онцлов. 

 

   Хараат бус судлаач, хуульч Б.Пүрэвсүрэн “УИХ-ын сонгуулийн жилд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд холбогдох хэргийн шийдвэрлэлт” танилцуулгадаа ”Энэ удаагийн сонгуульд сэтгүүлчид, редакцууд өмнө байгаагүй олон хуулийн хязгаарлалт дор ажиллалаа. Сонгуульд  өрсөлдөгч нам, нэр дэвшигчийнталаар худал мэдээлэл тараасан, нэр төр, алдар хүндэд  халдсан гэх гомдлуудын дийлэнх олонх нь эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад хандсан байна. ЦЕГ, ТЕГ, ХХЗХ, МУЕПГ-аас ХМЗ-д ирүүлсэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой гомдлуудын тоон мэдээллээс харахад нийт гомдлын 25 орчим хувь нь сэтгүүлч, редакцад хамаарч байна. Гэвч эдгээр гомдлуудын нэгээс бусад  нь хэрэгсэхгүй болсон, мөн хэрэг бүртгэл нээхээс татгалзсан байгаагаас харахад сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад болох нь нийтлэг байгааг харуулж байна” хэмээн онцлов. . 

 

   ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Судалгааны дүнгээс харахад,  редакц болон сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой хууль хяналтын эрх бүхий байгууллагад гомдол гаргагчдын 90 гаруй хувь нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтан байна. Харин ХМЗ-д гомдол гаргагчдын 46 хувь нь жирийн иргэн, ердөө 3 хувь нь улс төрчид байгаа юм. Үүнээс харахад сэтгүүлч, редакцуудыг хэвлэн нийтэлсэн бүтээлтэй нь холбогдуулан шүүхэд гомдол гаргах нь өндөр хэмжээний мөнгөн торгуулийн шийтгэл, эрүүгийн хариуцлагаар айлгах замаар сэтгүүл зүйн чөлөөт шүүмжлэлийг хумих оролдлого хэмээн үзэж болно” хэмээн тайлбарлав.

 

   ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир  уулзалтыг хаахдаа “Сонгуулийн тухай, цар тахлын тухай хуулиудаас харахад хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна. Хуулийн хатуу зохицуулалт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заасан төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад цензур тогтоохгүй гэдгийг зөрчиж байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн салбарыг олон улсад байдаг зөөлөн зохицуулалтын аргаар зохицуулах ёстой. Хатуу зохицуулалтаар явах тусам хэвлэлийн эрх чөлөө хумигдана” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.