Б.ГАЛААРИД: СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БАЙНА, ТЭД

Б.ГАЛААРИД: СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БАЙНА, ТЭД

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит XVI их хурал маргааш эхлэнэ.Энэхүү хурлаар Сэтгүүлчдийн эвлэлийн ёрөнхийлөгч, удирдах болон гүйцэтгэх зөвлөлийг сонгож , дүрмээ батлах юм. Энэ талаар МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

Маргааш болох их хуралд мандатаа өргөх эрхтэй хэдэн төлөөлөгч оролцох вэ? Төлөөлөгч нарыг ямар шалгуураар сонгосон бэ?

250 төлөөлөгч мандат авч байна. Эдний дөрөвний нэг нь орон нутгаас оролцож байгаа. Эвлэлийн гишүүний татвараа гурван жил тасралтгүй төлсөн, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцсон, дүрмээ баримталсан гишүүд дундаас төлөөлөгчийг сонгосон байгаа. Их хурлын төлөөлөгчийн мандат бэлэг биш гэж хэлээд байгаа нь энэ юм. Өмнөх их хурлаас гаргасан дүрмээр ийнхүү төлөөлөгчдөө бүртгэж, мандат олгоод байна. Энэхүү 250 бол таслах эрхтэй төлөөлөгч. Урилгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага болох 20 орчим хүнийг оруулж болно. Сурвалжлах сэтгүүлчдэд мэдээж нээлттэй.

Өнгөрсөн хурлаар баталсан дүрмээ энэ удаад өөрчлөх үү?

Дүрмээ шинэчлэн найруулахаас аргагүй. Өмнө нь баталсан дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүддээ ямар хариуцлага тооцох вэ гэдэг тодорхойгүй байсан. Үүнээс болоод ч тэр үү өнгөрсөн гурван жилийн хугацаанд удирдах зөвлөлийн 5-6 гишүүн 1-3 удаа л хуралдаа суусан байх жишээтэй. Эвлэлийнхээ ерөнхий нарийн бичгийн даргаа ч таньдаггүй Удирдах зөвлөлийн гишүү бас 5-6 байна. Хурал болгонд суудаг гишүүд хэдхэн, үлдсэн нь алтан дундаж.Тэгэхээр хуралдаа ордоггүй хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээс нь хасч, арынхыг нь оруулж ирдэг дүрмийг суулгаж өгнө гэж бодож байгаа. Хоёрдугаарт чиглэлүүдийг хариуцсан төвүүд бий болох ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл, манай салбарт телевиз, сонин, сайт, радио,сэтгүүл, судлал шүүмж гээд олон чиглэл байна. Ингэж байж аятайхан бүтэц бий болох байх. Түрүүчийн их хурлаар надаас өмнөх удирдлагуудын боловсруулсан дүрмийг хэлэлцүүлж баталсан.Тэр дүрмээр би гурван жил ажиллалаа. Одоо дараагийн хүмүүст надад тохиолдсон бэрхшээл бага тохиолдоосой гэдэг үүднээс дүрмийн зарим заалтыг өөрчлөн хэлэлцүүлэхээр тогтлоо. Гэхдээ өөрчлөх эсэхийг их хурлын төлөөлөгчид мэднэ шүү дээ.

Та эвлэлийн сонгуулд өрсөлдөх үү?

Би өрсөлдөхгүй гэж шийдчихсэн, ажлаа цэгцлээд явж байсан.Тэгсэн чинь сүүлийн долоо хоногт үүсч байгаа нөхцөл байдал намайг шийдвэрээ эргэн харахад хүргэсэн .Яагаад гэвэл, намайг ажлаа өгнө гэдэг сургаар хүмүүс мөнгө яриад эхэллээ шүү дээ."Танай их хурлын мандатыг чинь мөнгөөр бөөндөөд явчихъя" гэж байна. Бас эвлэлийн зарим хүнтэй уулзаж "Чи нэр дэвшчих.Би дэмжье" гээд улс төрийн хүчин гар дүрж эхлэсэн.Намын нөлөө бүхий хэсэг ингээд ороод ирвэл их буруу зүйл рүү биднийг түлхэнэ.Би нэр зааж МАН-ынхныг хэлмээр байна.Ингэж завааруулах гэж байна шүү дээ. Би яах гэж энэ байгууллагыг гурван жилийн турш хараат бус байлгах гэж махаа идсэн юм. Би АН-д долигоноогүй, МАН-ын бөгсийг долоогоогүй.Үүний төлөө аль нь ч надад таатай ханддаггүй. Арай гэж гайгүй болгоод явъя аа гэхээр ардуур заваан юм хийх гээд байна. Ийм учраас би Ерөнхийлөгчид үзнэ. Мөнгөтэй нь зохион байгуулалтад ороод үздэг л юм байгаа биз. Гэхдээ манай сэтгүүлчид бусад салбрынхаас өөр шүү дээ. Сэтгэл зүрх нь үнэний төлөө цохилдог учраас шударга хандана. Манай сэтгүүлчдийн ёс зүйг дутуу үнэлээд байгаа юм байлгүй дээ, тэд.

Эвлэлийг ямар хүн толгойлж болохгүй вэ?

Улс төрждөг, талцуулдаг хүн битгий байгаасай л гэж бодож байна. Энэ байгууллага улс төржиж олон жил болсон.Үүнээс нь хол байлгах гээд хэрэндээ ажиллаж байна. Манай салбарыг чинь янз бүрээр улс төрд ашиглах гэж их үзэж байна шүү дээ. Бид их хурлаараа бодлогоо нарийн тодорхойлж, өөрсдөдөө дархлаа тогтоох ёстой. Бид хараат бус, мэргэжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй.

Төрийн бус байгууллагын удирдлагыг сонгон хуралд улс төрийн хүчин нөлөөлж байна гэж та хэллээ.Таны сууж байгаа суудал тийм их эрх мэдэл дагуулдаг юм уу?

Юу байх вэ дээ. Би бас ойлгохгүй байна аа.2006 оны сонгуулд манай өмнөх байгууллага тодорхой улс төрийн намын төлөө ажиллана гэдгээ мэдэгдэж л байсан. Ийм улс төржсөн байгууллагыг өнгөрсөн сонгуулиар ч тэнцвэртэй байлгах гэж их хичээсэн.Хувиа бодсон бол миний унаган багын найзууд улс төрд байж л байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгууллаа.Энэ талаар таны бодлыг сонъё?

Зарчмын нэг асуудлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд би мөрдлөг болгож явсан. Тэр нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт буюу ёс зүйн асуудал хариуцсан биеэ даасан хараат бус байгууллага байх ёстой гэж. Бүх улс орны жишиг ийм байгаа. Өчигдөр Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдлаа.Улс орнуудад энэ зөвлөлийн санхүүжилт хүндрэлтэй учирдаг. Санхүүжилтэнд нь төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.Үйлдвэрчний эвлэлээ өөрсдөө байгуулах хэрэгтэй. Манай Үйлдвэрчний эвлэлийн тухай хууль маш сайн хууль.Ёс зүйн зөвлөл, Үйлдвэрчний эвлэл хоёр байгуулагдсанаар Монголын Сэтгүүлчдийн эвлэл хэмээх төрийн бус байгууллаг цэвэр салбарын мэргэжлийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй л үлдэх юм. Энэ эрх ашиг бол хөрөнгө оруулж байгаа хэсэг , үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслийн, хувь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой.

Сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн байх нь сэтгүүлчдэд ямар ашигтай юм бэ?

Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн өөрийн зохицуулалт байхгүй байхад бид маш олон сэтгүүлчийг эвлэрүүлэн зуучилж шүүхэд очихоос, өр төлбөрт орохоос хамгаалж чадсан. Энэ үүрэг ёс зүйн хороонд очиж байна. Нөгөө зүйл нь олон сэтгүүлч дарамтлуулсан, зодуулсан, халдлага ,заналхийлэлд өртсөн. Намайг 2012 онд ажлаа авахад сэтгүүлчдийг дурын хамгаалалтын албаныхан бариад зодчихдог, ийш тийш нэвтрүүлдэггүй орчин угтсан. Тэр жил сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол 13 бүртгэгдэж тэр бүрийн араас бид явсан. Тэгэхэд 2013 онд ийм зөрчил эрс багассан. Ард нь хэвлэл мэдээллийн салбарын эрх ашгийг хамгаалдаг байгууллага байдаг гэдгийг олон нийт ойлгосон. Жишээ нь : Ёс зүйн хороо, Үйлдвэрчний эвлэлд сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг шийдэх эрх байхгүй.Үүнийг эвлэл л хийнэ.Явж явж тухайн хэвлэлийн байгууллага сэтгүүлчээ хамгаалж дийлэхгүй болсон цаг шүү дээ.

Эх сурвалж: itoim.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.